Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/999

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Солонго,

           Шүүгдэгч: Ө.Ш-, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ө.Ш-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005025741496 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө.Ш-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ө.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50 дугаар байрны 15 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Х.О-ыг зодож, түүний биед 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ш- шүүх хуралдаанд: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найз Ц-той уулзаж 1 шил архи хувааж уугаад би 2 найзаа дуудаж караоке орж нэмж архи уусан. Үүний дараа 23 цагийн үед 2 шил архи аваад гэртээ ирсэн. О- нилээн согтсон байсан тул чи одоо унт гэтэл О- унтахгүй гээд байсан. Тэгэхээр нь бид маргалдаж би О-ыг зодсон нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Хохирогч Х.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр Ш-тай 2015 онд танилцаж байсан бөгөөд үерхэж явж байгаад 2017 онд бид хоёрын дундаас Хулан гэх охин төрөөд хамт амьдрах болсон. ...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт А- гэх танил эгч маань найз эрэгтэйтэйгээ ирсэн. Ингээд нөхөр бид хоёр гэртээ дайлаад 1 шил архи гаргаж хувааж уусан. ...“Рич” нэртэй караокед орсон. ...Ш- найз Ц-ын хамт хүрч ирсэн. ...А- найз залуутайгаа хамт яваад өгсөн. ...Шинэтулгын найз Оргио гэх залуу нэмэгдэж ирсэн. ...караокеноос гарахдаа 2 шил архи худалдаж аваад гарсан бөгөөд гэртээ очиж ууцгаасан. Би Ц-той юм яриад сууж байтал Ш- намайг “одоо явж унт” гэхээр нь би юм яриад сууж байна гэтэл хардаад муу янхан гэж хэлээд зүүн хацар хэсэгт баруун гараараа алгадсан. ...хэвлий хэсэгт гараа зангидаж байгаад цохисон. Энэ үед би амьсгалж чадахаа болиод газар унасан. Тэгтэл цээжний хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Ц- босож ирээд Шинэтулгыг салгасан. ...би нойлын өрөөнд ороод сууж байтал Ш- араас орж ирээд хэвлий хэсэгт гараа зангидаж байгаад дахиад 1 удаа цохисон. Би нойлын өрөөнөөс гарч зугтаагаад гал тогооны өрөөнд очоод сандал дээр сууж байтал янхан минь, гичий минь гэж хэлээд гал тогооны өрөөнд орж ирсэн. ...өөдөөс шилэн стакан ширээн дээрээс аваад шидсэн. Би буруу хараад тонгойтол зүүн далны хэсэгт оноод аяга нь үсрээд явчихсан. Миний охидыг янхан гэж хэллээ гэж уурлаад ус буцалгагч аваад шидсэн чинь миний зүүн талын чамархай хэсэгт оноод язарчихсан цус гарч эхэлсэн. ...хажуу айл дуудлага өгсөн гээд хоёр цагдаа орж ирсэн. ...Намайг элэгдээд газар унагаад цээж рүү өшиглөх үед 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Ус буцалгагч шидээд зүүн чамархай хэсэгт онох үед зүүн чамархай хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт тархи доргилт гэмтэл учирсан, шилэн стакан авч шидэх үед зүүн далны орчим онож хөхрүүлсэн. Зүүн бугалга, баруун тохойн зулгаралт гэмтлийг хоорондоо зодолдож байх үед учирсан гэж бодож байна. Ц-, Оргио хоёр бол Шинэтулгын найзууд байгаа юм. Тэр хоёр хоёулаа харсан. 2019 оны 10 дугаар сард надтай маргалдаад цохиж авах үед бид хоёр хоёулахнаа байсан. 2020 оны 6 дугаар сард Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум 1 дүгээр баг, Лхүмбэ гэх газар мал дээр байх үед цохиж авч байсан. Энэ үед бас л хоёулханаа байсан. Өмнө нь цагдаад гомдол гаргаад шалгуулаад шийдүүлж байсан удаа байхгүй. ...гэмтлийн эмнэлэгт үзүүлж цээжний болон толгойн томографик хийлгэсэн. Эм авч уусан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Би Ш-ас ямар ч хохирол нэхэмжлэхгүй. ...хуулинд заасан хариуцлагыг хүлээлгэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Гэрч Ш-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны орой айлд байж байтал Ш- утсаар залгаад найз нь хөдөөнөөс ирчихсэн байна, манай гэрт хүрээд ир гэсэн. ...очиход Ш-, О- бас нэг хүүхэн, залуу хоёр байсан. ...караоке орж 1 шил архи хувааж ууцгаасан. ...А-гийн найз гэх залуу яваад өгсөн. ...Л.О- ирсэн. ...А- гэх хүүхэн яваад өгсөн. ...караокеноос гарсан бөгөөд гэрт нь очоод архи ууж суусан. ...Ш-, О-ыг амар гэсэн. Тэгтэл тэр хоёр хоорондоо маргалдаж хэрүүл шуугиан болсон. ...Би амрахаар болоод том өрөөний буйдангийн цаана очоод хэвтсэн. Намайг Л.О- сэрээгээд харахад О- нойлын өрөөнд орчихсон цусаа угаагаад байж байсан. ...архи ууж байхад О-ы биед ил харагдах гэмтэл шархгүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Гэрч Л.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед гэр рүүгээ харьж явтал Ш- утсаар залгаад хөдөөнөөс ирчихсэн байна, уулзах уу гэсэн. 22 цаг болж байхад хорооллын эцэст байрлах караокед явж очиход гарч ирж байсан. Тэнд О-, Ш-, Ц-, нэг эмэгтэй байсан. ...Шинэтулгын гэрт ороод архи задалж уусан. ...Ш- эхнэрээ амар гэж хэлсэн чинь нөгөөдөх нь үгүй гээд маргалдаж эхэлсэн. Би нойлд бие засахаар ороод сууж байтал чимээ шуугиан гараад пижигнээд явчихсан. Ингээд нойлоос гараад харахад О-ыг Ш- зодчихсон нүүр амнаас нь цус гарсан байсан. ...би Ц-т хэлсэн. ...салгаад байж байтал цагдаа орж ирээд аваад гараад явсан. ...гэрт нь ороод архи ууж байхад О-ы биед ил харагдах гэмтэл шархгүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Шинжээчийн 9587 тоот дүгнэлтэд: “...Х.О-ы биед 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн дал, зүүн бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 24-25/,

Яллагдагчаар Ө.Шинэтлугын мөрдөн байцаалтад өгсөн: “...О-ыг одоо амар гэтэл өөдөөс уурлаад “би танай 2 найзтай чинь жаахан сууж болдоггүй юм уу” гэж хэлсэн. ...би уурлаад зүүн хацар хэсэгт алгадсан. ...өөдөөс ноцоод орилоод дайраад байхаар нь хэвлий хэсэгт нь гараа зангидаж байгаад цохисон. Гэтэл О- газар унасан. Би цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. ...нойл руу ортол О- байж байсан дахиад өөдөөс хэрэлдээд байхаар нь гэдэс рүү нь нэг удаа гараараа цохисон. ...гал тогооны өрөөнд ороод манай охиныг янхан, пизда гэх мэтээр хараахаар нь би ус буцалгагч аваад шидсэн чинь зүүн чамархай хэсэгт нь оноод цус гарсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 50-52/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 19-21/, хохирлын баримтууд /хх-н 26/, амбулториор эмчлүүлэгсдийн карт /хх-н 33-37/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 38-39/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 54-78/, хохирогчийн хүсэлт /хх-н 79/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

          Шүүгдэгч Ө.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороор, 50 дугаар байрны 15 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн гишүүн хохирогч Х.О-ыг зодож, түүний биед 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.О-ы: “...Би Ц-той юм яриад сууж байтал Ш- намайг “одоо явж унт” гэхээр нь би “юм яриад сууж байна” гэтэл хардаад “муу янхан” гэж хэлээд зүүн хацар хэсэгт баруун гараараа алгадсан. ...хэвлий хэсэгт гараа зангидаж байгаад цохисон. Энэ үед би амьсгалж чадахаа болиод газар унасан. Тэгтэл цээжний хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Ц- босож ирээд Шинэтулгыг салгасан. ...би нойлын өрөөнд ороод сууж байтал Ш- араас орж ирээд хэвлий хэсэгт гараа зангидаж байгаад дахиад 1 удаа цохисон. Би нойлын өрөөнөөс гарч зугтаагаад гал тогооны өрөөнд очоод сандал дээр сууж байтал янхан минь гичий минь гэж хэлээд гал тогооны өрөөнд орж ирсэн. ...өөдөөс шилэн стакан ширээн дээрээс аваад шидсэн. Би буруу хараад тонгойтол зүүн далны хэсэгт оноод аяга нь үсрээд явчихсан. Миний охидыг янхан гэж хэллээ гэж уурлаад ус буцалгагч аваад шидсэн чинь миний зүүн талын чамархай хэсэгт оноод язарчихсан, цус гарч эхэлсэн. ...Намайг элэгдээд газар унагаад цээж рүү өшиглөх үед 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Ус буцалгагч шидээд зүүн чамархай хэсэгт онох үед зүүн чамархай хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт тархи доргилт гэмтэл учирсан, шилэн стакан авч шидэх үед зүүн далны орчим онож хөхрүүлсэн. Зүүн бугалга баруун тохойн зулгаралт гэмтлийг хоорондоо зодолдож байх үед учирсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, гэрч Ш-н: “...Ш-, О-ыг амар гэсэн. Тэгтэл тэр хоёр хоорондоо маргалдаж хэрүүл шуугиан болсон. ...Би амрахаар болоод том өрөөний буйдангийн цаана очоод хэвтсэн. Намайг Л.О- сэрээгээд харахад О- нойлын өрөөнд орчихсон цусаа угаагаад байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, гэрч Л.О-ын: “...Ш- эхнэрээ амар гэж хэлсэн чинь нөгөөдөх нь үгүй гээд маргалдаж эхэлсэн. Би нойлд бие засахаар ороод сууж байтал чимээ шуугиан гараад пижигнээд явчихсан. Ингээд нойлоос гараад харахад О-ыг Ш- зодчихсон нүүр амнаас нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, шинжээчийн 9587 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Ө.Шинэтулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Ш- нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Х.О-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.О-ы биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 79/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ө.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4.500 нэгж буюу 4.500.000 төгрөгөөр торгох” саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө.Ш-“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Шинэтулгыг 4.500 нэгж буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ш-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР