Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг, улсын яллагч Ц.Уртнасан, шүүгдэгч С.Хишигсүрэн, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/, хохирогч Ц.Тунгалагсүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Энх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын 1дүгээр гудамж 2 тоотод оршин суудаг,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжаар албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар сольсон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1079 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 27 хоногийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан /РД:ЧВ74033172/ Боржигон овогт Сүрэнхүүгийн Хишигсүрэнд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625020164 дугаар 185/2016/0087/Э  индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Хишигсүрэн ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зуслангийн задгайд оршин суух хохирогч Ц.Тунгалагсүрэнгийн орон байранд нэвтэрч 480.000 төгрөгийн үнэтэй 42 инчийн Самсунг зурагт, 2х3 хэмжээтэй нийт 720.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хивс, 270.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг үхрийн гуя, 1 ширхэг үхрийн өвчүү буюу 90 кг хөлдүү мах, 45000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг Хархорин хивс зэрэг эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хишигсүрэнгийн: Би 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Шаргаморьтын зусланд дэлгүүр ороод харих гэж явж байхад цасан шуургатай хүйтэн байхаар нь байшингийн нөмөрт хоргодоод зогсож байсан. Би жаахан халамцуу байсан. Тухайн байшингийн цонхны төмөр хаалтыг авсан байхаар нь цонхыг нь түлхэж ороод 42 инчийн Эл Си Ди /LCD/ зурагтыг авсан. Сүүлд Батсүх гэдэг хүнийг гуйгаад авч яваад Сайнбилэг гэдэг залуугийн бичиг баримтаар ломбарданд зурагтыг тавьсан. Авсан мөнгөө хоол ундандаа хэрэглэсэн. Би тэр айлаас өөр зүйл аваагүй. Үхрийн гуя, хивс зэргийг авсан гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би энэ талаар байцаагчдаа хэлж байсан  гэж мэдүүлсэн мэдүүлэг,    

 

Талуудын хүсэлтээр,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тунгалагсүрэнгийн: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны үед Булган аймгаас бид идшээ бэлтгээд үхрийн махаа хүнсний скочоор боогоод хүргэндээ өгч лагерь руугаа явуулсан. Хүүхдүүд маань Шаргаморьтын зусланд очиж тэр махыг хөлдөөгчинд хийгээд буцаад ирсэн. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бид лагерь руугаа очиход байшингийн баруун жижиг цонхны маань хамгаалалтыг баруун хэсгээр хөшиж эвдээд, цонх онгойлгож орсон байхаар нь бид цагдаа дуудаж тэр даруй бүртгүүлсэн. Цонхны төмөр хаалтыг маань бүр авч хаяагүй байсан. Цагдаа ирээд үзлэг хийхэд манай 3 хивс, үхрийн мах, зурагт зэрэг алга болсон байсан. Манай хөлдөөгчийг мах хулгайлж байхдаа эвдсэн байсан боловч тэр талаар хавтаст хэрэгт авагдаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Энх-Оргилын: Би “Ээлт Мишээл” гэдэг ломбард ажиллуулдаг. Тухайн өдөр Сайнбилэг манай ломбарданд гурвуулаа орж ирээд “манай зурагт байгаа юм, барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би зурагтыг шалгаж үзээд авсан. Урьд нь Сайнбилэг нь өөрийнхөө зурагтыг манайд тавьчихаад буцааж авдаг байсан. Энэ хүний тавьсан зурагт нь “Самсунг” маркийн 40-42 инчийн зурагт байсан бөгөөд би 200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Хэд хоногийн дараа цагдаа нар шалгалт хийгээд уг зурагтыг аваад явсан. Би одоо зурагтны үнэ болох 200.000 төгрөгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Хавтаст хэргээс,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Сайнбилэгийн: ...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...миний 99707240 гэсэн утас руу Батсүх гэх миний таньдаг хүн залгаад би хороолол ороод нэг зурагт аваад 7-н буудал хүргээд өгөөч гэсэн бензин хийж өгье гэсэн. Тэгэхээр нь би Батсүхийн гэр болох шарга морьт орж Батсүх, Хишигээ гэдэг хоёр хүнийг аваад буцаад хороолол ороод “Мангут” гэдэг эмнэлгийн хажуугийн байрнаас Батсүх намайг дагуулж ороод гадаа байж бай гээд нөгөө айл руу ороод 20-30 минутын дараа хогны хар уут угласан нэг зурагт авч гарч ирээд надаар өргүүлээд гадаа машинд авчирч хийсэн. Тэгээд 7-н буудал орох замд 6-н буудлын хажууд байдаг ломбардны хажууд зогсчих гээд тэнд зогстол ах нь бичиг баримтаа мартсан байна чи өөрийн бичиг баримтаар тавьчих гэсэн. Би юм бодолгүй нөгөө зурагтыг нь тавиад 200.000 төгрөг өөрт нь авч өгсөн. Уг мөнгөнөөс Батсүх надад 20.000 төгрөг өгөөд надад бас тамхи ав гэж хэлээд 10.000 төгрөг өгсөн... Зурагтыг ломбарданд тавихдаа манай эхнэрийн эгч Дашмаа цуг орж тавьсан. ...Би Хишигсүрэнг танина. Манай хажуу талд эгчийнх нь зусланд гардаг байсан юм. Одоо орон гэр байхгүй нэг хэсэг алга болсон байсан тэгтэл шоронд ороод өршөөлөөр гарч ирсэн гэж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Дашмаагийн: ...2015 оны 12 сарын 28-ны өдөр ... Зурагтыг ломбарданд манай хүргэн Сайнбилэг барьцаанд тавьсан. Би араас нь нойл хайж орсон тэгээд намайг гарч ирэхэд манай дүү барьцаанд тавьж байгаа харагдсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэбилэгийн: ...Д.Батсүх нь манай аавын талын хамаатан. 2015 оны 12 сарын 25-ны өдөр манай гэрт нэг зурагт аваачиж тавьсан. Тухайн үед Хишигсүрэн гэдэг залуутай хамт явсан. Манайх 32 инчийн зурагттай. Тэгэхэд тэр авчирсан зураг нь 32 инчээс том байсан. Самсунг гэсэн үгний эхний үсэг болох S үсэг унасан байсан санагдаж байна. Удирдлагын хамт байсан. Тухайн үед энэ зурагтыг авах хүн байвал асууж байгаарай гэж хэлсэн. Намайг байхгүй эхнэр байхад зурагтыг аваад явсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-85-86/,

 

Мөрдөн байцаалтад С.Хишигсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар: ...2015 оны 12 сарын 25-ны өдөр би шарга морьтын нэг дүгээр буудлын “Хүслэн”, “Намуун” гэх хоёр дэлгүүрийн хооронд архи ууж байсан. Тэгээд согтоод нэг сэртэл зурагт тэвэрсэн шарга морьтын хоёр дугаар буудлын худгийн хажуу талд явж байсан. Тэгээд уг зурагтаа ломбарданд тавиад 200.000 төгрөг аваад тэр мөнгөөрөө хоол ундны юм аваад архи уусан. Би тухайн айлаас зөвхөн зурагт авсан. ...Маргааш өглөө нь зурагтаа хөлсний машинаар яваад 6-р буудалд байдаг “Үсчин халуун ус” гэсэн ломбарданд 200000 төгрөгөөр тавьсан... Би зурагт авснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад зүйл авснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн айлд цонхоор нь орсон байх гэж бодож байна. ...Намайг зурагт авсны дараа буюу өмнө нь хүн орсон байж магадгүй гэж би бодож байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-43-46/,

 

Мөрдөн байцаалтад Д.Батсүхийн сэжигтэн, яллагдагчаар: …2016 оны 12-р сарын 25-ны өдөр манай гэрт 23 цагийн үед Хишигсүрэн согтуу нэг зурагт тэвэрсэн орж ирээд манай эгч надад өгсөн юм та энийг зараад өгөөч гэсэн.  …Надад бичиг баримт байхгүй, мөн Хишигсүрэнд бичиг баримт байхгүй болохоор хүнээр ломбарданд тавиулсан юм. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Зарж борлуулсан нь үнэн. Хишигсүрэн зурагтыг манайд авчрахад би гэртээ ганцаараа байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-48-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №492 тоот:

 

  1. Шинжилгээнд хэргийн газрын үзлэгээр шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Отгонбаяр илрүүлж, бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэх 4 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсуудтай тохирохгүй. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оюунболд /хх-35/, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №03/275 тоот:

  1. Сүрэнхүү овогтой Хишигсүрэнгийн гарын дардас нь гарын хээний нэгдсэн Папилон санд 2704157, MN0000ӨРШ02083, MN005210007223, MN0000СБД01415 гэсэн дугаараар тус тус 4 удаа бүртгэгдсэн байна.
  2. Сүрэнхүү овогтой Хишигсүрэнгийн гарын дардас нь санд “2016-3024-СБД” гэсэн дугаараар кодлон оруулсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Түмэннаст гэсэн дүгнэлт /хх-125/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-23/, эд зүйлийн үнэлгээ /хх-39/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-109/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 1 сарын 14-ний өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-64/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-65-66/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-67/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-69/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1079 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-70-72/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-73/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар /хх-158/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтыг шинжлэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Хишигсүрэнг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зуслангийн задгайд оршин суух хохирогч Ц.Тунгалагсүрэнгийн орон байранд нэвтэрч 480.000 төгрөгийн үнэтэй 42 инчийн “Самсунг”зурагт, 2х3 хэмжээтэй нийт 720.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хивс, 270.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг үхрийн гуя, 1 ширхэг үхрийн өвчүү буюу 90 кг хөлдүү мах, 45000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг Хархорин хивс зэрэг эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн: 1.Шинжилгээнд хэргийн газрын үзлэгээр шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Отгонбаяр илрүүлж, бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэх 4 ширхэг гар мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсуудтай тохирохгүй. Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оюунболд гэсэн 492 тоот дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 17 ны өдрийн: 1.Сүрэнхүү овогтой Хишигсүрэнгийн гарын дардас нь гарын хээний нэгдсэн Папилон санд 2704157, МN0000ӨРШ02083, МN005210007223, МN0000СБД01415 гэсэн дугаараар тус тус 4 удаа бүртгэгдсэн байна. 2.Сүрэнхүү овогтой Хишигсүрэнгийн гарын дардас нь санд “2016-3024-СБД”гэсэн дугаараар кодлон оруулсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Дүгнэлт гаргасан Шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Түмэннаст 03/275 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч С.Хишигсүрэн нь хохирогч Ц.Тунгалагсүрэнгийн орон байранд тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж нэвтрэн 2х3 хэмжээтэй нийт 720000 төгрөгний үнэтэй 3 ширхэг хивс, 270000 төгрөгний үнэтэй 2 ширхэг үхрийн гуя, 1 ширхэг үхрийн өвчүү буюу 90 кг хөлдүү мах, 45000 төгрөгний үнэтэй 3 ширхэг Хархорин хивс хулгайлсан гэх үйлдлүүд эргэлзээтэй тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч С.Хишигсүрэн 2015 оны 12 сарын 26-ны өдөр хохирогч Ц.Тунгалагсүрэнгийн орон байрны цонхоор нэвтэрч “Самсунг” маркийн 480000 төгрөгний үнэ бүхий 42 инчийн зурагтыг хулгайлан авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Энх-Оргилын: Би “Ээлт Мишээл” гэдэг ломбард ажиллуулдаг. Тухайн өдөр Сайнбилэг манай ломбарданд гурвуулаа орж ирээд “манай зурагт байгаа юм, барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би зурагтыг шалгаж үзээд авсан. …“Самсунг” маркийн 40-42 инчийн зурагт байсан бөгөөд би 200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Хэд хоногийн дараа цагдаа нар шалгалт хийгээд уг зурагтыг аваад явсан. Би одоо зурагтны үнэ болох 200.000 төгрөгөө нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.Сайнбилэгийн: ...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...Батсүх, Хишигээ гэдэг хоёр хүнийг аваад буцаад хороолол ороод “Мангут” гэдэг эмнэлгийн хажуугийн байрнаас Батсүх намайг дагуулж ороод гадаа байж бай гээд нөгөө айл руу ороод 20-30 минутын дараа хогны хар уут угласан нэг зурагт авч гарч ирээд надаар өргүүлээд гадаа машинд авчирч хийсэн. Тэгээд 7-н буудал орох замд 6-н буудлын хажууд байдаг ломбардны хажууд зогсчих гээд тэнд зогстол ах нь бичиг баримтаа мартсан байна чи өөрийн бичиг баримтаар тавьчих гэсэн. Би юм бодолгүй нөгөө зурагтыг нь тавиад 200.000 төгрөг өөрт нь авч өгсөн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Д.Эрдэнэбилэгийн: ...Д.Батсүх ...2015 оны 12 сарын 25-ны өдөр манай гэрт нэг зурагт аваачиж тавьсан. Тухайн үед Хишигсүрэн гэдэг залуутай хамт явсан. Манайх 32 инчийн зурагттай. Тэгэхэд тэр авчирсан зураг нь 32 инчээс том байсан. Самсунг гэсэн үгний эхний үсэг болох S үсэг унасан байсан санагдаж байна. Удирдлагын хамт байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-85-86/, яллагдагч Д.Батсүхийн: 2016 оны 12-р сарын 25-ны өдөр манай гэрт 23 цагийн үед Хишигсүрэн согтуу нэг зурагт тэвэрсэн орж ирээд манай эгч надад өгсөн юм та энийг зараад өгөөч гэсэн. ...Надад бичиг баримт байхгүй, мөн Хишигсүрэнд бичиг баримт байхгүй болохоор хүнээр ломбарданд тавиулсан юм. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Зарж борлуулсан нь үнэн. Хишигсүрэн зурагтыг манайд авчрахад би гэртээ ганцаараа байсан... гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байна гэж шүүх дүгнэв.                                         

 

Шүүгдэгч С.Хишигсүрэн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1079 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 27 хоногийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтайд тооцох хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоолуудын хуулбараар /хх-64, 65-66, 67, 68-69, 70-72/ нотлогдов.

Иймд шүүгдэгч С.Хишигсүрэнг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын 480000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Хишигсүрэнгийн гэм буруутай үйлдлээс хохирогч Ц.Тунгалагсүрэнгийн эд хөрөнгөд учирсан 480.000 төгрөгний хохирол арилсан нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн, авсан тухай тэмдэглэлээр /хх-20-21/ нотлогдов. Иргэний нэхэмжлэгч Б.Энх-Оргилд учирсан 200.000 төгрөгний хохирол төлөгдөөгүйг шүүгдэгч С.Хишигсүрэнгээс гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Хишигсүрэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч урьд хорих ял эдэлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар оногдуулах ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэл болж байна. Шүүгдэгч С.Хишигсүрэн эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. Хохирогч Ц.Тунгалагсүрэн хулгайлагдсан эд хөрөнгийнхөө талаар цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүрэнхүүгийн Хишигсүрэнд холбогдох эрүүгийн 201625020164 дүгээр хэргээс тусгайлан бэлтгэсэн багаж,хэрэгсэл хэрэглэсэн болон 2х3 хивс 3 ширхэг, 270.000 төгрөгийн үнэ бүхий үхрийн мах, 450.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хархорин хивс хулгайлсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Сүрэнхүүгийн Хишигсүрэнг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Сүрэнхүүгийн Хишигсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар С.Хишигсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар С.Хишигсүрэнгийн 2016 оны 8 сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Хишигсүрэнгээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 25 дугаар гудамжны 1б тоотод оршин суух /РД:ЧД83120971/ Баттөмөрийн Энх-Оргилд олгосугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  С.Хишигсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,  өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Хишигсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ