Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

0215 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0314

 


 

Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн

анхан шатны 1*** дүгээр шүүхийн Тамгын газрын

төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний

албан хаагчдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны болонтөрийн үйлчилгээний албан хаагчдын нэхэмжлэлтэй, Үндэсний Аудитын Газрын харьяа С аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн 2014 оны санхүүгийн тайланд аудит хийж, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дахь заалтыг зөрчиж урамшуулалт, цалинг 11789934 төгрөгөөр илүү бодож олгосон дутагдал гаргасан гэж акт тавьжээ. Иймд Аудитын газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СБР-2015/ОЗ/СГА-ТШЗ 1/1 тоот актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн захиргааны албан хаагчдад үр дүнгийн урамшууллыг олговол зохих дээд хязгаараас давуулан олгож, Төсвийн тухай хуулийн 41.2.3 төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах дах заалт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дах заалтыг зөрчсөн учир 11789934 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон.

 

Манай байгууллагын зүгээс үр дүнгийн гэрээг дүгнэх нь буруу гэж үзээгүй, харин Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын дагуу ажлаа дүгнэсэн боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актын дагуу тогтоосон хувь хэмжээнээс үр дүнгийн урамшууллыг илүү бодож олгосон юм. Энэ нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дах заалтыг зөрчиж, дээд хязгаар болох үндсэн цалингаас 4-н улирлын 160 хувиар олгох байсан урамшууллыг 239-370 хувийн интервалтайгаар олгосон. Тиймээс ямар ч төрийн байгууллага үр дүнгийн урамшуулал авахдаа энэ тогтоолыг үндэслэл болгож байгаа. Иймд үндсэн цалингийн 160 хувиас дээш хэмжээгээр бодсон зөрүүд акт тавьсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 1* дүгээр зүйлийн 19.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.11, 16.5.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Үндэсний Аудитын газрын харьяа С аймгийн Аудитын газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СБР 2015/03/СТА-ТШЗ 1/1 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс гарсан Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг шууд үгүйсгэн Төсвийн тухай хуулийн 40.3 дах заалтыг буруу ашигласан гэх үндэслэлээр актыг хүчингүй болгосон нь хууль бус шийдвэр болсон.

Хэдийгээр Төсвийн тухай хуулийн 40.3 дах заалтыг буруу ашигласан гэх нь саналын зөрүүтэй ойлголт болсон байна. Тухайлбал төсвийн байгууллага төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой Төсвийн тухай хуулийг зайлшгүй мөрдөх, уг хуулийн хэрэгжилтийг хангах нь бид бүхний үүрэг ба Төсвийн захирагч дээд шатны төсөв захирагчтайгаа хэдий хугацаанд гэрээгээ дүгнүүлэх нь доод шатны албан хаагчдын хувьд ч мөн ижил утга санааг агуулах бөгөөд Төсвийн тухай хуулийн 40.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 31.2-д Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно-гэх заалтууд хоорондоо зөрчилдөж байгааг авч үзэх нь зүйтэй юм.

Төрийн албаны тухай хуулийн 31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д заасны дагуу улирлын ажлын үр дүнгээр урамшуулал авсныг Төрийн аудитын байгууллага буруутгаагүй бөгөөд харин олгох ёстой хэмжээ хязгаар, норм нормативаас илүү бодож олгосныг нотлох баримтаар баталж, төлбөрийн акт тогтоосон.

Хөдөлмөрийн дотоод журам 8.1.4-д Бусдаас илүү өндөр бүтээмж, ур чадвар гарган ажилласанажилтанд урамшуулал олгоно гэж заасны дагуу өндөр бүтээмж, ур чадвар гаргасан албан хаагчид ямар хувь хэмжээгээр яаж урамшуулал олгох нь тодорхойгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу урамшил олгох хувь хэмжээ хязгаарыг баримтлан хөдөлмөрийн дотоод журамдаа зүйл заалтаар оруулж өгөх нь зөв бөгөөд хууль, тогтоомжоос дээгүүр дотоод журмын заалт барьж байгаа нь буруу шийдвэр гаргасныг харуулж байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3, Төрийн албаны тухай хуулийн 31.3 Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.3-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно гэх заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дахь заалтын дагуу тогтоосон хувь хэмжээг зөрчиж үр дүнгийн урамшуулалт цалинг илүү бодож олгосныг нягталж үзэлгүйгээр илт буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3-т заасан төрийн албан хаагчид олгох бүх төрлийн нэмэгдлийн хэмжээ нь Төрийн захиргааны болон тусгай албан хаагчийн хувьд албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин нэмэгдэл хөлсний тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож өгсөн гэж тайлбар хийсэн байна.

Үүнийг томьёолж үзвэл (үндсэн цалин+үндсэн цалин*нэмэгдэлүүд)>40 хувиас хэтрэхгүй. Энэ нь төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд хийгддэг хууль, эрх зүйн актаар тогтоогдсон нэмэгдлийн хувь хэмжээг хэлж байгаа болно. Ийнхүү шагнал, урамшуулал олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5-д үр дүнгийн гэрээг дүгнэж 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.

Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн байгааг мөн л буруу ашигласан гэж үзэж байна. Тухайлбал албан хаагчийг шагнаж урамшуулахдаа ямар үзүүлэлт, журмыг баримтлах вэ гэдгийг Төрийн албаны төв байгууллагын 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар нэг жишиг баримт боловсруулагдсан болно.

Харин Төрийн албаны 134 дүгээр тогтоол болон Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 9.1 заасны дагуу үнэлж дүгнэснийг буруутгаагүй ба Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор үр дүнгийн урамшуулал олгоход баримтлах тогтоосон хувь хэмжээг журамласан байхад дотоод журмандаа хууль зөрчсөн заалт оруулж, илүү олгосон урамшууллыг зөв олгосон гэсэн шийдвэр гарч байгаа нь дүн шинжилгээ хийгдээгүй, нотлох баримтаар дэмжигдээгүй хууль бус шийдвэр гарсан гэж дүгнэж байна.

Тус шүүхийн тамгын газрын даргын тушаал шийдвэр, олгосон урамшуулал нь өөрсдийн дотооддоо мөрдөж байгаа журам, шагнал урамшуулал олгох эрх зүйн актаа бүхэлд нь зөрчсөн шийдвэр гарсан болно. Харин Монгол улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 тоот тушаалаар батлагдсан Акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 2.1.1-д ажилтнуудад цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийг илүү олгосонд акт тавина гэж заасны дагуу хүчин төгөлдөр эрх зүйн актын дагуу тогтоосон гэдгийг тэмдэглэж байна.

Аудитын дүгнэлт гаргасан шинжээч Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох үр дүнгийн урамшууллыг 1-4 дүгээр улирлаар бодож илүү бодсон зөрүүд акт тогтоосон юм. Өөрөөр хэлбэл 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулалт цалинг төрийн үйлчилгээний албан хаагчид авах эрх үүсээгүй бөгөөд актын зөрүү улам нэмэгдэхээр байгааг харах боломжтой юм.

Мөн албан хаагчийн албан тушаалын сарын цалингаас бодсон дүнтэй харьцуулж үзэхэд 1 дүгээр улиралд 28-38 хувиар, 2 дугаар улиралд 36-60 хувиар, 3 дугаар улиралд 49-83 хувь, 4 дүгээр улиралд 149-200 хувийн интервалтайгаар олгосноос 3,4 дүгээр улиралд огцом өндөр хувиар бодож олгосон нь мөн дээрх дүгнэлтийг баталгаажуулж байгаа болно.

Шүүхийн Тамгын газрын даргын тушаал дээр онцгой ур чадвар, онцгой амжилт гаргасан гэсэн шийдвэр байхгүй ба 4 дүгээр улиралд үр дүнгийн урамшууллыг харьцангуй хэмжээгээр илүү бодож олгосон нь баримтаар нотлогдож, Төрийн аудитын байгууллага акт тогтоосон юм.

Шүүгч үр дүнгийн урамшуулалт цалинг Төрийн албаны тухай хуулийн 31.2-д заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь гаргасан шийдвэрээ үгүйсгэж, үүнийгээ буруу ойлгон хэрэглэсэн алдаа, дутагдал гаргасан байна. Уг акт нь Төрийн захиргааны албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд илүү авсан хөрөнгөө буцаан төсвийн орлого болгон төлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Төсвийн байгууллагуудад төсөв илүү, дутуу батлагдах нь байнга гардаг алдаатай зүйл бөгөөд Төсвийн тухай хуулийн 41.2.2 батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах-д заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд гаргасан зарлага гэж үзвэл андуу ташаа ойлголт болох ба төсвөөс үлдэх хөрөнгийг захиран зарцуулаад бай гэсэн үүрэг биш гэдгийг ойлгох нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргахдаа Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийг мөрдөж төсвөө зарцуулах нь Төсвийн шууд захирагчийн үүрэг болно. Иймд эдгээр хуулийн заалтыг буруу ойлгож, ашиглан, бодит тооцоолол, нотлох баримтад тулгуурлалгүй шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр болсон байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Үндэсний Аудитын газрын харьяа С аймгийн Аудитын газраас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СБР-2015/03/СГА-ТШЗ 1/1 тоот актаар Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн 1*** дүгээр шүүхийн 2014 оны санхүүгийн тайланд аудит хийж, ажилчдад үр дүнгийн урамшуулалт цалинг илүү бодож олгосон нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,3, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр11789934 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг шүүхийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.

Сум дундын 1* дүгээр шүүх, Захиргааны хэргийн 1*** дүгээр шүүхийн тамгын газрын ажилтнуудаас ...шүүхийн тамгын газрын даргаас Аудитын актаар тогтоосон төлбөрийг 2015 оны 11 дүгээр сард багтааж, заавал төлөх шаардлагатай, ...хүн тус бүрээр гаргуулах мөнгөний хэмжээг зааж ирүүлсэн, сарууддаа хувааж төлж болно гэсэн тул бидний эрх ашиг зөрчигдөж байна, Аудитын газрын акт нь Засгийн 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 3-т заасан ... сарын цалинг бүх төрлийн нэмэгдлийн дүнгээр бодож олгоно гэснийг зөрчсөн гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно гэж, 31.З-т Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнг нь харгалзан шагнал урамшил олгохдоо Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газраас тогтоосон журмыг дагаж, мөрдөхөөр байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж, Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Шүүхийн тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 22.1.3-т шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах гэж заажээ.

Шүүхийн тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч буюу шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах тайлагнах эрхтэй субьект мөн боловч тухайн шүүхийн тамгын газрын ажилтан албан хаагчдыг улирлын ажлын үр дүнг нь харгалзан шагнаж, урамшуулах тохиолдолд төрийн албан хаагчид шагнал урамшуулах олгох харилцааг журамлан зохицуулсан хууль, хууль тогтоомжийн актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох учиртай.

Төрийн албаны тухай хуулийн 1* дүгээр зүйлийн 19.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 19.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно гэж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийг үнэлж дүгнэх журам-ын 3 дугаар хавсралтын 9-д байгууллагын үйл ажиллагаа болон онцлогт нийцүүлэн өөрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах журмаар хэрэгжүүлж болно гэж заасан.

Журмын дээрх заалтаас үзвэл аливаа төрийн байгууллага албан хаагчтай үр дүнгийн гэрээг хэрхэн байгуулах, хэрхэн үнэлж дүгнэх талаарх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах журмыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах байдлаар хэрэгжүүлж болохыг заажээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам-ын 5-д Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно... гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийг үнэлж дүгнэсний дараа шагнал урамшил олгох нөхцөл болзол, хэмжээ хязгаарыг зааж журамлажээ.

Тодруулбал, төрийн байгууллага нь өөрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг нь харгалзан улирлын ажлын үр дүнгээр нь шагнал олгож болох боловч ийнхүү шагнал урамшил олгох хэмжээ нь сарын цалингийн 40 хүртэл хувиас хэтрэхгүй байхаар заасан байхад Сум дундын 19, захиргааны хэргийн 1*** дүгээр шүүхийн Тамгын газар нь шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад ажлын үр дүнгийн урамшууллыг олгохдоо дээрх журмаар зохицуулсан хязгаараас давуулан олгосныг хууль бус гэж үзэж С аймгийн Аудитын газраас маргаан бүхий актаар төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэсэн заалтын дагуу шүүхийн ажилтнуудын цалинд бүх төрлийн нэмэгдэл, шагнал урамшууллыг оруулж тооцох ёстой гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалт нь цалин хөлсний бүрэлдэхүүн түүнд шагнал урамшуулал багтах талаар заасан байна.

Харин төрийн албан хаагчид олгох мөнгөн шагнал нь сарын цалингийн 40 хүртэл хувиас хэтрэхгүй байхаар дээр дурдсан Засгийн газрын журамд заасан байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д заасны дагуу урамшуулал нь цалин хөлсөнд хамаарах тул аудитын акт үндэсгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Шүүхийн тамгын газрын дарга нягтлан бодогч нараас аудитын актаар тогтоосон төлбөрийг нэхэмжлэгч нараар /шүүхийн тамгын газрын ажилтнууд/ төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар нь тус актын талаар маргах эрхтэй, нэхэмжлэгч нар нь хохирлоо буруутай албан тушаалтнаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.188 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 1*** дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 31.2, 31.3, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.1, 15.1.12 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын Аудитын газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СБР-2015/03/СГА-ТШЗ 1/1 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, давж заалдах журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ