Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 0778

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, М.Х-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н[1], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М, Б.Г,[2], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч М.Х нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[3]: “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8.-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор ... шүүхэд гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд ...” хэмээн заасан тул тус шүүхэд хандан, “М.Х-д сахилгын шийтгэл ногдуулах” тухай Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна:

            1. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тушаалын хууль зүйн үндэслэл болгосон байна. Учир нь “... дээдлэн хүндэтгэх” үүргээ биелүүлсээр ирсэн ба “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн.

            Тэгэхээр захиргааны акт хууль болон зорилгодоо нийцээгүй байна.

            2. Тушаалд “... хууль тогтоомжийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн ...” талаар бичсэн байна.

            Гэвч улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10.-т зааснаар “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв” хөтлөдөг тул бүртгэлийн үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс хяналт тавих боломжгүй юм. Тэгэхээр хамааралгүй зөрчлийг хамаатуулж байна. Түүнчлэн “хууль тогтоомжийг мөрдүүлэх” чиг үүргээ биелүүлээгүй гэж байх боловч Монгол Улсад үйлчилж буй аль ч хуулиар дурьдсан үүргийг нэхэмжлэгч гаргагчид хүлээлгээгүй байх тул мөн л үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

            3. Тушаал гаргасан огноог худлаа бичсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан энэ талаар нэмэлт тайлбар гаргах болно

            Иймд Үндсэн хуульд заасан “ажлаа чөлөөтэй сонгох” эрх зөрчигдсөн тул уг эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна гэсэн нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан.

            Гэтэл бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн 2767 дугаар захирамж 2019 оны 04 дүгээ сарын 29-ний өдөр гарсан байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэхээс гадна байхгүй, гаргаж өгөх боломжгүй баримтуудыг шаардсан байх тул дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна:

            1. Шүүхэд шууд хандаж болно хэмээн хуульд заасан байх тул уг заалтыг эш татан шүүхэд хандсан.

            2. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт нь төрийн албан хаагчтай холбоотой маргааныг зохицуулсан болохоос халагдсан буюу МУ-ын иргэнд холбогдох асуудлыг зохицуулахгүй болно.

            3. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны тушаалыг хэзээ мэдэх нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл 30 хоногийнхоо дотор нэхэмжлэл гаргасан нь илэрхий болно.

            4. Гомдол гаргаагүй гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн тул тэр тухай баримтыг гаргаж өгөх боломжгүй” гэжээ.

            Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

            2.1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.Н 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[4]: “Иргэн М.Х-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

            “М.Х-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Манжлхамын Хувьзаяад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

            М.Х Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2009 оноос 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд 2009-2010 онд иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр, 2010-2016 оны 8 дугаар сар хүртэл хяналтын улсын байцаагчаар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан юм.

            Иргэн Д.Б, Б.Д нарын гаргасан гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт бүртгэгдсэн холбогдох улсын бүртгэлд шалгалт хийхэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцнуудыг салгаж бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцсан хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн М.Х-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

            Өмнө нь М.Х-д Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/656 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны шалгалтын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан бөгөөд сүүлд ногдуулсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан болно.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “М.Х-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/162 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхээс дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч М.Х-аас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг[5] бүхэлд нь хангаж шийдвэрлэв:

1. Маргааны үйл баримтын тухайд:

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Иргэн О.Б-ээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан гомдлын дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хууль тогтоомж зөрчсөн бүртгэл хийсэн эсэхэд хяналт, шалгалт[6] хийжээ.

Уг хяналт, шалгалтаар “Л-И” ХХК-ийн өмчлөлд байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 10А байрны 11 тоот, 10Б байрны 67 тоот орон сууцнууд нь Д.Б-ийн барьцаанд буюу давхар барьцаатай байхад түүний зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлсэн байж болзошгүй мөн тус орон сууцны Б блок 24, 32 тоот байруудыг захиран зарцуулах эрхийг шүүхээс түдгэлзүүлсэн байхад иргэн Б.Д-ийн “Л-И” ХХК-тай байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол, 10А байрны 58 айлын, 10Б байрны 66 айлын нийт 7310 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьцаалсныг бүртгүүлэхээр 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг гаргасныг бүртгэсэн зөрчлүүд илэрсэн байна.[7]

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1-1/1417 дугаар “Чиглэл өгөх тухай”[8] албан бичиг хүргүүлж, уг албан бичгийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/247 дугаар тушаалаар[9] Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Х-ийн албан тушаалын цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ.

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Д-с Улсын бүртгэлийн хяналт, шалгалтын газарт “... Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газар нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийн дагуу бүртгэлийн ажиллагааг хийхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахгүй хууль зөрчиж байна” гэх гомдол[10] гаргажээ.

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус газрын хяналтын газрын дарга Н.Г, хяналтын улсын ахлах байцаагч И.М, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Х, хяналтын улсын байцаагч Б.Х, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга, ахлах бүртгэгч Ш.Ц, болон өргөдөл, гомдол гаргасан иргэд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан маргалдаж буй эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар сонсох ажиллагаа[11] явуулж, чиглэл өгжээ.

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын мөн өдрийн “Томилолтоор ажиллуулах тухай” А/164 дүгээр тушаал[12]-аар байгуулагдсан ажлын хэсэг иргэн Д.Б, Б.Д нараас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тус хэлтсийн албан хаагчдын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, “ажлын хэсгийн санал, дүгнэлт”[13] гаргажээ.

Уг шалгалтаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Ш.Ц эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс Ү-2003021859, Ү-2003021860 дугаарын эрхийн улсын бүртгэлийг Б.Д-ийн өмчлөлд салгаж, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарын эрхийн улсын бүртгэлийг иргэн Д.Б-ийн өмчлөлд тус тус салгаж бүртгэсэн нь Улсын бүртгэлийн болон холбогдох бусад хууль тогтоомж, журмуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон[14] бөгөөд энэхүү алдаатай бүртгэл нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хийгдсэн сонсох ажиллагааны маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийгджээ.

Иймд нэхэмжлэгч М.Х-г ажлын байрны тодорхойлолтод заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт[15]-ээр тогтоогдсон гэж Төрийн албаны тухай хууль /2017 он/, холбогдох бусад хуулиуд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ыг үндэслэн маргаан бүхий акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар “М.Х-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч М.Х-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

  1. Маргаан бүхий акт хуульд нийцсэн, үндэслэл бүхий эсэх тухайд:

Захиргааны байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг заасан хэм хэмжээг баримтална.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д Захиргааны үйл ажиллагаанд “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтална, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага нь аливаа шийдвэрийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах үйл баримтыг бодитоор үнэлж, дүгнэж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр тохирсон шийдвэр гаргах ёстой.

Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар “М.Х-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан шийдвэр болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дараах нотлох баримт, үндэслэл, үйл баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Хг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байх үедээ мөн дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт уг Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг бүртгэхтэй холбоотой асуудлаар сонсох ажиллагаа хийж, чиглэл өгсөөр байхад 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин алдаатай бүртгэл хийж, зөрчил гаргасан гэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч М.Х нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр алдаатай бүртгэл хийгдэх үед ажлын байрандаа байгаагүй, Улаанбаатар хотод “Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-д хамрагдаж байсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Сургалт, зөвлөгөөн зохион байгуулах тухай” А/162 дугаар[16] тушаал, уг сургалт, зөвлөгөөнд хамрагдсан тухай ирцийн бүртгэл[17] зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд 37.1.3-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.4.1-д Албан хаагчийн үүрэг “... албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар шийдвэрийг цаг тухайд нь бүрэн дүүрэн биелүүлэх...” гэжээ.

Нэхэмжлэгч М.Х нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг бүртгэхэд ахин алдаа гаргуулахгүйн төлөө дээд шатны байгууллагаас удаа дараа чиглэл хүсэж, улсын бүртгэгч эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл[18], нэхэмжлэгч М.Х-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ХУБ нар болон ахлах бүртгэгч Ш.Ц нарт “Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй “Л-И” ХХК-ийн бүртгэлтэй холбоотой гарсан зөрчлийг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар өгсөн үүрэг даалгавар”[19], “Сургалт зохион байгуулсан тухай”[20] 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн илтгэх хуудас, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1048 дугаар “Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөнд бүртгэл хийх талаар чиглэл авах тухай” албан бичиг[21], Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсан 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1385 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг[22], Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дүгээр “Чиглэл авах тухай” албан бичиг[23] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангаж ажиллаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Уг бүртгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.Х нь Төрийн албаны тухай хууль /2018 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.13, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.4.1-д заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Манжлхамын Хувьзаяа нь ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Хд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1–д заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан шийдвэр байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ.”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д улсын бүртгэгч нь “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” үүрэгтэй гэж тус тус заажээ. Энэ нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Х нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг бүртгэх ажиллагаанд шууд хяналт тавьж ажиллах үүрэггүй, мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлыг зөрчил гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч М.Х-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Х-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                             А.САРАНГЭРЭЛ