Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 11

 

А.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны            04 дүгээр сарын 03-ны  өдрийн 139/ШШ2017/00122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд хариуцагдах

Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 34 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1985254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч Д.Доржмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал оролцов.

Нэхэмжлэгч А.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 1 сарын 14-нд анх Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилд орсон. Би ажилд орсоноос хойш  өдийг хүртэл ноцтой алдаа гаргаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл Д.Доржмаа эмч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Өмнө нь эмч нартай ойлголцож ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан. Өмнөх эмч нар надад илүү цаг өгөх боломжгүй учраас биеэр амраадаг байсан. Энэ ажилд орсноос хойш цаг бүртгээд сууж байгаа хүн би хараагүй. Миний унаж байгаа машин одоо болтол актанд гараагүй байхад намайг элдвээр хэлж, гүтгэж ийм байдалд оруулж байна. Би аль болох хэмнэж, бага зардлаар машинаа явуулахыг боддог байсан. Аймаг ороход 300 километр байдаг. 300 километрт 60 литр бензин өгдөг. Энэ нь заримдаа хүрдэггүй. Би өөрөө бензин авч хийдэг. Цас зудтай үед хуучин машин цас ухахаар бензин нь очих газраа хүрдэггүй. Өвчтөнтэй явж байх үед машины талаас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Харин өгсөн бензин нь хүрэхгүй бензингүй сууж байсан тохиолдлууд байгаа. Дуудлагын журнал дээр байхгүй дуудлага бичиж өөрөө надад өгдөг байсан. Тэгээд бичгээ замын хуудсан дээр оруулж бич гэж надад хэлэхээр нь би дуудлагын журнал дээр байхгүй байгаа дуудлагыг оруулж болохгүй. Сүүлд нь асуудал гарвал би буруутай болно гэж хэлсэн. Тэгсэн хоёулаа “тохиролцох уу” гэхээр нь би үгүй гэсэн. 2 колонкийн түгээгч надад хэлэхдээ маш олон хүн чиний нэр дээр бензин авч байна шүү гэж хэлсэн. Тэгээд үүнийг би өөрт нь хэлсний төлөө намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Би ард түмний бензинийг ард түмэнд нь зарцуулаач гэж хэлснийхээ төлөө ажлаасаа халагдсан. Мөн намын үзэл суртал гэж байдаг юм шиг байна. Удаан хугацаагаар намайг элдвээр хэлж, доромжилж байгаа. Тэр болгонд нь би дуугүй байдаг. Үнэнийг шүүх тогтоож өгнө, үнэн хэзээд ялна гэж би боддог болохоор дуугүй байсаар ирсэн. Би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байхад яагаад ингээд байдгийг нь ойлгохгүй байна. Сагс, волейболын тэмцээн мөн урлагийн наадам болоход би л байж байдаг. Хог цэвэрлэхэд би л байж байдаг. Модны нүх  ухсан ч би л очиж ухдаг. Тийм байхад яагаад надад муу нэр зүүгээд байгаа юм. Албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс болохоор ингэж байгаа байх гэж бодож байна. Миний бие нэхэмжлэлийн бүх шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 34 дугаартай тушаал нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас тус тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 сарын 9-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Арслангийн Пүрэвдорж /ЗБ75100812/-ийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны олговор 1793752 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Пүрэвдоржид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, ажил олгогч нь мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвөөс 184050 /нэг зуун наян дөрвөн мянга тавин/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Доржмаа давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2017/00122 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч А.Пүрэвдорж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

            ... Иргэн А.Пүрэвдорж нь давтан зөрчил болон ноцтой зөрчлийг аль алийг нь гаргасан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан.  Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх, сахилгын зөрчил гэж юу болох, хэдэн удаа зөрчил гаргавал давтан зөрчил болох талаар талууд хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байх шаардлагатай.

            Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан тухайд:

Иргэн А.Пүрэвдорж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд 2016 оны 01 сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.14-т “ажлын сахилга батыг 2 ба түүнээс дээш алдсан”, “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Мөн зүйлийн 17-д “Хөдөлмөрийн сахилгыг 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл сахилгын зөрчил давтан гаргасанд тооцно”.  А.Пүрэвдорж нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан боловч албан ёсоор тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулаагүй боловч хамт олны хурлаар сануулж, хэлэлцэж, анхааруулж удаа дараа зөрчлийг нь шийдвэрлэж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаг.

 

            Сахилгын зөрчлийг давтан гаргасан тухайд:

 ... А.Пүрэвдоржийг ажлаас халсан тушаал 2016 оны 12 сарын 09-ний өдөр гарсан. Тушаал гарахаас 6 сарын өмнөх сахилгын зөрчил гэхэд л 4 ширхэг зөрчил байна. Үүнд:

  • 2016 оны 06 сард нийт 34 дуудлага ирснээс 17-д нь явж, 17-д нь яваагүй
  • 2016 оны 10 сарын 10, 10 сарын 26, 11 сарын 5, 11 сарын 11, 11 сарын 21-ний өдрүүдэд Дундговь аймгийн Баянжаргалан сумын ЭМТ-ийн эрхлэгч, их эмч Д.Доржмаа буюу удирдлагаа дарамталж, сүрдүүлэн заналхийлсэн,
  • 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн машиныг гражид байрлуул гэсэн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй,
  • 2016 оны 11 сарын 28-наас 12 сарын 09-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, чөлөө аваагүй, 12 өдөр сураггүй алга болсон,

Эдгээр зөрчлүүд нь бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д “ ажлын цагийн үргэлжлэх хугацаа”, 2.10-т “ажил, амралтын горим, ажиллах цаг”, 2.14-д “ удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй”, 2.17-д “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл сахилгын зөрчил давтан гаргасанд тооцно” гэх мэт заалтуудыг тус тус зөрчсөн учраас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.

Ноцтой зөрчил гаргасан тухайд:

Эрүүл мэндийн төвийн даргын 2016.11.21-ний өдрийн 34 тоот тушаалын хавсралтаар ЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журмыг баталсан. Журмын 6 дугаар зүйлийн 6.14.2, 6.14.5-д заасан зөрчлүүдийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан.  Гэтэл А.Пүрэвдорж нь 2016 оны 11 сарын 28-наас 12 сарын 09-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, чөлөө аваагүй, ажлын 10 өдөр сураггүй алга болсон ноцтой зөрчил гаргасан. Тиймээс ажлаас халах тушаал гаргасан. Цагийн бүртгэлийг өөрийнхөө бүртгэл биш байна гэж үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй атал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ажил тасалсан иргэний нэргүй баримтыг үндэслэл болгон олон хоногоор ажил тасалсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг дэвтрийг манай байгууллагын дүн бүртгэгч өдөр бүр хөтөлдөг. Тийм ч учраас нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.

Хоёр. Хариуцагчийн татгалзалыг нотлох баримтыг үнэлээгүй.

А.Пүрэвдорж нь 2014-2016 он хүртэл удаа дараа хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил, ноцтой зөрчлийг гаргасаар ирсэн. Тодруулбал:

  • 2014 оны 07 сард согтуугаар жолоо барьж өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэн танхайрсан үйлдэл гаргасныг нийт хамт олны хурлаар сануулга өгсөн
  • 2015 оны 05 сард 4 ширхэг шинэ дугуйны 2-ыг нь өөрийн буруугаас замын  хажуугийн хашлага мөргөн дугуйны бөөрийг цоолж дахин ашиглах боломжгүй болгож, хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн
  • 2016 оны 01 сараас 05 сар хүртэл машин эвдэрсэн гээд дуудлаганд огт яваагүй мөртлөө цалин авсан
  • Машинд сэлбэг, засвар хийх нэрийдлээр удаа дараа мөнгө бэлнээр авсан атлаа нэг ширхэг ч баримт өгдөггүй
  • 2016 оны 06 сард нийт 34 дуудлага ирснээс 17-д нь явж, 17-д нь яваагүй
  • 2016 оны 10 сарын 10, 10 сарын 26, 11 сарын 5, 11 сарын 11, 11 сарын 21-ний өдрүүдэд Дундговь аймгийн Баянжаргалан сумын ЭМТ-ийн эрхлэгч, их эмч Д.Доржмаа буюу удирдлагаа дарамталж, сүрдүүлэн заналхийлсэн
  • 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн машиныг гражид байрлуул гэсэн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй
  • 2016 оны 11 сарын 28-наас 12 сарын 09-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, чөлөө аваагүй, ажлын 10 өдөр сураггүй алга болсон
  • Байгууллагын удирдах албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, эсэргүүцдэг, өдөөн хатгадаг, үл хүндэтгэдэг, дарамталдаг зэрэг нь хамт олны хурлын тэмдэглэлээс маш тодорхой харагдаж хүн тус бүр хэлэх үгээ хэлж гэрчилсэн гэх мэт маш ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан.

 Эдгээр нь 2016.11.26-ны өдрийн Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Энхсайханд хандсан өргөдөл, 2016.12.13-ны өдрийн №01, 02 дугаартай ажилчдыг хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, байгууллагын цагийн бүртгэлийн дэвтэр зэргээр хангалттай нотлогддог.  ...Гэтэл анхан шатны шүүх  “ ... ямар зөрчил гаргаж ажлаас халагдах болсон нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Гурав. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй.

Анхан шатны шүүх “... Үүнээс гадна байгууллагын эд хөрөнгө болох 2 дугуйг жолоочийн буруугаас бөөрийг нь цоолсон гэж байх боловч энэхүү зөрчил нь 2015 оны 09 сарын 01-нд гарсан гэж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул дээрхи зөрчлийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгож болохгүй” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхйи байх хуулийн заалтыг зөрчсөн.  Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “ Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс  хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Уг заалт нь маргааны талаар гомдол гаргах хугацааг заасан зохицуулалт болохоос сахилгын зөрчилгүйд тооцох хугацааг зохицуулсан заалт биш юм.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.  Иймд дээрх үндэслэлээр Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.03-ны өдрийн 139/ШШ2017/00122 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Пүрэвдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

А.Пүрэвдорж Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус байгууллагын эрхлэгчийн 2016 оны 12 сарын 09-ны өдрийн 34 дүгээр ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Тус эрүүл мэндийн төвийн жолоочоор ажиллаж байсан А.Пүрэвдоржийг ажлаас халсан ажил олгогчийн 2016 оны 12 сарын 09-ны өдрийн 34 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ...40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын ... заалтуудыг баримтлан сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 

Ажлаас халах тушаалд А.Пүрэвдорж хэзээ, ямар зөрчлийг гаргасан талаар тодорхой заагаагүй боловч хариуцагч тайлбартаа ажил тасалсан, дуудлаганд яваагүй, удирдлагаа дарамталж сүрдүүлэн заналхийлсэн, эмнэлгийн машиныг гражид байрлуул гэсэн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн зөрчлийг заасан байна.

 

Хавтаст хэргийн 3 дугаар талд 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 27 дугаартай ажилтныг ажлаас халах мэдэгдэл нотлох баримтаар авагджээ.

 

Анхан шатны шүүх ажилтны цагийн бүртгэлийг үнэлэхдээ “ нэргүй баримтыг үндэслэл болгон ажилтныг ажил тасалсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд тухайн нотлох баримтын хуудас бүр нэргүй боловч ажлын өдрүүдийн үргэлжилсэн байдлаас харахад  ажилтан А.Пүрэвдоржийн цагийн бүртгэл биш гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ нотлох баримтыг няцаасан эсрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн тухайн нотлох баримтыг үнэлсэн дүгнэлт үндэслэлгүй, харин 2016 оны 11 сарын 28-ны өдөр буюу ажилтныг ажлаас халах мэдэгдэл өгсөн өдрөөс хойш ажилтан ажилд ирээгүй байдал тухайн нотлох баримтаас харагдаж байна.

Үүнээс үзэхэд ажилтны ажил тасалсан болон хариуцагчийн нэрлэн заагаад байгаа ажилтны дээрх үйлдлүүд нь давтан зөрчил болсон гэдэг нь нотлогдоогүй, энэ зөрчлүүдэд өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүй байна.

Ажилтны ажил тасалсан, зөрчил гаргасан үйлдлийг хамт олны хурлаар хэлэлцэж сануулж байсан талаар хариуцагч тайлбартаа дурджээ.

Хэргийн 78-88 дугаар хуудсанд 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 02 тоот байгууллагын хурлын тэмдэглэл авагдсан байх бөгөөд энэ нь ажилтныг ажлаас халсан өдрөөс хойш хийгдсэн байх тул энэ нь ажилтныг ажлаас халах үндэслэлтэй шалтгаант холбоогүй нотлох баримт болох нь тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, А.Пүрэвдорж сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй талаар зөв дүгнэсэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн, ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүйгээс үүсэх үр дагаврыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн байна.

 

Харин нэхэмжлэгчийн “ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн нь шаардлагын үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаараагүйгээс гадна энэ шаардлагад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасанд сахилгын шийтгэл тооцсон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэх гомдлыг хангахгүй орхиж найруулгын болгон хууль хэрэглээний талаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                  167.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны            04 дүгээр сарын 03-ны  өдрийн 139/ШШ2017/00122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн                      1 дүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дугаар заалтыг 3, 3 дугаар заалтыг 2, 4 дүгээр              заалтыг 3, 5 дугаар заалтыг 4, 6 дугаар заалтыг 5 болгон өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        3.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 184050 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                  ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ