Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2017/01730/И |
Дугаар | 183/ШШ2017/01912 |
Огноо | 2017-09-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/01912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.У-ын нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 43 689 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Х дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, иргэдийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.У би 2013 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаанд нийт 107 хоног цагдан хоригдсон бөгөөд тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Г.У надад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т “...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаар магадлалаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 4 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч Г.У надад холбогдох заалт хэвээр үлдсэн. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот тогтоолоор шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Г.У надад холбогдох хэргийг цагаатгасан. Уг тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Ийнхүү би өөрийн үйлдээгүй хэргийн төлөө хууль бусаар цагдан хоригдож, хилс хэрэгт хэлмэгдэж, миний амьдрал эрүүл мэндэд, гэр бүлд маань хүнд хор уршиг учруулсан төрийн тангараг өргөсөн шүүгч нарт туйлын гомдолтой байна. Тухайн үед би “Доктор” авто засварын газарт механикч хийдэг, сарын 850 000 төгрөгийн цалин авдаг байсан. Цагдаагаас дуудсан цагт ирж байхыг даалгасан тул би ажил хийж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай байж, хэзээ дуудах бол хэмээн айдаг байсан бөгөөд ажлын газрын хүмүүст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэгдэхгүйн тулд ажлаасаа чөлөө авсан. Би одоо ажиллаж байх үеийн сарын цалингаа нэхэмжилмээр байна. Энэ талаар байгууллагаас баримт гаргуулж авах боломжгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож гаргуулах хүсэлтэй байна. Иймд намайг хууль бусаар цагдан хоригдсон 107 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож /107x192.000/ 20.544.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг амжиргааны доод түвшингийн хэмжээгээр бодож, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааг 149 900 төгрөгөөр тооцож /149900*6/ 899 400 төгрөг, 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 2 дугаар сарыг хүртэл 169 000 төгрөгөөр тооцож /169000*10/ 1 690 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал 185 400 төгрөгөөр тооцож /185 400*3/ 556 200 төгрөг буюу 3 145 600 төгрөг нийт 43 689 600 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Х дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.У гэдэг хүн шүүгдэгч н.Л*******, н.З*******, н.М*******, н.А******* нартай бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр С******* дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Т*******ын биед халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулж, эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт холбогдож шалгагдсан. Энэ хэрэгт иргэн Ө.Т*******ын гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгалтын явцад Г.Уыг холбогдуулан шалгах үндэслэл байсан гэх үндэслэлээр төрийн байгууллагад гомдол гаргасан. Энэ гомдлыг төрийн байгууллага хүлээж аваад шалгах ёстой. Гомдолд болоод хохирогчийн мэдүүлэгт 3-4 хүн нийлээд тал талаас зодсон. Хэн нь зодож байгааг мэдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг болох үед шүүгдэгч н.Л*******, н.З*******, н.М*******, н.А*******, Г.У нар байсан нь тогтоогдсон учраас хохирогчийн мэдүүлгийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Мөрдөн байцаалтын явцад тухайн хэргийн дагуу мэдүүлэг авахад “тийм” гэсэн мэдүүлэг өгч байсан. Тийм учраас Г.У-ыг холбогдуулан шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Г.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт холбогдуулан шалгасан боловч Г.У энэ хэрэгт холбогдсон болох нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр анхан шатны дүүргийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг Улсын Дээд Шүүх үндэслэл бүхий байна гэсэн шийдвэр гаргасан. Г.У нь энэ хэрэгт холбогдолгүй байхад холбогдуулан шалгаж ажилгүй болгож, хохироосон учир хохирол төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнд төрийг төлөөлж орж байгаа хүний хувьд санал нийлэхгүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэр бүхий шүүгдэгч нар, өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн. Гэтэл шүүгдэгч н.М*******, н.З*******, Г.У н.С******* нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул энэ өдрөөс хойш таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэр гарсан. Түүнээс биш энэ хэрэгт холбогдуулж шалгаад хэрэгсэхгүй болсон үндэслэлээр Г.Уыг цагдан хорьсон үндэслэл байхгүй. Ийм учраас Г.У намайг хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгаж ажилгүй болгож энэ үеийн олох байсан ашиг орлогыг алдагдуулсан учраас төрөөс нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад 43 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 43 000 000 төгрөг нь ийм ийм нотлох баримтуудаар, ингэж нотлогдоод ийм дүн болж байгаа гэж задалж нотолж ирүүлсэн нотлох баримт байхгүй. Иймд Г.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдан хоригдсон хоногийн тухайд шийтгэх тогтоолд 85 хоног гэж бичсэн боловч 107 хоног хоригдсон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлтэй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах хугацааны эдийн болон эдийн бус сэтгэл санааны хохиролд нийт 43 689 600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Г.У нь Х дүүргийн , , тоотод оршин суух бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 004 тоот шийтгэх тогтоолоор Г.Ут холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 тоот магадлалаар дээрх тогтоолын Г.У нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот тогтоолоор Г.У-т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйл, 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсэгт заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохиролоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т зааснаар түүнд учирсан хохиролыг төр хариуцан арилгахаар байна.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 004 тоот шийтгэх тогтоолд Г.У-ын цагдан хоригдон хоногийг 85 хоног гэж бичсэн боловч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэгч нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 551 тоот тогтоолоор мөн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 107 хоног хоригдсон болох нь “Шүүх хуралдаан хойшлуулж, таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчлөх тухай” Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шаьнхы 2 дугаар шүүхийн тогтоол, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Х дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О “...2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэр бүхий шүүгдэгч нар, өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн. Гэтэл нэр бүхий шүүгдэгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул энэ өдрөөс хойш таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэр гарсан. Түүнээс биш энэ хэрэгт холбогдуулж шалгаад хэрэгсэхгүй болсон үндэслэлээр Г.Уыг цагдан хорьсон үндэслэл байхгүй” гэж тайлбарласан боловч Г.У нь хууль бусаар яллагдагчаар татагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан ... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохиролыг ... төр хариуцан арилгана” гэж заасны дагуу Г.У-ын цагдан хоригдсон 107 хоногийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож /107х192000/ 20 544 000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.У нь сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож 3 145 600 төгрөг гаргуулахаар шаардсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна эрүүгийн хэргийг шалгах хугацаанд нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 20 544 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 145 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,1******* зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын нөөц сангаас 20 544 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 145 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.УРАНГУА