Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Н.Ч  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.Ч ад холбогдох эрүүгийн 1811003730146 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Н.Ч , 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эрдэм Транс ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 28 дугаар гудамж 8 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 32 дугаар байрны 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Ч  нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60-788 тоотод хохирогч Х.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чинбат босож ирээд хоёр миний нүд рүү хоёр хуруугаараа хатгаад авахаар нь чи нүдийг маань сохолчихлоо ш дээ гэж хэлээд нүдээ дараад доошоо суухад Чинбат надаас холдсон. Тухайн үед нүд бүлтрээд гараад ирэх шиг болоод өвдөөд байсан. Ил харагдах гэмтэл байхгүй байсан. Маргаан болсноос хойш 2 хоногийн дараа Чинбаттай таарахад би чиний хоёр нүдэн дээр эрхий хуруугаараа дарсан гэж хэлж байсан. Чинбат хоёр хуруугаа миний нүд рүү хийж хатгасан. Гарсан эмчилгээний зардал болох 315.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн би одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул нэмж 650.000 төгрөг нэхэмжилж байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ /хх-15/.  

   Гэрч Д.Энхтуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Доржсүрэн Чинбатыг барьж аваад хавсраад газар унагачхаар нь би тэр хоёрыг боль гэж хэлээд салгасны дараа Доржсүрэн дахиад Чинбат руу дайрахад Чинбат Доржсүрэн хоёр дээр доороо ороод ноцолдож байхдаа Чинбат Доржсүрэнгийн нүүрэн дээр дарсан байсан. Доржсүрэнд ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Тэр хоёрыг салгасны дараа Доржсүрэн нүүрэн хэсгээ бариад ёо ёо гээд байсан...” гэжээ /хх-16-17/.  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №1860 дугаар дүгнэлтэд

“1.2. Х.Д гийн биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-21/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-42-43/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Н.Ч  нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60-788 тоотод хохирогч Х.Д тэй маргалдан ноцолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Д , гэрч Д.Энхтуулын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №1860 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Н.Ч ад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Х.Д  нь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хавтаст хэрэгтэй уншиж танилцаад “...Хэргийн материалтай танилцлаа, одоо надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэж тэмдэглүүлсэн байна. Иймд шүүгдэгч Н.Ч ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж үзлээ.  

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН