Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/274

 

 

 

 

 

 

 

    

                                 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Б.Мянган,

хохирогч Э.Төвшинтөр түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос  Д-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905004450219 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны зөвлөх инженер мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүү, бэр, ач нарын хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ..... хотхон ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Д-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Уран ган” ХХК-ийн ойролцоо “согтуугаар машин жолоодох гэлээ” гэх шалтгааны улмаас хамт ажилладаг Э.Төвшинтөртэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Д- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр тэмцээн болох гээд биллъярд тоглож байгаад пиво уусан. Тоглож дуусчихаад би биллъярд тоглосон мөнгөө өгөөд гарсан. Намайг гарахад Төвшинтөр машинаа асаагаад унах гэж байхаар нь би “юм уучихаад машинаа барих гээд байгаа юм уу” гэж хэлэхэд Төвшинтөр намайг түлхэхээр нь миний уур хүрээд нэг цохиход Төвшинтөр газарт унасан. Тэгэхээр нь нэг өшиглөсөн. Би хохирогчтой хамт Цагдаагийн байгууллага дээр оччихоод Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Тэр өдрийн маргааш хамт яваад эмнэлэгт үзүүлэхээр болоод салсан. Маргааш нь хохирогчтой уулзаад эмнэлэг рүү явж байхад Төвшинтөрийн эхнэр залгаад Төвшинтөр Сонгдо эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд салаад явсан, эмнэлэгт үзүүлээд эмчилгээний зардлууд гарсан гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу залгаагүй, намайг залгахаар утсаа авахгүй явж байгаад дараа нь над руу залгаад 27000 долларын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь би эмчилгээ хийлгэсэн баримтууд нь байна уу гэж асуусан. Хохирол төлбөрт 550.000 төгрөг өгсөн. Би хохирогчид хохирол төлбөр өгөх талаар хэлж байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Төвшинтөр мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Уранган хашаанд дуудлагын жолооч дуудсан. Тэгээд машинаа халаагаад зогсож байхад Д- ирэхээр нь би түлхсэн чинь зөрүүлээд намайг цохисон. Тухайн үед дуудлага өгөхөд цагдаа нар ирчихээд “нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс байж учраа ол” гээд явсан. Цохиулснаас болж хамрын яс хугараад суулт өгсөн байсан. Би Сонгдо эмнэлэгт үзүүлээд Монголд эмчилгээ хийлгэхгүй, Солонгос улсад эмчилгээ хийлгэх талаар шүүгдэгчид хэлсэн. Би Сонгдо эмнэлэгт хамрын зургаа авхуулаад Солонгос улс руу явуулсан байгаа. Монгол мөнгөөр 23.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх хариу ирсэн. Би одоо хамраа эмчлүүлэх 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хамрын яс янзлуулахад 23.000.000 төгрөг, нүд эмчлүүлэхэд 7.000.000 төгрөг болно” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Э.Төвшинтөрийн “2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн  3 дугаар хорооны нутаг дэвсгэр Уран ган ХХК-д хашаан дотор байрлах биллярдны газар би хамт ажилладаг Д-, Энхтөр, Батзориг нарын хамт биллярд тоглож байгаад Батзориг 22 цагийн орчим гэр лүүгээ явсан. Тэгээд бид гурав тоглоод 3-4 шил 0.5 граммтай Крафт нэртэй пиво уусан. Тэгээд тоглож дуусаад гараад автомашины зогсоол дээр байсан 48-58 УНИ улсын дугаартай Прадо загварын автомашинаа асаачихаад би дуудлагын жолооч дуудсан. Машинаа халааж байя гээд машинаа асаасан чинь Д- хүрээд ирэхээр нь би “та яв” гээд цээж рүү нь цаашлуулаад “би дуудлагын жолооч аваад явчихна” гэсэн чинь Д- гэнэт миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод би тэр үед газар унасан чинь нүүр рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Энхтөр нэг залуутай ирээд болиулсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаад хандсан.

          ... Тухайн үед би Д-ын машиныг барих гэж ирсэн хоёр залууд миний машиныг бариад өгчих гэсэн чинь бид хоёр хоёулаа машинтай явж байгаа гэхээр нь би дуудлагын жолооч дуудъя гэж хэлсэн чинь Д- би хүмүүсээрээ чиний машиныг бариулахгүй, чи надаар хүргүүлвэл хүргүүл гэсэн. Тэгэхээр нь би та нараар хүргүүлэхгүй, дуудлагын жолооч дуудаад машинаа бариулчихна гээд би машин дээрээ очоод машинаа онгойлгоод асаасан чинь Д- хүрч ирээд намайг цохиж зодсон. Тухайн үед би цохиулаад унаад дагзаараа газар савсан. Тэр үед нүүр рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. ... Би зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

          Гэрч Ц.Жамъяандоржийн “... биллярдны газар очсон чинь Д-, Энхтөр, Төвшинтөр гурав биллярд тоглоод дуусаж байсан ба тооцоо хийх болоод Төвшинтөр мөнгөгүй гэсэн чинь Д- ах 170.000 орчим төгрөгний тооцоо хийсэн. Тэгсэн чинь Төвшинтөр надад машиныхаа түлхүүрийг өгснөө “миний машиныг асаагаад халаагаад байж бай” гэхээр нь би Д- ахад “энэ хүний машиныг хүргэж өгөх юм уу” гэсэн чинь Д- ах Төвшинтөрд “чамайг хүргэж өгнө гэсэн болохоос машиныг чинь хүргэж өгнө гэж хэлээгүй шүү” гээд жаахан дүргүйцсэн. Тэгээд биллярдны газраас гарсан чинь Төвшинтөр согтуу мөртлөө “би өөрөө машинаа бариад явна” гээд машин руугаа алхсан.

          ... Д- ах Төвшинтөрийн араас “чи согтуу байж машин барьж яах гээд байгаа юм” гээд очсон чинь Төвшинтөр Д-ын цээж рүү түлхсэн. Тэгээд хоорондоо барьцалдаж авсанаа Д- Төвшинтөрийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон чинь Төвшинтөр унах үед Д- ах нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед би Энхтөртэй хамт очоод болиулж байх үед Тэмүүжин бас араас хүрч ирсэн. Тэгээд би Тэмүүжинтэй Төвшинтөрийг татаж босгосон чинь Төвшинтөрийн баруун дээд хөмсөг нь жаахан сэтрээд цус гарчихсан байсан.Тэгээд байж байсан чинь Төвшинтөр цагдаа дуудаад цагдаа ирэхээр нь Гэмтлийн эмнэлэгт эхлээд үзүүлэхээр болоод Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд Төвшинтөрийн хөмсөг дээр нь оёдол тавиулаад гарч ирээд би Төвшинтөрийн машиныг бариад гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Гэрч С.Энхтөрийн “... Төвшинтөр машины зогсоол дээр байсан өөрийнхөө машиныг асаасан чинь Д- очоод “чи согтуу байж машин барих гээд байна, боль” гээд машиных нь түлхүүрийг авах гэсэн чинь Төвшинтөр “би өөрөө мэдэж байна” гээд түлхүүрээ өгөхгүй байсан чинь Д- Төвшинтөрийг нэг удаа нүүр рүү нь цохисон чинь Төвшинтөр газар унасан чинь нүүр лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ... Тухайн үед Төвшинтөр согтуу байж машинаа барьж явах гээд байсан. Д- Төвшинтөрийг согтуу машин бариулахгүй гэснээс болж маргалдсан ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

          Гэрч Н.Тэмүүжингийн “... Би Д- ахын машин дээр очоод машиныг нь онгойлгож байсан чинь хүн дугарахаар нь харсан чинь Төвшинтөрийн машины хажууд Төвшинтөр газар хэвтчихсэн Д- ах хажууд нь зогсож байхаар нь би очсон чинь хоорондоо маргалдаад байж байсан ба би холдуулаад салгаад нүүрнээс нь цус гарчихсан байсан ба хэсэг байж байгаад Төвшинтөр өөрөө цагдаа дуудсан. Тэр үед цагдаа ирсэн чинь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх болоод Д- ах Төвшинтөрийг суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү бөөнөөрөө очоод үзүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1512 дугаартай:

          “1. Э.Түвшинтөрийн биед баруун ухархайн дотор ба доод хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний гадна доод захад шарх, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор талд цус хуралт, шарх, баруун хөмсөгний дээр духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн  үйлдлээр үүсэх боломжтой.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 29 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн материалаар гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 222 дугаартай:

          “1. Э.Төвшинтөрийн биед баруун ухархайн дотор ба доод хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний гадна доод захад шарх, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор талд цус хуралт, шарх, баруун хөмсөгний дээр духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ.

          3. Дээрх гэмтлүүд нь шинэ буюу хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

            Б.Д-ын яллагдагчаар өгсөн “... Надад ямар нэгэн хувийн өс хонзон хэрүүл хийх шалтаг байгаагүй. Харин тухайн өдөр Э.Төвшинтөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гээд өөрийнхөө машиныг асаагаад машинаа авч явна гээд байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй гэж маргалдсаны улмаас би иргэн Э.Төвшинтөрийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Төвшинтөрийн данс руу эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь хэсгийн ахлахуудын хураалгасан айлын найран дээр очих мөнгө 250.000 төгрөг Э.Төвшинтөрд байсан. Тухайн үед би хувиасаа 250.000 төгрөг гаргаж хуримтлалын мөнгийг Э.Төвшинтөрийн өмнөөс төлсөн. Ингээд одоогоор би нийт 550.000 төгрөг төлсөн байгаа. Би гэм буруугаа ухамсарлаж байгаа бөгөөд энэ ч утгаараа баримтаар гарсан бодит зардлыг төлөхөд бэлэн байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 88-90 дүгээр хуудас/

 

            Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “... Гэмтлийн зэргийн зааврын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтыг тогтоох хүснэгтэнд Э.Төвшинтөрийн биед учирсан гэмтлүүдээс ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах гэмтэл байхгүй байсан. Тиймээс ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж  дүгнэлт гаргасан ба эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар нь гэмтлийн зэргийг тогтоож хөнгөн зэргийн гэмтэл гэж гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 91-92 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Д- нь “согтуугаар машин жолоодох гэлээ” гэх шалтгааны улмаас хамт ажилладаг Э.Төвшинтөртэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Төвшинтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 30.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Гэвч хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар хохирогч Э.Төвшинтөрд 30.000.000 төгрөгний хохирол, хор уршиг учирсан нь тогтоогдоогүй байна.

Хохирогч Э.Төвшинтөр нь 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаа хэргийн 77-82 дугаар хуудсан байгаа баримтуудыг үндэслэж байгаа боловч эдгээр баримтууд нь нотлох баримтад тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй тул үнэлэх боломжгүй.

Харин түүний шинжилгээ, оношлогоо хийлгэсэн баримтуудаар /хэргийн 71-75 дугаар хуудас/ нийт 311.000 төгрөг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Д- нь түүнд 550.000 төгрөг төлсөн, хохирогч уг мөнгийг хүлээн авсан гэсэн тул нэмж гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Төвшинтөр  гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч  Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч Э.Төвшинтөрийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох гэсэн хууль бус үйлдэл, мөн шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Д- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Төвшинтөр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Прокуророос Г.Энхбатад холбогдуулан “Хүнийг алах” гэмт хэргийг  “онц харгис хэрцгийгээр” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мөн зүйл, хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц хэрцгий  арга  гэдэгт  хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон,  ийм үйлчилгээ үзүүлэх  бодис зориуд хэрэглэсэн эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулан ойлгоно.

Хавтаст хэрэгт “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1183 дугаартай дүгнэлтэд “...1.Талийгаач Ч.Ганбатын цогцост хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн 150 мл цус хуралт, хуйхны  шарх, цус хуралт, зулгаралт, дух, 2 хөмсөгний голд, 2 шанаа, зүүн хацар, хамрын нуруу, 2 чихний дэлбээ, эрүү, ооч, хүзүү, зүүн тохой, нуруу, баруун өгзөгний зулгаралт, 2 сарвуу, зүүн бугалга, баруун тохойн зулгаралт, цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлий, 2 шилбэ, баруун шууны цус хуралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач дээр хоёр талын олон хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цусан хураа, хуйхны шарх, цус хуралт, зулгаралт, баруун чамархайн аалзан бүрхүүлийн доох цусан хураа, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, цээж, зүүн эгэмт, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь шинэ, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 84-87 дугаар хуудас/ авагдсан бөгөөд амь хохирогч буюу талийгаач Ч.Ганбатад олон тооны шархыг шүүгдэгч Г.Энхбат учруулжээ.

Дээрх амь хохирогчид учирсан олон тооны шархаас үзвэл Г.Энхбатыг “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж үзэх боловч  онц харгис хэрцгий гэдэг нь  эмнэлгийн ойлголт биш учраас дээрх байдал нь шүүх эмнэлгийн шинжилгээнд хамаарахгүй юм.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Энхбат нь өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 10-14 дүгээр хуудас/ гэрч П.Батгэрэлийн “...Ганбат нь үхчихээр нь би адъяалаар бүтээж, тэргэн дээр түрж аваачаад өгсдөг шаттай арын гудамжинд аваачаад тавьчихсан  гэж л хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас  53 дугаар хуудас/ Г.Энхбатын сэжигтэнээр өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед сэрээд Ганбатыг хөөе босоод цай чанаадах гэж хэлсэн чинь хөдлөх хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь очоод харсан чинь Ганбат нас барчихсан байсан юм. ...” гэсэн мэдүүлгүүдээр  амь хохирогчийг нас барсан болохыг шүүгдэгч мэдсэн үедээ гэмт хэргээ нуун далдлахын тулд цогцсыг зөөвөрлөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 25 дугаар гудамжны 1070 тоот хашааны зүүн талд аваачиж хаяжээ.

Иймд Г.Энхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.