Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 202

 

Э.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 452 дугаар магадлалтай, 201626011112 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, М овогт Э.С нь  2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх”, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд ил хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах”, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.С-г танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Г.Ганбадрах нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.С хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэрэгт холбогдож, хорих ял шийтгүүлсэндээ маш их харамсаж байна. Эцэг, эх маань тэтгэвэрт гарсан. Ээж нурууны суулт өвчтэй, аав элэгний хүнд өвчтэй байнгын эмчийн хяналтанд байдаг. 3 хүүхэд маань энэ жил бүгд сургуульд орно. Миний ар гэрийн байдал болон 3 хүүхдийг минь харж үзэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.С гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас мөн хасагдсан тул дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй гэв.

Шүүгдэгч Э.С нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 5 дугаар гудамжны 38 тоотод 80 настай Ш.Ж-г гэртээ унтаж байхад нь “гэрээсээ хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, сандлаар цохин бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлан танхайрсан,

-Бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Э.С-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийх гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Э.С-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, харин Э.С-ын хохирогч Ш.Ж-г зодож, сандлаар цохиж, түүнийг халуун савны хагархай дээгүүр чирж, олон тооны шарх гэмтэл учруулан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 452 дугаар магадлалд:

-“Шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.С-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.С-г 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.С-н эдлэх 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН                                                                                                                                                                                                                                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН