Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0632

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК.

Хариуцагч:  ХЗДХЯ.

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комисс.

Нэхэмжлэлийн шаардлага: “ХЗДХЯны комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр  хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, П.Э, иргэдийн төлөөлөгч Д.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль /2015.08.07/ батлагдан гарахаас өмнө хуулийн дагуу цагдаа, тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрлөөр ан агнах зориулалттайгаар улсын хилээр импортлон оруулж ирсэн галт зэвсгүүдийг шинэчилсэн хуулийн хүрээнд спорт-сургалтын зориулалтаар  борлуулж  байна.  Дээрх  галт  зэвсгүүд  нь оруулж ирээд цагдаа, тагнуулын байгууллагад мэдэгдэн бүртгэлд авагдсан байсан тул Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллага бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно.” гэсэн заалтын хүрээнд ангийн зориулалтаар ашиглаж болно" гэж үзсэн болно.

Тус компани нь 2012 онд ОХУ-ын “Молот-Оружие” үйлдвэрт 580 ширхэг галт зэвсэг худалдан авах №496/60615883/е0242 тоот гэрээний урьдчилгаа 71490 $/ам доллар/ шилжүүлсэн ба захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, шийдвэрээс шалтгаалан 2012 оноос хойш нэг ширхэг ч галт зэвсэг импортолж чадаагүй байна. Оросын талаас гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй, үнийн дүнд захиалгат Вепрь загварын галт зэвсгээ авах боломжтойг мэдэгдэж, одоогийн байдлаар тус компанид 17872 $ /ам доллар/-ын бодит хохирол учраад байна. /ашгийг тооцохгүйгээр/

Вернь загварын өөрөө цэнэглэгдэх /хагас автомат/ галт зэвсэг нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа галт зэвсгийн тухай хуулийн иргэннй болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн төрөл /ан агнахаас бусад/-д хамаарагддаг. Үүнд иргэн, хуулийн этгээд нь харуул хамгаалалт, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зорилгоор ашиглаж, өмчилж болохоор хуульчилсан байна.

Энэ нь Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Иргэний зориулалттай галт зэвсэг” 6 дугаар зүйл “Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэгт”-д тус тус хуульчилсан ба Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А250/А379/437 тоот хамтарсан тушаал “Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт батлах тухай”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №5097 дугаартай мэргэжилтний магадлагаа, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №504 дугаартай мэргэжилтнүүдийн магадлагаа, галт зэвсэг үйлдвэрлэгчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль батлагдан гарснаас хойш өнөөдрийг хүртэл Вепрь загварын болон хагас автомат галт зэвсгийг спорт холбоо, хувь иргэн хуулийн хүрээнд улсын хилээр оруулж ирж, цагдаагийн байгууллагад бүртгүүлэн өмчилж, эзэмшсээр байна.

Гэтэл ХЗДХЯны 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 1-4/1011 дугаар албан бичгээр ирүүлсэн Комиссын шийдвэр нь хууль, журмын зүйл заалт, шинжээчийн магадлагааг буруу тайлбарлан татгалзах үндэслэлээ болгосон байна.

Албан бичгийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 -д заасан захиргааны актын шинжийг эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байгаа боловч /хүсэлтэд татгалзсан хариу өгснөөр импортлох боломжгүй нөхцөл байдал үүссэн/ Захиргааны ерөнхий хуулийн 40.2 40.3- д заасан шаардлагыг хангахгүй байна.

Мөн хуульд заасны дагуу захиргааны акт гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах ёстой Захиргааны ерөнхий хуулийн 13.3-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг татан оролцуулаагүй, 15-д заасан оролцогчийн эрхийг хангаагүй, 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг буруу тогтоосон, холбогдох нотлох баримтыг дутуу үнэлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Хуульд заасан нотлох баримтыг цуглуулахдаа оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ажиллагаа хийгдээгүй. Ямар үндэслэлээр, ямар  нотлох баримтад тулгуурлаж татгалзаж байгаагаа оролцогчид шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэж тайлбар аваагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан боловч олгоогүй, 26.2-д заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, 31-д заасан зөвлөгөө, мэдэгдэл өгөөгүй, 32-д заасан баримт бичигтэй танилцах эрхээр хангаагүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь 2012 онд ОХУ-ийн “Молот-Оружие” зэвсгийн үйлдвэртэй байгуулсан №496/60615885/Е0242 тоот гадаад худалдааны гэрээ /2-р х.хэрэг 94 хууд/-ний үндсэн дээр 580 ширхэг галт зэвсгийг худалдан авахаар хэлцэл хийж 71.190 доллар төлсөн болно. Дурдсан галт зэвсгүүдээ оруулах гэсэн боловч Галт зэвсгийн тухай хууль өөрчлөгдөн найруулагдаж буйтай холбогдуулж 2013 оноос галт зэвсэг сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах сонгон шалгаруулах ажлыг зарлаж, зохион байгуулаагүй болно. Улмаар 2015 онд Галт зэвсгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хилээр оруулж ирэх бууны зөвшөөрлийг тодорхой тооны квотоор тусгай Комиссын дүгнэлтээр Хууль зүйн яамны сайд олгохоор болсон.

Иймд манай компани 2016 онд тусгай зөвшөөрлөө шинэчлэн авч /1-р х.хэрэг 6 хуудас/, мөн оны 5 сараас 580 ширхэг бууг спорт-сургалт, харуул хамгаалалт, ан агнах зориулалтаар оруулах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй тул 2016 оны 08 сарын 05 өдөр №2/25 тоотоор бууны тоог 380 ширхэг болгон цөөрүүлж, дахин хүсэлт гаргасан. Эдгээр бууны 180ш нь харуул хамгаалалт, спорт-сургалтын зориулалттай, үлдсэн 200ш нь агнах зориулалттай байсан болно.

Хүсэлтийн дагуу яамнаас “А” ХХК-ийн ирүүлсэн албан бичигт дурдсан галт зэвсэг, сум нь иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах зориулалттай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 5097 дугаар шинжээчийн магадлагаагаар “Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, А379, 437 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.1, 1.2, 2-т заасан /ан агнах, спорт-сургалтын, харуул хамгаалалтын/ галт зэвсгийн техникийн үзүүлэлтийн хувьд хамаарна” гэсэн дүгнэлт /1-р х.хэрэг 30 хуудас/ гарсан.  Тодруулбал, батлагдсан жагсаалтын 1.1 нь ан агнах зориулалттай, ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх галт зэвсэг, 1.2 нь спорт сургалтын зориулалттай ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй галт зэвсэг, 2 нь харуул хамгаалалтын ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй галт зэвсэг бөгөөд “А” ХХК-ийн хүсэлт гаргасан буунууд нь дурдсан галт зэвсгийн ангилалд хамаарах  болох нь магадлагаагаар батлагдсан юм.

Гэвч зөвшөөрөл бүхий компаниудад тодорхой тооны квотоор зөвшөөрч байгаа тул “танай оруулж ирэх бууны тоо их байна” гэсэн тул ангийн зориулалтаар оруулж ирэх 200 ширхэг ангийн бууг хасаж, зөвхөн харуул хамгаалалт, спорт-сургалтын зориулалттай  180 ширхэг галт зэвсэг оруулж ирэх зөвшөөрлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний №2/30 тоотоор хүссэн. Хүсэлтээ шинэчлэн боловсруулж 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №1/26 тоотоор дахин хүргүүлсэн. Гэтэл ХЗДХЯнаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1-4/1529 албан бичгээр “галт зэвсгийн асуудал хариуцсан эрх бүхий Комиссын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн санал, дүгнэлтийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан” гэсэн хариу /1-р х.хэрэг 43 хуудас/ ирүүлсэн. Гэтэл энэхүү Комиссын дүгнэлт нь дээр дурдсан мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийн эсрэг байсан төдийгүй 2 сайдын тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад хамаарч байгаа галт зэвсгийг оруулж ирэхийг үндэслэлгүйгээр татгалзсан байсан.

Иймд “А” ХХК-ийн зүгээс хилээр импортлохыг хүсч байгаа 180 ширхэг буу нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр хилээр оруулахыг зөвшөөрөгдсөн галт зэвсгийн ангилалд хамаарч байхад яагаад зөвшөөрөл өгөхгүй байгаа талаар, түүнчлэн энэ байдлаас компани ихээхэн хэмжээний хохирол хүлээж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар бичиж, ХЗДХЯанд 2016 оны 11  дүгээр 28-ны өдөр №1/35 тоотоор дахин хүсэлт /1-р х.хэрэг 34-37 хуудас/ гаргаж хандсан.

Гэтэл ХЗДХЯ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 11 өдрийн 504 дугаартай шинжээчийн магадлагаа /1-р х.хэрэг 31 хууд/-г дахин гаргуулсан байдаг. Яамнаас шинжээчид “А” ХХК гомдол гаргаж, дахин улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсч хандсан тул ирүүлсэн материалд дурдсан галт зэвсгүүд нь ямар зориулалтын галт зэвсэг болох талаар” асуулт тавьсан. Магадлагааны хариу нь "Вепрь-308 /СОК-95/, Вепрь-223 Супер /СОК-97М/, Вепрь-КМ /ВПО-136/ галт зэвсгүүд нь галт зэвсгийн тухай хуулийн 5.2- дах хэсэг, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 сарын 3 өдрийн А/250, А/379, 437 тоот хамтарсан тушаалын хавсралтад заасан ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Хууль зүйн яамны комисс 2017 оны 01 сарын 13 өдөр хуралдаж, дээрх магадлагааг үндэслэн “А” ХХК-ийн хүсэлтээс татгалзах санал, дүгнэлт гаргаснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Бямбацогтоос 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр бидэнд татгалзсан хариу /1-р хэрэг 44 хуудас/ ирүүлсэн болно.

Ингээд “А” ХХК нь ХЗДХЯны сайдад 2018 оны 01дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаартай албан бичгээр дахин хандаж, тус компани тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг ч галт зэвсэг импортолж оруулж ирж чадаагүй болохоо дурдаж, 180ш галт зэвсэг оруулахад зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариулт нь холбогдох хуулиуд зөрчиж байгааг анхааран үзэж тус асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт /1-р х.хэрэг 41 хууд/-ийг дахин гаргасан билээ. Учир нь ОХУ-ийн “Молот-Оружие” зэвсгийн үйлдвэрээс 2012 онд байгуулсан №496/60615885/Е0242 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр өмнө шилжүүлэн өгсөн 71.190 долларыг торгуулийн хэлбэрээр суутган авах мэдэгдэл /1-р х.хэрэг 28 хууд/- ирүүлсэн бөгөөд “А”ХХК-иас удаа дараа хүсэлт гаргасны эцэст их хэмжээний торгууль алданги тавилгүйгээр шилжүүлэн өгсөн төлбөрийн үнийн дүнд гэрээнд заагдсан барааг нийлүүлэх боломжийг олгож нэмэлт гэрээ байгуулаад байсан юм. Үүний дагуу Хууль зуйн яамны Комисс 2018 оны 02 дугаар сарын 14 өдөр хуралдаж, өмнө гаргаж байсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дугаар сарын 11 өдрийн 504 дугаартай шинжээчийн магадлагаагаа үндэслэж татгалзсан шийдвэр гаргасан /2018 оны 02 сарын 14 өдрийн №01 дүгээр шийдвэр/-ны дагуу 2018 оны 2 дугаар сарын 28 өдөр Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан мөн л татгалзсан албан бичиг /1-р х.хэрэг 46 хууд/ бидэнд ирүүлсэн болно. Хууль зүйн яамны Комиссын энэхүү шийдвэрийг тус компанийн зүгээс хууль бус гэж үзэж байгаа юм. Учир нь

1-рт: Комиссын дүгнэлт гаргах үндэс болсон шинжээчийн магадлал шинжилгээнд тавигдах хуульд заасан журам шаардлагыг хангах ёстой. Яам шинжээчид .”А” ХХК гомдол гаргаж,  дахин улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсч хандсан тул ирүүлсэн материалд дурдсан галт зэвсгүүд нь ямар зориулалтын галт зэвсэг болох талаар” асуулт тавьсан байтал “ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ойлголтод хамаарахгүй” гэсэн тэс хөндлөн хариулт өгсөн нь, тавьсан асуултанд тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой, эргэлзээгүй хариулах журмыг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт юм. Гэтэл ийнхүү хуульд заасан шаардлага хангаагүй дүгнэлтийг үндэс болгож гарсан Комиссын дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй.

Харин Хууль зүйн яамнаас 2016 оны 8 сард томилогдсон шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 23 өдрийн 5097 дугаар магадлагаа нь дээрх асуултанд туйлын тодорхой хариулт өгсөн байдаг. Тодруулбал, тус магадлагаанд маргаан бүхий галт зэвсгүүд иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах зориулалттай эсэхийг тогтоолгох асуулт тавигдсан бөгөөд “А”ХХК-ийн хүсэлт гаргаж буй галт зэвсэг нь “..хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.1, 1.2, 2-т заасан галт зэвсгийн техникийн үзүүлэлтийн хувьд хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан нь жагсаалтын 1.1 нь ан агнах зориулалттай, 1.2 нь снорт, сургалтын зориулалттай, 2 нь харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгүүд тул ийнхүү зориулалтыг нь тогтоосон хүчин төгөлдөр магадлагаа байсаар атал тавьсан асуултанд оновчтой хариулаагүй, үндэслэлгүй дээрх дүгнэлтийг үндэслэж, хэт нэг талыг баримталсан Комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2-рт: Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх тухай ойлголт нь дээр дурдсанаар сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.1 -д заасан ан агнах зориулалттай галт зэвсэгт хамаарах зохицуулалт буюу ан агнах зорилгоор галт зэвсэг оруулж ирэх этгээдэд тавигдаж буй шаардлага. Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий 180ш галт зэвсгийг ан агнах зориулалтаар импортлох хүсэлт гаргаагүй, харин спорт, сургалтын зориулалтаар оруулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийн хариуг санаатайгаар буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй.

Ийнхүү огт хамааралгүй үндэслэлээр татгалзаж буй комиссын шийдвэр нь галт зэвсэг итпортлох, худалдах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хязгаарласан тул захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

3-рт:Дээр дурдсан хуралдаануудаар маргаан бүхий хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, биднийг тайлбар, санал гаргах боломжоор хангалгүй, шийдвэр гаргах ажиллагаа явуулсан нь хууль бус. Энэ талаар шүүхээс нотлох баримт гаргуулахад комиссын эрх бүхий албан тушаалтан / ЦЕГ-ын албаны дарга д/х П.Э/-аас сонсох ажиллагаа явуулаагүй тухай албан бичиг ирүүлсэн байдаг. /1-р х.хэрэг 193-195 хууд/

Түүнчлэн 2018 оны 02 сарын 14 өдрийн хуралд манай компанийн төлөөллийг оруулаад  хуульд заасан эрхийг маань эдлүүлээд ил тод ярилцах бүрэн боломж байсан гэвч хуулиараа асуудал манай галд шийдэгдчих ихээхэн магадлалтай байсан төдийгүй комиссын гишүүд өөрсдөө ч гаргаж буй шийдвэртээ илтгэлгүй байсныг нотлох баримт тус хурлын тэмдэглэлд доорх байдлаар тусгагдсан байдаг. Үүнд:

д/х П. Э: “...Нэг сөрөг тал нь Веприйг нэг компани оруулаад ирэх юм бол дараа дараагийн компаниуд оруулна гээд нэг тийм эрсдэл байгаа

х/а Я : “Аан тийм” /Тэмдэглэлийн 9 дэх тал/

          х/а Я : “...Энэ тэгээд захирлыг нь оруулж ирээд нүүрэн дээр нь шийдчихэж болохгүй байсан юм уу”

А.Э: “Тодорхой хариу өгчих ёстой байхгүй юу ... Одоо шүүхдэх гээд л байгаа л даа” /Тэмдэглэлийн 9 дэх тал/

х/а А: “...ийм ийм төрлийн бууү ийм ийм үйл ажиллагаатай бууг гээд хуулиндаа оруулж өгөөгүй учраас хэрэв бид нар энэ дээр татгалзчих юм бол шүүх дээр ялагдчих магадлал өндөртэй, өөрөөр хэлбэл бид нарын шийдвэрийг  шүүх дээр аваад орчих ийм магадлал харагдаад байгаа байхгүй юу, тийм л юм байна лээ” /Тэмдэглэлийн 10 дах тал/

х/а Я : “... дараагийн хурал дээр тухайн байгууллагын хүнийг өөрийг нь  биеэр оруулъя, ярилцъя, бид нар ялагдмаар бол хамаагүй тэр өгдөг зөвшөөрлийг нь өгөөд явуулахгүй юу ..” / тэмдэглэлийн 12 дах тал/

мөн Комисс хүсэлт гаргасан галт зэвсгийг улсын хилээр оруулж ирэх зөвшөөрлийг аль болох олгохгүй байх талаас нь илт хандаж байсныг Комиссын гишүүдийн тэмдэглэлд тусгагдсан дараах хэлэлцүүлгээс харж болно. Тухайлбал:

д/х П. Э: “... сонгон шалгаруулалтаар “А”ХХК сонгон шалгараад тэгээд Вепрь маркийн буугаа ан агнахаас бусад зориулалтаар спорт сургалт, үзмэр цуглуулга, харуул хамгаалалтын зориулалтаар иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, өмчилж болохоор Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу ийм хүсэлтээ гаргасан юм байна лээ” /тэмдэглэлийн 8 дах тал/

д/х П. Э: “Галт зэвсгийн тухай хуульд зааснаар бол энэ Вепрь маркийн бууг болохоор хуулинд хориглосон заалт байхгүй, ... Хуулийн 5-р зүйлд спорт сургалтын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн ийм л байгаа”

      х/а Я : Веприйг харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөгдөх юм  уу?

д/х П. Э: Ерөөсөө жагсаалтаараа ч зөвшөөрөгдөхөөр байгаа.

д/х Амгалан: Вепрь нь өөрөө жагсаалтад орсон харуул хамгаалалтаар ашиглана гээд /тэмдэглэлийн 9 дэх тал/

д/х П. Э: “... иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалтаас харахаар хориглосон заалт байхгүй байгаа юу, ан агнах дээр ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх гээд заасан байгаа” /тэмдэглэлийн 9 дах тал/

 х/а Амгалан: “Энэ дээр ийм юм билээ, Ядамсүрэн даргаа бид нар судалж үзсэн юм аа Вепрь гэдэг юм уу, Сайга гэдэг юм уу, буу үйлдвэрлэгч орон нь болохоор ан агнах зориулалтаар гээд өгчихдөг, ...үйлдвэрлэгч орон нь спорт, ан агнах гээд хийчихсэн " /Тэмдэглэлийн 9 дэх тал/

  д/х П. Э: ‘‘Үйлдвэрийнх нь ан агнах, спорт сургалт гэж байгаа тэгэхлээр спорт сургалтын зориулалтад орох боломжтой” /тэмдэглэлийн 10 дах тал/

 

 

А.Э: “... өнгөрсөн жилийн хурлын шийдвэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байхгүй юу, ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх ойлголтод хамаарахгүй гээд хагас автомат болчоод байгаа байхгүй юу”

д/х П. Э: “Тэгэнгүүт наадах чинь спорт сургалтын буюу 1.2-т ороод явчихаж байгаа юм”

А.Э: “...бид нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг барина шүү дээ.Тэгэхгүй бол бид нар дахиад л ... тэгвэл дахиад шинжилгээнд өгье”

        х/а Ж.А: “Дахиад л гарна шүү дээ”

А.Э: “Тэгвэл батлан хамгаалах яамны зэвсгийн шинжээчид өгье л дөө”

х/а Ж.А: “Дахиад л гарна шүү дээ, ялгаа байхгүй, би өөрөө галт зэвсгийн мэргэжилтэй хүн”

А.Э: “ Тэгвэл гараар цэнэглэгдэх гэсэн ойлголтод хамаарахгүй гээд хариу өгье л дөө"

д/х Э: “1-рт ийм асуудал үүсэх гээд байгаа, хууль зүйн үйлчлэлийнхээ хувьд үүнийг хориглоогүй, 2-рт энэ жагсаалтаар ан агнахаас бусад зориулалтаар ашиглахаар ийм заалттай, 3-рт д/х П. Э: үйлдвэрлэгч орны  техникийн тодорхойлтод зориулалтаар ан агнах, спорт сургалтын гээд заагаад өгсөн учир үндэслэл болоод байгаа юм” /тэмдэглэлийн 10 дах тал/

х/а Я: “...Наадханд чинь олгох юм бол аюултай юм болно, сүүлд нь нэг хүнийг дэмжсэн асуудал болно, ... Үүнийг ингээд хариу өгье дахиад маргаан гаргаад сайдад хандах юм бол тодорхой саналаа манай ХЗДХЯ-ны төлөөлөл байгаа учраас ганцаараа биш комиссоороо шийдсэн гэдэг байр сууринд байя” /тэмдэглэлийн 12 дах тал/ гэх зэргээр хуралдаж эцэст нь зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан байдаг. Комиссын хурлын тэмдэглэлийн дээрх хэсгээс үзвэл хуралдааны явцад хүсэлт гаргасан 180ш галт зэвсэг спорт сургалтын зориулалттай болохыг гишүүд хүлээн зөвшөөрч, мэдэж байсан хэдий ч зориудаар татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болохыг давхар баталж байна.

Ийнхүү “А" ХХК-ийн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хууль зүйн яамны комиссын 2016.10.28 ийн өдрийн холбогдох шийдвэр болон 2017 оны 01 сарын 13-ний, 2018 оны 02 дугаар сарын 14 өдрийн № 01 дүгээр хурлын шийдвэрүүдийн 3 дугаар заалт илт үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгчээс: “Спорт зориулалттай буу оруулж ирэх хүсэлт гаргавал зөвшөөрөл өгөх юм уу” гэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “өгнө, нээллтэй" гэж хариулсан. /2018 оны 11 сарын 14-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл 6 дэх тал/ Үүнээс үзэхэд хариуцагч бидний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байх тул талууд шүүхийн өмнө асуудлыг эвлэрлээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу ХЗДХЯны Комиссын 2018 оны 02 сарын 14 өдрийн №01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дэх хэсэг буюу “А”ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан хууль бус заалтыг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргаж буй нэр бухий 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалттайгаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай компани 2012 онд Оросын холбооны улсын зэвсгийн үйлдвэртэй гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр 580 ширхэг галт зэвсэг худалдан авах гэрээ хийж, 71.190 долларыг 2012 онд тус компанид  өгсөн. Галт зэвсгийн тухай хуулинд өөрчлөлт орох тул 2012-2015 оны хооронд галт зэвсэг оруулахгүйгээр хүлээсэн. 2015 онд галт зэвсгийн шинэ хууль батлагдан гараад хилээр оруулж ирэх бууны зөвшөөрлийг Хууль зүйн дотоод хэргийн яам тодорхой комиссын дүгнэлтээр гаргуулах талаар хуулийн өөрчлөлт оруулсан. Манай компани 2016 онд 6 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл авсан.

2016 онд Хууль зүйн дотоод хэргийн яаманд 580 ширхэг буу оруулж ирэх хүсэлтийг тавьсан. Монгол улсын хилээр ангийн болон спортын зориулалтаар оруулж ирэх хүсэлт өгсөн. 2016 оны 8 дугаар сард хандахад олон ширхэг буу байх тул зөвшөөрөөгүй тул 580 ширхэгийг 380 болгож зөвшөөрөл хүссэн. 380 ширхэг бууны 180 ширхэгийг спортын зориулалтаар, 200 ширхэгийг ангийн зориулалтаар оруулж ирэхийг хүссэн. Хууль зүйн яам шинжээч томилоод зөвшөөрлийн дагуу оруулж ирэхийг хүссэн буу нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулахаар дүгнэлт гаргуулж, шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 5097 магадлагаа гарсан. Уг магадлагаагаар оруулж ирэх гэж буй буу нь Байгаль орчин аялал жуулчлал, спортын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалын хавсралтаар батлагдсан бууны жагсаалтын техникийн үзүүлэлтэнд хамаарч байна гэсэн дүгнэлт гарсан.

Хууль зүй дотоод хэргийн яамны комиссын хуралдаанаар манай компанийн зөвшөөрөл хүссэн бууг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу өгсөн. Бид шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. 380 ширхэг буунаас ан агнах зориулалттай бууг хасаад 180 ширхэг бууг спортын зориулалтаар оруулах талаар хандахад Хууль зүйн дотоод хэргийн яам хүлээж авсан. Дахин шинжилгээнд хамруулж, шинжээчийн магадлагаа дахин гарсан байдаг. Уг шинжээчийн магадлагаагаар ямар зориулалтаар галт зэвсэг оруулах талаар шинжилсэн. Шинжээч гараар цэнэглэгдэх ажиллагаанд хамаарахгүй буу байна гэж дүгнэлт гаргасан. Хууль зүйн яам энэхүү дүгнэлтийг үндэслээд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дахин хуралдаж, буу оруулж ирэхийг зөвшөөрөөгүй. Бид шийдвэрийн дараа ан агнуурын зориулалтаар оруулж ирэх бууг оруулж ирэх хүсэлтээсээ татгалзсан. Харин спорт зориулалтын бууг оруулж ирэх хүсэлтээ дахин тавьсан.

Оросын холбооны улсын компанитай байгуулсан гэрээний хугацаа дуусч торгууль ноогдуулах талаар албан бичиг ирүүлсэн талаар Хууль зүйн яаманд тайлбарлан хэлсэн. Хууль зүйн яам 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр гурав дахь удаа хуралдаж, гараар цэнэглэгдэх боломжгүй галт зэвсэгт хамаарч байгаа тул хилээр нэвтрүүлэх боломжгүй гэж шийдвэр өгсөн. Ангийн бууны зориулалтанд гараар цэнэглэгдэх бууг хориглосон заалттай. Гараар цэнэглэх зориулалттай бууг хилээр оруулах болсон тул ангийн бууг хассан талаар дахин хүсэлт явуулж хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхны шинжээчийн дүгнэлт нь сайдын тушаалтай нийцэж байсан. Манай компани хилээр буу оруулж ирэх хууль ёсны зөвшөөрөлтэй. Гэхдээ жил бүр тодорхой тооны бууг хилээр оруулдаг учраас жил бүр зөвшөөрлийг авдаг. Бид бүхний оруулж ирэх гэж байгаа спорт зориулалтын буу бөгөөд ан агнуурын буу бол биш байсан.

Оросын холбооны улсын компани шүүхийн шийдвэрийг гартал гэрээгээ цуцлахгүй байх талаар хэлсэн. Бидний оруулж ирэх буу нь ангийн зориулалттай буу бол биш байсан. Манай компани бол спорт зориулалтын компани бол биш. Спорт ангийн зориулалтаар буу оруулж ирж, иргэдэд худалдаалдаг компани. 

Нийтдээ спорт зориулалтын бууг манай компани 30-40 ширхэгийг зарсан байдаг. Ийм учраас спортын зориулалттай бууг манай компанийг оруулж ирэхэд хориглох зүйлгүй. Дээр дурдсан сайдын тушаалд хэрвээ хилээр спорт сургалтын байгууллага бууг оруулж ирвэл бусдад зарахыг хориглосон. Манай компанийн хувьд спорт сургалтын зөвшөөрөлгүй. Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулиар энэ төрлөөр галт зэвсэг оруулахыг зөвшөөрсөн байдаг. Галт зэвсгийн тухай хуулиар нийтэд зарах компани, спорт сургалтын компани, нийт тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвшөөрөл олгож болно гэж заасан байхад эрх бүхий комисс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ХЗДХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХЗДХЯанд холбогдох захиргааны хэрэгт дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна

1. Улсын Их Хурлаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Галт зэвсгийн тухай хуулиас өмнөх хуулийн зохицуулалтаар буюу 2012 онд ан агнах зориулалтаар зохих зөвшөөрлөөр оруулж ирсэн 93 ширхэг галт зэвсгүүдийг ан агнах зориулалтаар худалдан борлуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тухайд:

Улсын Их Хурлаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр баталсан Галт зэвгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт “Хууль хүчин төгөлдөр болсноос хойш цэнэглэгдэх галт зэвсгийг ангийн зориулалтаар худалдахыг хориглоно”  гэж заасны дагуу ан агнах зориулалтаар бүртгэх боломжгүй бөгөөд ан агнахаас бусад спорт-сургалтын зориулалтаар худалдах санал хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 2 дахь хэсэгт ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл сумаа нэг нэгээр гараар хийж цэнэглэж сумлах ажиллагаатай галт зэвсэг байдаг. Мөн автоматаар цэнэглэдэг буу нь хөнөөх чадварын хувьд их нэг цэнэглэлтээр олон сум гардаг байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт заасан “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно" гэж заасан нь тухайн галт зэвсгийг худалдан авсан иргэнд хамааралтай зохицуулалт бөгөөд галт зэвсгийг худалдан борлуулах зорилгоор оруулж ирсэн хуулийн этгээдэд хамаарахгүй болно.

2.0росын холбооны улсын “Молот-Оружие” үйлдвэртэй 2013 онд хэрэгжүүлэхээр байгуулсан 1&496/60615883/е0242 тоот худалдааны гэрээг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас олгосон Вепрь загварын галт зэвсгүүдийг улсын хилээр оруулах лицензийг шинэчлэн 2017 оны квот Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг импортлох лицензийг нөхөн олгох тухайд:

“А” ХХК-иас тус яаманд /комисст/ 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаартай албан бичгээр хандан гаргасан “Вепрь” загварын 180 ширхэг иргэний / зориулалттай галт зэвсгийг худалдан авах хүсэлт гаргасан.

Эдгээр 180 ширхэг Вепрь загварын галт зэвсэг нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дүгээр шинжээчийн дүгнэлтээр: Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй,  хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна.

Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын хамтарсан “Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт батлах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/250/2/379,437 дугаар тушаалын хавсралтын 1.1-д заасан “ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ангилалтад хамаарагдахгүй гэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан тул ХЗДХЯнаас тус компанид хүргүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1-4/1011 дугаар албан бичиг нь захиргааны акт биш болно.

Иймд дээр дурдсаны дагуу захиргааны акт биш тул нэхэмжлэлд дурдсаны дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан 13 дугаар зүйлийн 13.3-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг татан оролцуулаагүй, 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаагүй гэсэн үндэслэл яригдахгүй бөгөөд 26.1, 28.2, 31, 32 зүйлд заасан ажиллагааг хийхгүй болно.

Мөн дээр дурдсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дүгээр шинжээчийн дүгнэлт нь хангалттай нотлох баримт бөгөөд шинжээчийн дүгнэлтийг дахин үнэлэх, нотлох баримтыг цуглуулах шаардлагагүй болно” гэжээ.

Хариуцагч ХЗДХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан  тайлбартаа: “Анхны нэхэмжлэл дээр хилээр оруулж ирсэн 93 ширхэг бууг худалдах 200 ширхэг бууг нэмж оруулах гэж нэхэмжлэл гаргасан байсан. Оруулж ирсэн буу нь Галт зэвгийн тухай хуулийн   26.8 дугаар зүйлд зааснаар зарагдаж байгаа юм. Нэгэнт хилээр оруулаад ирсэн бууг комисс хуралдаад зар гэсэн юм. Хилээр оруулж ирээгүйг нь хуулийн зохицуулалтаар ангийн зориулалттай буу гараар цэнэглэгддэг учраас хагас автомат болохгүй буунд хамаарч оруулахгүй байх шийдвэр гаргаж хуралдсан. Тусгай зөвшөөрлийн тухай хуулинд ангийн зориулалттай тусгай зөвшөөрлийг тусад нь ан агнуурын зориулалттай бууг хэрхэн оруулах талаар ялгаж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын хувьд буу гэдэг зүйл нь дотоод хяналтын маш том комисс гарч ажилладаг тул хуулийн дагуу ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд заасан эрхийн дагуу тус компани нь энэ хуулийн 15.5.2-т заасны дагуу сум импортлох худалдаалах тусгай зөвшөөрлөөр худалдахаар байсан. Спорт сургалтын зориулалтаар галт зэвсэг оруулж ирэх эрх зүйн үндэслэл байхгүй. Галт зэвсэг сум, улсын хилээр нэвтрүүлэх журмын 1.2-т спорт зориулалтаар хэрхэн яаж оруулж ирэхийг тусгайлан заасан учраас тус компанид хамаарахгүй гэдгийг хэлмээр байна” гэв.

Хариуцагч  ХЗДХЯны сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комиссын дарга Д.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад нь дурдсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу “А”ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, “А”ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт-сургалтын зориулалттайгаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах асуудлаар хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Дээр дурдсан “А” ХХК-ийн 180 ширхэг буутай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын шийдвэр нь:

“А” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаартай албан бичгээр гаргасан “Вепрь” загварын 180 ширхэг иргэний зориулалттай галт зэвсгийг худалдан авах хүсэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дугаартай шинжээчийн магадлагааг үндэслэн Вепрь-308 /СОК-95/, Вепрь-223 супер /СОК-97М/, Вепрь-КМ/ВПО-136/ галт зэвсгүүд нь Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтран баталсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, А/379, 437 дугаар тушаалын хавсралтад заасан “Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ойлголтод хамаарагдахгүй байх тул улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хүргүүлэхээр тогтов” гэсэн байна.

Комисс энэхүү шийдвэрийг гаргахдаа “А” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаарын албан бичигт дурдсан хүсэлтийг хэлэлцсэн. Уг албан бичигт:

“Тус “А” ХХК-ийн /регистрийн дугаар 2668807/ нь 2016, 2017 онуудад 0росын холбооны улсын “Молот-Оружие” үйлдвэрээс Вепрь нэр төрлийн 180 ширхэг иргэний зориулалттай галт зэвсэг худалдан авах импортын /2013 оны Эдийн засгийн хөгжлийн яамнаас авсан импортын № МН/03/0048 тоот /лицензийн тухай хүсэлтээ танайд хүргүүлсэн боловч комиссын саналыг үндэслэн “Зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн юм. Комисс ямар шалтгаанаар татгалзсан тухай эрх зүйн үндэслэлийг албан бичигт дурдаагүй байна.

... Дээрх асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэн хариу өгч, манайд ажилд тусална уу” гэж хусэлтээ гаргасан байна.

Үүнээс үзэхэд тус 01 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь тус компанид олгосон 2013 оны Эдийн засгийн хөгжлийн яамнаас авсан импортын № МН/03/0048 дугаар лицензийг сунгах, шинээр олгох асуудал байсан болно.

Мөн “А” ХХК-иас албан бичигт дурдсан 2016, 2017 онуудад гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн магадлагаа гаргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дугаартай шинжээчийн магадлагаагаар Вепрь-308/СОК-95/, Вепрь-223 супер /СОК-97М/, Вепрь-КМ/ВПО-136/ галт зэвсгүүд нь Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хууль зүйн  сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтран баталсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, А/379, 437 дугаар тушаалын хавсралтад заасан “Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ойлголтод хамаарахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Иймд уг хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр нь дээр дурдсан шинжээчийн магадлагаа, тус компаниас удаа дараа гаргасан хүсэлтийг хэлэлцэн, гарсан шийдвэр болно.

Гэтэл тухай 01 дүгээр хурлаар хэлэлцээгүй, тус компаниас гаргасан хүсэлтэд дурдаагүй, өөр асуудлаар тухайлбал, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт-сургалтын зориулалттайгаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоор Комисст даалгах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шүүхэд гаргаж байгаа асуудлаа ойлгоогүй гэж үзэж болохоор байна.

Мөн Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажиллуулж байгаа буудлага үйлдэх байгууламж /тир/-д сум худалдаалах, импортлох эрхтэй байна”, 19 дүгээр зүйлийн 19.5-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно” мөн зүйлийн 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана” гэж тус  тус заасан тул иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй болно” гэжээ.

Хариуцагч  ХЗДХЯны сайдын 2018 оны А/07 дугаар тушаалаар байгуулсан комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “А” компани Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2-т галт зэвсэг импортоор худалдах гэсэн зохицуулалтыг заасан. Шинэ хуулийн зохицуулалтаар Галт зэвсгийн тухай хуулийн 19.5-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.” гэж заасан. Мөн хуулийн 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана.” гэж заасан. Тус компанийн хувьд Галт зэвсгийн тухай хуулийн өмнөх зохицуулалтаар зохицуулагдаж нийт 93 галт зэвсгийг оруулж ирснийг спорт зориулалтаар зарах боломжийг олгосон” гэв.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: “Сайн олгохгүй байна. Гэхдээ шинжээч дахин томилуулах шаардлагатай гэж үзсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц ХЗДХЯны комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр  хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 3 дахь хэсгийн “А” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаартай албан бичгээр гаргасан “Вепрь загварын 180 ширхэг иргэний зориулалттай галт зэвсгийг худалдан авах хүсэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дугаартай шинжээчийн магадалгааг үндэслэн “Вепрь-223 супер /СОК-97м/, Вепрь-КМ /ВПО-136/, Вепрь-308 /СОК-95/ галт зэвсгүүд нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтад заасан “Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ойлголтод хамрагдахгүй байх тул улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хүргүүлэхээр тогтов.” гэсэн хэсэг Галт зэвсгийн тухай хуулийн болон энэ талаар зохицуулсан журмын заалттай нийцээгүй байна.

Хариуцагч комиссын бүрэлдэхүүн нэхэмжлэгчид зөвшөөрөл олгохоос татгалзахдаа Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна.” гэж заасныг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хүсэлтээс үзвэл тус компани нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан иргэний зориулалттай буюу энэ зүйлийн 5.3-д заасан спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийг импортолж оруулахыг хүссэн байхад хариуцагч хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг болон Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтад заасан “Ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх” гэсэн ан агнах зориулалттай галт зэвсэгт тавигдах шаардлагыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “А” ХХК-д Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаагаар олгожээ.

Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэгч компани анх 2012 онд ОХУ-ын “Молот-оружие” зэвсгийн үйлдвэртэй галт зэвсэг худалдан авах гэрээ байгуулж, тодорхой тооны зэвсгийг импортолж, мөн ан агнуурын зориулалтаар оруулж ирэх байсан галт зэвсгийг хасаж эцсийн байдлаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/30 дугаар албан бичгээр 180 ширхэг галт зэвсгийг спорт сургалтын зориулалтаар импортлох зөвшөөрөл авахаар ХЗДХЯанд хүсэлт гаргасан байна.

ХЗДХЯ 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинэчлэн найруулсан “Галт зэвсгийн тухай хууль”-ийн зохицуулалтын дагуу “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт хэрэгсэлтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдаалах, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төв ажиллуулах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал гаргах үүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий” комисс  байгуулжээ.

Дээрх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан комисс нэхэмжлэгч “А” ХХК-ийн галт зэвсэг импортлох тухай хүсэлтийг удаа дараагийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус комиссын  2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр  хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгох шаардлагаар маргаж байна.

Нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хэлэлцэх явцад импортоор оруулж ирэхээр тохиролцсон “Молот оружие” зэвсгийн үйлдвэрийн галт зэвсэг болох “Вепрь-223 супер /СОК-97м/, Вепрь-КМ /ВПО-136/, Вепрь-308 /СОК-95/ загварын буунуудыг спорт, сургалтын зориулалтаар ашиглаж эзэмшиж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 3 удаа шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2394 дүгээр дүгнэлтээр “...дээрх загварын буунууд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт”-д хамаарах ба эдгээр галт зэвсгүүд нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба үйлдвэрлэгчээс иргэний зориулалтаар ан агнуур спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн. Дээрх галт зэвсгүүдийг спорт-сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж, эзэмшиж болно.” гэсэн дүгнэлт гаргасан үйл баримтууд тогтоогдов.

Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт”-ийн 1.2.Спорт сургалтын галт зэвсгийн ангилалд “Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолттой галт зэвсгүүдийг ойлгоно.” гэж зохицуулсан байна.

Нэхэмжлэгч компани нь үйлдвэрлэгчийн тодорхойлолттой, спорт-сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсгийг “иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл”-тэй хуулийн этгээд болохын хувьд импортлох хүсэлт гаргасан байхад зөвшөөрөл олгоогүй татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэв.

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь дор дурдсанаар ангилна:”, 4.1.1-д “Иргэний;”, 4.1.2-т “Харуул хамгаалалтын;”, энэ зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан ангилалд хамаарах галт зэвсэг....ийн жагсаалтыг хууль зүйн, байгаль орчны болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ.”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг,....ийг импортлох, нийтэд худалдаалах хуулийн этгээд/цаашид “борлуулагч” гэх/ нь 6 жилийн хугацаатай зөвшөөрөлтэй байна. галт зэвсэг......импортлох, нийтэд худалдаалах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно.”гэж тус тус хуульчилжээ.

Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч “А”ХХК-ийн спорт сургалтын зориулалтаар тодорхой тооны галт зэвсгийг импортолж, нийтэд худалдаалах хүсэлт нь энэ хууль болон журмын зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Харин хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Тухайн жилд импортлох галт зэвсэг....н тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/54 дүгээр тушаалын хавсралтаар 2017 онд импортлох спорт сургалтын зориулалтын галт зэвсгийн тоог 95 байхаар тогтоосон байх бөгөөд Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсэгт “2018 онд импортлох галт зэвсэг сумны тоо хэмжээг 2017 онд тогтоосон тоо хэмжээтэй ижил хэмжээтэй байх санал гаргахаар тогтов.” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч компани спорт сургалтын зориулалттай 180 ширхэг галт зэвсгийг импортлох хүсэлт гаргасан байгаа нь жил бүр квот тогтоож хяналтын тоонд багтааж зөвшөөрөл олгох дээрх зохицуулалттай нийцэхгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахдаа хүсэлт гаргасан 180 ширхэгээр бус харин тухайн жилд импортлох галт зэвсгийн хяналтын тоонд багтаах байдлаар импортлох зөвшөөрөл олгож шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжтой гэж дүгнэв.   

Нөгөө талаар спорт сургалтын зориулалттай галт зэвсэг импортлох этгээд спорт сургалтын чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Учир нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд үйлдвэрлэгчийн тодорхойлолттой спорт сургалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсэг импортлон нийтэд худалдаалахыг Галт зэвсгийн тухай хуулиар хориглоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 3 дахь хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан спорт, сургалтын зориулалтаар импортлох галт зэвсгийг 2019 онд импортлох тооны хязгаарт багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.9-д заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 3 дахь хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан спорт, сургалтын зориулалтаар импортлох галт зэвсгийг 2019 онд импортлох тооны хязгаарт багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан Комиссоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР

                                                       ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН

                                                       ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА