Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00424

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01184 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1690 дугаар магадлалтай,

Б.Аын нэхэмжлэлтэй

“Е Т К” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 29 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Е Т К” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан боловч уг шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ажлаас халсан тухай маргааныг шүүх хянан шийдвэрлэж байхад хариуцагч нь ажилд томилсон тухай тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тул мөн өдөр нь ажилдаа орох гээд очиход ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зогсоох зорилгоор хийгдсэн тушаал болохоос ажилд авах тушаал биш гэсэн. Маргааш нь шүүх хуралдаан дээр хариуцагч нь ажилд авахгүй гэсэн тул зөвшөөрлийг батлуулмааргүй байна, ажилгүй байсан хугацааны цалинг 5 хоногоор дутуу бодсон гэж тайлбарласан ч шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардан аваад эс зөвшөөрсөн гомдол гаргахад 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1072 тоотоор хариу өгснийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авч мухардалд орсон. Нэгэнт шүүхийн маргаан дууссан тул ажилдаа орно, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авна гэж 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиход гүйцэтгэх захирал уулзахаас татгалзаж он дуусах гэж байгаа тул ажил бага байна, он гараад ир гэж нарийн бичгийн даргаараа хэлүүлсэн. Шинэ он гарсны дараа очиход мөн л хүлээн аваагүй, ажил болон ширээ, сандал, техник хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 144 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өнөөдрийн байдлаар огт нөхөн төлөөгүй ба ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 50 000-200 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлснийг хүлээн авсан, 1 150 000 төгрөгийг нь аваагүй байгаа. Ажилдаа орохгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авч чадахгүй хохироод байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч үндэслэлгүй тайлбар гаргасан байх тул түүнийг үгүйсгэж, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.А нь тус компанид анх ажилд орохдоо өөрийгөө маш өндөр чадвартай УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан гэж танилцуулсан, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн менежер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтны албан тушаалд томилогдсон. Ажиллаж эхэлсэн үеэс хүний нөөцтэй холбоотой бичиг баримтыг цэгцлэх, шаардлагатай дүрэм, журам боловсруулах үүрэг өгсөн боловч юу ч хийгээгүй, ажилдаа ирэхээ больсон. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэн. Хэргийн материалтай танилцахад манай байгууллагын гарын үсэг зурсан тэмдэг дарсан бланкыг ашиглаад өөрийгөө ажлаас халсан тушаал гаргаж түүнийгээ шүүхэд өгсөн байсан. Хэрвээ бидний зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бол хуулийн үндэслэлийг тодорхой заах байсан. Нэгэнт тушаал нь хууль бус тул Б.Аыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16/26 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилж, энэ тушаалаа шүүхэд өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01090 дугаартай захирамж гарсан. Үүнээс хойш нэхэмжлэгч ажилдаа ирээгүй. Ажил олгогчийн зүгээс арга буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандан Б.Аыг ажилд нь оруулж өгнө үү, энэ хүн ажлаа хийхгүй байна гэсэн бичгийг явуулж байсан. Тэрээр ажил хийхгүй ямар нэгэн шалтгаан зааж цалин авах гэсэн бодолтой байсан, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16/26 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байхад ажилдаа ирэх талаар санаачлага гаргахгүй, шүүх хурлыг хойшлуулах зэрэг арга хэрэглэж байсан. Шийдвэр гүйцэтгэгчид хандан намайг ажилд авахгүй байна гэх, эсвэл ажилд маань оруулж өгөөч гэж хандаагүй. Шүүх хуралдаанд ажилд эгүүлэн томилсныг мэдсэн ба энэ тухай өмгөөлөгч нь хэлж байсан. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо авч байсан. Компани улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг болно. Тэрээр ажилдаа орохоор ирэхэд нь ажил хийлгэхгүй байсан асуудал ерөөсөө байхгүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичигт “Е Т К” ХХК-ийн албан бичигт дурдсан тухайн төрийн байгууллагад ирсэн бичиг бүртгэх дэвтэр байхгүй талаар тодорхой хариу өгөөгүй байна. Энэ бичгийг хүлээн авсан байвал төрийн байгууллага Б.Аыг ажилд нь оруулах талаар ажиллагаа явуулаагүй болох нь гэж үзээд гэсэн агуулга ойлгогдож байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Аыг ажилд нь эгүүлэн тогтоохгүй байна гэж үзвэл, тэрээр ажилд орох талаар ямар ч хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаагүй. Түүний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжид хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж заасан. Хэдийгээр Б.Аыг ажилд эгүүлэн тогтоосон тухай шүүгчийн захирамжид заах үндэслэлгүй боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тухай тодорхой заасан байна. Түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал хэрэгт хавсаргагдсан ба Б.А энэ тухай мэдсэн, хөдөө явсан байгаа гэж төлөөлөгч нь шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хөдөөнөөс ирээд ажилдаа ороогүй төдийгүй 2 жилийн дараа ажилгүй байсан хугацааны цалин үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Б.Аын төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад бид хоёр ажилд орох гээд очиход н.Цэрэндолгор хүлээж аваагүй хөөсөн гэж, мөн ажилд авахгүй байна гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэж худал мэдүүлсэн, тэрээр нөхөн олговрын мөнгө гаргуулах талаар гомдол бичсэн ба ажилд авсан тушаал гаргасан боловч ажилд авахгүй байна гэж гомдол бичиж байгаагүй, ажилд орохыг хүсээгүй юм. Хариуцагчийг 2017 оны 3 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч дуудаж мөнгө төлөхийг шаардсан учир гүйцэтгэгчид энэ хүн одоо хүртэл ажилд орохгүй хохироож байна, мөнгийг ажилд орсон хойно нь бүрэн төлнө, ажил хийхгүй худлаа ярьж алга болоод, харилцагч дээр байсан гарын үсэг, тамгатай цаасыг олж авч өөрийгөө халсан тушаал гаргасан зальтай хүн, зүгээр л мөнгө авах гээд байна гэж тайлбарлан хэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан манай албан бичиг 2017 оны 4 дүгээр сард бичигдсэн байгаа. Б.Аын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болсон, ажил олгогч тушаал гаргасан, түүнд эрхээ хамгаалах хоёр арга зам байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах эсхүл иргэний хэргийн шүүхэд ажилд оруулахгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоохгүй байгаагаас хохироож байгаа тухай нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Хэдийгээр захирамжид дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдсан боловч нэхэмжлэл нь ажилд авсан тушаалын хүрээнд л хэрэгсэхгүй болсон. Б.А нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01184 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “Е Т К” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 29 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1690 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01184 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс төлсөн 302 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэг. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу “Е Т К”ы зүгээс Б.Аын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг төлж дуусгасан байгаа. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг мэдсээр байж ажилдаа орохыг хүсээгүй, ажилдаа ирээгүй болно. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хугацаа 3 сар бөгөөд Б.Аын хувьд ажилд оруулахгүй байна гэж гомдол гаргаагүйгээр үл барам ажилд нь эгүүлэн тогтоосон өдрөөс эхлэн цалин хөлс авах эрх нь нээгдсэн байсан. Түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэн ч зөрчөөгүй билээ. ИШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс шаардлагатай бүхий л нотлох баримтаа гаргаж өгсөн. Мөн хариуцагчийн зүгээс иргэн Б.Аын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн 2 удаагийн шүүх хурлын үед мэтгэлцэх явцдаа болон бичиж өгсөн тайлбартаа: -Б.А нь манайд нэг сар ажиллаад ажлаа хаяж явсан, -Б.А нь Номин констракшн ХХК-д ажил хэргийн шугамаар хүлээлгэж өгсөн байсан ““Е Т К”” компанийн тамгатай эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан цаасыг олж авч өөрийгөө ажлаас халсан тухай тушаал гаргасан байсан, - Б.А нь ажил хийх сонирхол ерөөсөө байхгүй ажилд авсан тушаал гарсан байхад ажилдаа орохгүй, шүүх хурлыг хойшлуулж байсан, хөдөө явсан гээд ажилдаа ирээгүй өнөөдрийг хүрсэн,- Б.А нь ажил хийх сонирхол байхгүй, сул цалин авах бодолтой байсан нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилд оруулахгүй байна, ажилд оруулж өгөөч гэж шийдвэр гүйцэтгэгчид хандаж байгаагүй гэсэн тайлбараар нотлогдоно” гэсэн тайлбарууд гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээрийн хариу тайлбар өгч мэтгэлцэж байгаагүй нь манай тайлбар үндэслэл бүхийг нотлоно. Хоёр. Хариуцагч нь Б.Аыг ажилд авсан тухайн үед ч өнөөдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар байнга дутагдаж байдаг болно. Иймч учраас түүнийг ажилд авахад бэлэн гэдгээ шүүх хурал дээр хэлж тайлбарласан байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Б.А ажилгүй байсан хугацааны цалин мөнгөө бүгдийг нь авахаар ажилдаа орно гээд ажилдаа орохгүй байгаа юм” гэж шүүх хурал дээр хэлсэн. Хариуцагчийн зүгээс “Б.А нь зүгээр л цалин хөлс авах шалтаг хайж байна, 1 сар ажиллаад алга болсон, ажилдаа ирсэн бол шууд ажилд нь оруулах байсан” гэж тайлбарласан. Энэ тухай хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Гурав. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна. Энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн зүгээс нэхэмжлэл үндэслэлгүй талаар хангалттай нотлосон. Нэхэмжлэгч нь түүнийг ажилд авахгүй байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй учир энэ талаар гаргах баримт байхгүй гэдгээ шүүх хурал дээр хэлсэн. Ийм ч учраас анхан шатны шүүхээс нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд ажилд аваагүй гэсэн асуудлын талаар баримт байхгүй бол үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.А нь өөрөө нотлох баримт олж ирэх эрхтэй, үүрэгтэй байсан. Нэгэнт ийм баримт байхгүй тул авчраагүй билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн бичигт энэ асуудлын талаар тодорхой дурьдсан байгаа. Нэгэнт байхгүй баримтыг шүүхээс шаардаад ч гарч ирэх хуулийн үндэслэлгүй тул хариуцагчийн зүгээс шүүхэд хандан гаргуулах нотлох баримт байхгүй гэж хэлээд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүх хурлыг хийлгэх саналтай байгаагаа хэлсэн. Нэхэмжлэгч ч гэсэн өөр гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байхгүй гэж хэлээд хурал хийсэн. Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Е Т К” ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны олговор 29 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлийн аль нэгд нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Б.А нь “Е Т К” ХХК-д 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүний нөөцийн менежерээр ажилд орсон, 2016 оны 09 сарын 13-ны өдөр ажлаас халагдсан байна.

Тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01090 дугаар шүүгчийн захирамжаар хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг хариуцагч “Е Т К” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь “Е Т К” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул эрх зөрчигдсөн хэвээр байгаа, ажилгүй байсан хугацааны олговрыг шаардана гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

“Е Т К” ХХК-ийн захирал 2016 оны 10 сарын 27-ны өдөр 16/54 дүгээр тушаал гаргаж, Б.Аыг хүний нөөцийн менежерээр ажилд томилсон баримт хэрэгт авагдсан, уг тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн байсныг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байна. Ажил олгогч тушаал гаргасан атлаа ажиллуулахгүй байгаа бол Б.А нь энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүйгээс гадна уг тушаалын талаар 2016 оны 11 сарын 18-наас хойш гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн Б.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 02 сарын 09-ний өдөр хүсэлт гаргахдаа шүүгчийн захирамжид заасан 2 000 000 төгрөгийг барагдуулах талаар ажиллагаа явуулахыг хүссэн болохоос ажилд эгүүлэн тогтоолгох талаар огт дурдаагүй байна. Ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шийдвэрийг биелүүлэх, ажилд тогтоолгох талаар албадан ажиллагаа явуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нь 2017 оноос хойш гаргаагүй байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогджээ.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг Иргэний хуульд заасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай гэж ангилагддаг бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх тусгай хугацааг заасан.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 172.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1690 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА