| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0347/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/305 |
| Огноо | 2017-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунэгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч М.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, эрүүгийн 201725031166 дугаартай, Боржигон овгийн Машбатын Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Машбатын Батсайхан, 1976 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Дэвжих трейд ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 7-57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 74-1004 тоотод хамтран амьдрагч Б.Болорцэцэгийг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ойлгож байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Болорцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр манай хамтран амьдрагч хөдөө ажлаасаа буугаад ирчихсэн байсан бөгөөд намайг ажил хөөцөлдөж байгаад 15 цагийн үед гэртэй ирэхэд Батсайхан архи уугаад тасарчихсан унтаж байсан. Тэгээд би гэрээ цэвэрлээд хоол ундаа хийчээд 2 шил пиво ганцаараа уусан. Орой 21 цаг болж байх үед Батсайхан сэрсэн бөгөөд тал шил архи үлдээсэн байсныгаа босч ирээд уучихсан. Тэгээд Батсайхан намайг чи хаагуур яваад хэнтэй уулзчихаад ирэв гэж хардсаны улмаас хэрүүл хийсэн. Би ч өөрөө буулт хийх дургүй хүн учраас өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Батсайхан миний зүүн шанаа руу цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд Батсайханыг цохиж аваад бид хоёр зодолдсон. Тухайн үед Батсайхан намайг нилээд хэдэн удаа гар хөл рүү цохисон, өшиглөсөн. Мөн хоолой боосон, би эмэгтэй хүн учраас Батсайханыг дийлээгүй. Тэгээд би гэрээс гарах гэхэд гаргахгүй гээд намайг тэврээд гэрээс гаргаагүй. Батсайхан бид хоёр тухайн үед 23 цагаас 03 цаг хүртэл зодолдсон бөгөөд сүүлдээ би ядраад унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагт гэрээс гараад аавынхаа гэр рүү орж цагдаа дуудуулсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Батсайхан бид хоёр хоорондоо эвлэрсэн байгаа...” гэжээ /хх-21-24/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6685 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Болорцэцэгийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацар, зүүн шанаа, хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, доод эрүү, цээжний цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, тохой, шуу, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3, 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх доод эрүү, цээжний цус хуралт гэмтэл нь хуучивтар байх ба бусад гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-32/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43, 45/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Б.Болорцэцэгийн гаргасан “Б.Болорцэцэг миний бие М.Б д ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-25/ гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 74-1004 тоотод хамтран амьдрагч Б.Болорцэцэгийг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч М.Б ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Машбатын Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН