| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/1004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1025 |
| Огноо | 2021-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1025
2021 10 13 2021/ШЦТ/1025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
хохирогч К.Д,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Н-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0000 00954 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Н-ийн М- нь Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цэцэгт мэндчилгээ” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.М нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамжны 11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж, бие махбодод нь “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, баруун өвдөг, баруун шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хохирогч К.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлголлоо. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2108 0000 00954 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7-11 тоотод 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр К.Д, 25 настай эмэгтэйг гэр бүлийн хамаарал бүхий нөхөр нь согтуу байх үедээ зодсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр тал),
2. Хохирогч К.Дий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр 03-ны өдөр өгсөн:
“...2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нөхрийн найз Мөнхтүшиг найз охиноо танилцуулна гээд манай гэрт 23 цаг өнгөрч байхад ирсэн. Бид 2.5 литрийн Сэнгүр нэртэй 6 том пиво хувааж уусан. ...Шөнө манай охин сэрэхээр нь би хүүхдээ авч байгаад нойл орох гээд Мөнхбатыг охиноо авч бай гэсэн. Мөнхбат “наадахаа надаас холдуул” гэж хэлэхээр нь миний уур хүрээд охиноо тэврээд хойш алхсан. Тэгтэл надаас хүүхэд авах гэхээр нь би охиноо нөхөртөө өгөхгүй гэхэд нөхөр баруун гараараа миний нүүр рүү нэг удаа алгадсан. Би охиноо өгөөд, уйлаад гэрээс гүйгээд гарах гэтэл манай нөхөр охиноо найз Мөнхтүшигт тэврүүлээд “энэ мууг ална” гэж хэлээд миний араас үүдний амбаарт орж ирээд намайг үсдэж чирч гэрээс гаргасан. ...Миний зүүн нүд орчим бага зэрэг хөхөрч, шанаа орчим улайж хавдсан, баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой орчим арьс нь зулгарч цус гарсан, толгой хөндүүртэй өвчтэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг зодсонд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
-хохирогчоор 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
3. Гэрч Ц.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:
“...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би К.Дтэй уулзахад зүүн нүд нь өнгөц хөхөрсөн, нүдний орчим нь улайж, бага зэрэг хавдсан, баруун өвдөг, тохой нь зулгарсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад К.Дийг түүний нөхөр Н.М гэртээ пиво уусан байх үедээ алгадаж, улмаар гэрээсээ үсдэж чирч гаргах үед дээрх гэмтэл биед нь үүссэн гэх тул би Цагдаагийн байгууллагад хандах талаар К.Дд зөвлөж, өргөдөл гаргасан. К.Дий надад хэлснээр бол орой хамт пиво ууж байгаад К.Д ариун цэврийн өрөө орох гээд нөхрөө хүүхдээ авч бай гэхэд нөхөр нь наадхаа надаас холдуул гэхээр нь төрсөн хүүхдээ ингэж хэллээ гээд К.Д уурлаад нөхөр нь зодсон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
4. Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:
“...Би 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамжны 11 тоотод байрлах гэртээ ...байхад орой 23 цагийн үед найз Мөнхтүшиг, найз охин Отгончимэгийн хамт ирсэн. Тэгээд манай эхнэртэй танилцаж, хоол цай идэхээр нь би гэрт байсан 2.5 литрийн Сэнгүр нэртэй 4 ширхэг пивийг задалж бид дөрөв хувааж уусан. Тэгээд өглөө ажилтай гээд унтах гээд байж байтал манай эхнэр Дөлгөөн халчихаад дахин нэмж пиво ууя гэж хэлээд Отгончимэг тэр хоёр гэрээс гарч явсан. 3 ширхэг пиво авчирч бид дахин хувааж уусан. Тэгтэл охин Сондор унтаж байгаад сэрээд уйлахаар нь би Дөлгөөнд хандаж “чамаас болж байгаа юм, унтъя гэж байхад” гээд бид хэрүүл маргаан хийж байгаад миний уур хүрээд байхаар нь баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа алгадтал гэрээс гараад явсан. Би араас нь гарч үсдэж унагахад хажуунаас хүмүүс болиоч гэж хэлэхээр нь би болиод гэртээ унтаж амарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8255 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, 4х3 см хөх ягаан өнгийн хуралттай, зүүн шанаанд 2х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун өвдөгний урд дээд хэсэгт 0.5х4 см олон тооны хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун шууны гадна дунд хэсэгт 2х5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, 0.5х3 см 3-4 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай.
Дүгнэлт:
1. К.Дий биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, баруун өвдөг, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
6. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 56-60 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 61-68 дугаар тал), аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
7. Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр тал), үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр тал), “Цэцэгт Мэндчилгээ” ХХК-ийн цалингийн тодорхойлолт /нийт 1.068.000 төгрөг/ (хавтаст хэргийн 30 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 32 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 33-51 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.М нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамжны 11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.М нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.М нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамжны 11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.Дтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, баруун өвдөг, баруун шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр тал),
-Хохирогч К.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Мөнхбатыг охиноо авч бай гэхэд Мөнхбат “наадахаа надаас холдуул” гэж хэлэхээр нь миний уур хүрээд охиноо тэврээд хойш алхсан. Тэгтэл надаас хүүхэд авах гэхээр нь би охиноо нөхөртөө өгөхгүй гэхэд манай нөхөр баруун гараараа миний нүүр рүү нэг удаа алгадсан. ...миний араас үүдний амбаарт орж ирээд намайг үсдэж чирч гэрээс гаргасан. ...Миний зүүн нүд орчим бага зэрэг хөхөрч, шанаа орчим улайж хавдсан, баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой орчим арьс нь зулгарч цус гарсан, толгой хөндүүртэй өвчтэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг зодсонд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),
-Гэрч Ц.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...К.Дтэй уулзахад зүүн нүд нь өнгөц хөхөрсөн, нүдний орчим нь улайж, бага зэрэг хавдсан, баруун өвдөг, тохой нь зулгарсан байдалтай байсан. К.Дийг түүний нөхөр Н.М гэртээ пиво уусан байх үедээ алгадаж, улмаар гэрээсээ үсдэж чирч гаргах үед дээрх гэмтэл биед нь үүссэн гэсэн. К.Дий надад хэлснээр бол ...нөхрөө хүүхдээ авч бай гэхэд нөхөр нь наадхаа надаас холдуул гэхээр нь төрсөн хүүхдээ ингэж хэллээ гээд К.Д уурлаад нөхөр нь зодсон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...бид хэрүүл маргаан хийж байгаад миний уур хүрээд байхаар нь баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа алгадтал гэрээс гараад явсан. Би араас нь гарч үсдэж унагасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8255 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
-Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 56-60 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 61-68 дугаар тал), аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Мын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Н.М, хохирогч К.Д нар нь эхнэр, нөхрийн харилцаатай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх боловч шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн байнгын хүчирхийлэлийн шинж байдал тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэснээр зүйлчилж ирүүлснийг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч К.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч К.Д нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Н.М нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.М нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Н.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч К.Д нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА