| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 217/2018/0071/э |
| Дугаар | 0087 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 0087
Б.Дэлгэрдалайд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Т.Г Шүүгдэгч Б.Д Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э Хохирогч Г.Б Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 510 дугаар захирамжтай Б.Д-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1955 оны 03 дугаар сарын 21-нд Булган аймаг Баян-Агт суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овгийн Б.Д.
Яллагдагч Б.Д нь Г.Б-г хуурч мэхлэн 2017 оны 12 дугаар сард бусдын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-9-58 тоот орон сууцыг 45.000.000 төгрөгөөр зарна гэж 25.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 510 дугаар захирамжаар: Б.Дэлгэрдалайд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Б.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2.д заасныг зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг 2018 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн аваад 2018 оны 08 сарын 27-ны өдөр гэрч Б-г гэрчээр дахин байцаасан боловч Б нь Эрүүгийн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5.д заасан эрхээ эдэлж нөхөр Б.Д-ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Гэтэл анхан шатны шүүх оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж Б-ыг дахин гэрчээр асуу гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.д заасан “гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь ноцтой зөрчиж байна. Яллагдагч Б.Д-ын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш Согоот багийн 6-9-58 тоот 4 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэсэн, мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд зарагдаж буй 4 өрөө байрнуудын судалгааг харьцуулан гаргасан шинжээчийн дүгнэлт хэрэгт хавсаргагдсан байтал шүүх анхаарч үзэлгүй дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 510 дугаар захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичлээ.., Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн захирамж хуулийн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүх яллагдагч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн ...Орхон аймагт 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар Согоот багт байрлалтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг судлан тогтоох., 6-9-58 тоотод байрлалтай орон сууцны бодит үнийг тогтоох., гэрч Б-ыг дахин асууж дээрхи орон сууцны өмчлөл, худалдахтай холбоотой зүйлүүдийн талаар асууж тодруулах., яллагдагч хохирогчийг эргэлзээгүй тогтоож мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах, хэргийн талаар тогтоовол зохих байдлууд бүрэн тогтоох шаардлагатай... гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл : ... Захирамжинд заасан ажиллагааг мөрдөн байцаалтын явцад хийж гүйцэтгэсэн байх бөгөөд өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг 2018 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч 2018 оны 08 сарын 27-ны өдөр гэрч Б-ыг гэрчээр дахин байцаасан боловч Б нь Эрүүгийн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5.д заасан эрхээ эдэлж нөхөр Б.Д-ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан., мөн яллагдагч Б.Д-ын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш Согоот багийн 6-9-58 тоот 4 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэсэн., мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд зарагдаж буй 4 өрөө байрнуудын судалгааг харьцуулан гаргасан тухай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ. Үүнээс гадна Орхон аймгийн Прокурорын газраас Б.Д-г ...2017 оны 12 дугаар сард бусдын өмчлөлийн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-9-58 тоот орон сууцыг 45,0 сая төгрөгөөр зарна гэсэн “арга” хэрэглэж, бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Г.Б-ыг хуурч мэхлэн түүний “25,0 сая төгрөгийг залилан авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.., өөрөөр хэлбэл яллагдагч Б.Д хохирогч Г.Б нарын хооронд байр, орон сууцны асуудал.., тухайлбал дээрх орон сууцны үнэ хэд болох, тухайн үед хэдэн төгрөгөөр зарагдаж байсан., эсхүл худалдсан байрны мөнгийг өгөх, авах талаар маргаж байгаа эсхүл худалдсан байраа суллаж, шилжүүлж өгөөгүй тухай маргаан огт үүсээгүй бөгөөд яллагдагч нь байр зарна гэж бусдыг хууран мэхэлж, хохирогч Г.Э-ын 25.0 сая төгрөгийг / хөрөнгийг/ залилан авсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг шүүх анхаараагүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэлэлцэж, яллагдагч Б.Д-г шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5. дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 510 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Д-д холбогдох, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 2. Хэрэг анхан шатны шүүхэд очитол Б .Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА Ц.ТУЯА