Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 20А

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,

           улсын яллагч Н.Булганчимэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ҮД:0-058/,

шүүгдэгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Д.Очирваань /ҮД:2-009/,

иргэний хариуцагч Д.Түмэннаст нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Шарнууд овогт Батдоржийн Баяржаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000157 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 17-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 701 дүгээр байрны 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Батдоржийн Баяржаргал /РД:ЛЮ88031779/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Баяржаргал нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 06 цаг 50 минутын орчим Тоёота Виста маркийн 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна,...” 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Базаррагчааг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Баяржаргал нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингисийн өргөн чөлөө Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 06 цаг 50 минутын орчим Тоёота Виста маркийн 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг баруунаас зүүн тийш чиглэлтэй 60 км/цагийн хурдтай жолоодон явахдаа гарцаар нэвтрэхийг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Базаррагчааг мөргөж биед нь ууцны 1-р нугалам, баруун, зүүн суудал ясны дээд, доод салааны хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, тархины хүнд зэргийн няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

          1. Шүүгдэгч Б.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “хоёр тал өчигдөр хоорондоо уулзаад хохирол төлөх гэрээ хийж нотариатаар батлуулсан. Танай нөхрийг машинаараа мөргөж гэмтээсэндээ гэмшиж байна, 2 сар гаруй хоригдохдоо суухдаа маш их зүйл ойлголоо гэж хэлсэн. Баяржаргал нь ажил төрөл хийгээд миний нөхрийн эмчилгээний зардлыг төлөлцөөд явж байвал хэрэгтээ юм болов уу гэж бодоод хохирол төлөх гэрээ хийсэн. Нөхрийгөө гадаа гаргаж салхилуулахад эрэгтэй хүний туслалцаа хэрэгтэй байдаг. Баяржаргал ажлынхаа зав чөлөөгөөр ирээд тусалж, дэмжиж байна гэж хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь бодоод үзэхээр энэ нь дээр юм байна гэж бодоод ийм шийдвэр гаргасан. Ийм учраас Баяржаргалд хөнгөн ял шийтгэл оногдуулж уг ялыг тэнсэн хянан харгалзаж өгөхийг шүүхээс хүсч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Иргэний хариуцагч Д.Түмэннастын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Манай хүү өөрөө ажил төрөл хийж байж цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Би бие муутай хүн болохоор ажлаа хийж чадахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Замын нөхцөл асфальт шулуун тэгш, хуурай зохицуулагддаг явган хүний гарцтай /үзлэг хийхэд явган хүний гарцны гэрэл дохио ажиллаж байсан/ суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй гэрэлтүүлэгтэй эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ явган хүний замтай хашлагатай хайсгүй 10,70 м өргөнтэй тусгаарлах зурвасны өргөн 7,80 м байв...” /1хх-ийн 4-8/

          5. CD-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 29/

          6. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 30/

          7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би нөхөр Базаррагчаатайгаа суугаад 23 жилийн нүүрийг үзэж байна. Миний нөхөр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд гэрээсээ гараад аавынхаа гэрлүү явах гээд гарсан тэгээд зам тээврийн осолд орж өнөөдрийг хүртэл тархины гэмтлээсээ болоод ухаангүй тархины үхжилт гэсэн оноштойгоор хэвтсээр байна. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах, мөн би эмнэлэгт хэвтсэнээс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй сахисаар байна. Гэхдээ гол нь миний зүгээс эхний ээлжинд хүнээ босгож авах, эмчилгээг нь зогсоохгүйгээр хийлгэх хэрэгтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35, 36/

          8. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2856/-ын дүгнэлт:

                        -П.Базаррагчаа-н биед ууцны 1-р нугалам, баруун, зүүн суудал ясны дээд, доод салааны хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 59/

          9. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №456 тоот шинжээчийн дүгнэлт:

                        -П.Базаррагчаа-н биед тархины хүнд зэргийн няцрал, аксоны тархмал гэмтэц, аалзан бүрхүүл доорх цус харвалт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 63-64/

          10. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт: “...Уг автомашины тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолтын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны аппарат, тоормосны систем хэвийн ажиллагаатай байна. Харин хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү 33,33% байсан нь стандартад /хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү 30%-аас бага байна/ заагдсанаас бага зэрэг их байна...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 26,5 мм байгаа нь стандартад заагдсан /+-0-5мм/ хэмжээнээс их буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байна. Зүүн гар талын холын гэрлийн тусгалын эрчим 0сс1, баруун гар талын холын гэрлийн тусгалын эрчим 7600сс1 буюу гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь стандартад заагдсан хэмжээнээс /10000-225000сс/ бага байна. Уг автомашин гэрэл дохионы хувьд баруун гар талын ойрын гэрлийн чийдэн, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй байсан. Дуут дохио хэвийн ажиллагаатай, урд салхины шил зүүн гар талдаа үйрч цацарсан. Зүүн гар талын урд болон хойд, баруун гар талын хойд дугуйнуудын хээний гүн, хийн даралтын хэмжээ хэвийн, дугуйнуудын хэмжээс ижил байлаа...Зүүн гар талын их гэрлийн шил ослын үед хагарсан тул тусгалын тохиргоо нь ослын үед өөрчлөгдсөн байж болно. Баруун гар талын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь ослын үед мөргөлтөөс үүссэн эсвэл ослын өмнө үүссэн гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Баруун гар талын ойрын гэрлийн чийдэн, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн асахгүй байсан нь хэрвээ тухайн осол өдрийн цагт болсон бол нөлөөлөхгүй байж болно...” /1хх-ийн 142-149/

          11. Техникийн шинжээчийн №224 тоот дүгнэлт:

                        -Хавтаст хэргийн материал болон хяналтын камерын бичлэг зэргүүдтэй танилцахад 36-36 УНИ улсын дугаартай Тоёота Виста маркийн автомашины жолооч Б.Баяржаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна. Үүнд: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Мөн дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Явган зорчигч П.Базаррагчаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

                        -Зорчих хэсэгт 36-36 УНИ улсын дугаартай Т.Виста маркийн автомашины тоормосны мөргүй, автомашин зорчих хэсгээс гарч дугуйн даралтын мөр үүссэн байх тул дугуйн даралтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. /1хх-ийн 156-157/

          12. Яллагдагч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутын орчим өөрийнхөө эзэмшлийн 36-36 УНИ улсын дугаартай Тоёота Виста маркийн автомашиныг жолоодон гэрээсээ гараад ажил руугаа явах гээд Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 60 км/цагийн хурдтай явж байтал Хүннү Молл их дэлгүүрийн урд талын явган хүний зохицуулдаг гэрлэн дохио машин явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асчихсан байна гэж харсан тэгээд ч тухайн замын хөдөлгөөн сийрэг, ойр хавьд явган хүн харагдаагүй болохоор нь хурдаа сааруулж амжилгүй, явган хүний гарцаар нэвтэртэл гэнэт миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь баруун гар талруугаа огцом дарсан боловч амжилгүй нөгөө хүнийг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөж харин машин замаас гарч баруун гар талын жалга руу яваад орчихсон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр явж очоод шууд 103 эхлээд дуудсан дараа 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед нөгөө машинд мөргүүлсэн хүн маань ухаантай байсан надтай ойр зуурын юм яриад байхаар нь та битгий хөдлөөрэй гэсэн чинь босох гээд зүтгээд байсан тэгэхээр нь би куртикээ тайлж өгөөд нөгөө хүнд нөмрүүлээд өөрөө босох гээд байхаар нь хамт босголцоод машинруу оруулсан...Харин машины баруун гар талын ойрын гэрэл осол хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө асаж унтраад байх шиг байсан. Тэгээд үзүүлье гэж бодож байтал уг зам тээврийн осол хэрэг гарчихсан. Тухайн осол хэрэг болсон өглөө миний машины баруун талын ойрын гэрэл асахгүй хөндийрөөд байхаар нь холын гэрэл дээрээ тавиад явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 177-179/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Баяржаргал нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1хх-ийн 191/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2856/-ын дүгнэлт, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №456 тоот шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн №224 тоот дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Баяржаргалын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баяржаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Б.Баяржаргалын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа болгоомжгүйгээр үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар 11.106.899 төгрөг /2016.06.30-ны өдрийн байдлаар/ 3.650.000 төгрөг /2016.09.19-ний өдөр/ нийт 14.756.899 /арван дөрвөн сая долоон зуун тавин зургаан мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, шүүгдэгч Б.Баяржаргалд  хөнгөн ял шийтгэл оногдуулж, уг ялыг тэнсэж өгнө үү гэж мэдүүлсэн, түүний хувийн байдал /хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх боломжтой, 28 настай/ зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагаврыг харгалзан, шүүгдэгч Б.Баяржаргалын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Шүүгдэгч Б.Баяржаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, түүний энэ хэрэгтээ цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн АВ ангиллын 515380 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шарнууд овогт Батдоржийн Баяржаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Шарнууд овогт Батдоржийн Баяржаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалын эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяржаргалын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Б.Баяржаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн АВ ангиллын 515380 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баяржаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баяржаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР