Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1000

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Батнасан /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005018061638 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 9-2 тоот нийтийн байранд хохирогч М.Д-ий биед халдан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн танил ах болох Б-тай уулзаад гэрт нь буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 9-02 тоотод очиж пиво уусан. Тэгтэл Б- ах эхнэртэйгээ маргалдаад уурлаад байхаар нь “та болиоч ээ” гэтэл намайг эхнэртэйгээ хардаад зодсон. Б- миний толгойн ар дагз хэсгийг цайны аягаар цохисон. Миний дагзны хуйх язарч 5 оёдол тавиулсан. ...Намайг гар утсаараа цагдаад дуудлага өгөх гэж байхад миний гар утсыг булааж аваад хана руу шидсэн. Б- ах миний гар утсыг хана руу шидсэний улмаас уг гар утас тухайн үедээ асахгүй байсан боловч дараа нь зүгээр болчихсон. Би уг гар утсандаа үнэлгээ хийлгэхгүй. ...Б- надад эмнэлэгт хэвтсэн мөнгө, толгойн томографийн мөнгө гээд 800.000 төгрөгийн хохирол барагдуулсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б- миний хохирлыг барагдуулж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/,

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би Б- руу “гэрт согтуу хүн яах гэж оруулж ирж байгаа юм. Өдөр архи уухгүй гээд гарч явсан биз дээ” гэж хэлтэл Б- утасны цэнэглэгч хана руу аваад шидсэн. Тэгтэл хамт ууж байсан Д- нь “та яаж байна аа, болиоч ээ” гэтэл Б- Д-ийг “чамд хамаагүй, зайл пизда минь” гэсэн. Би босоод иртэл Б- намайг “чи Д-тэй унтах юм уу” гээд байсан. Тэгээд Д-, Б- хоёр хоорондоо барьцалдаж авахаар нь би гэрт зодоон болох юм бол байрны эзэн хөөх байх гэж бодоод байрны жижүүр рүү очоод “манай өрөөнд хүмүүс зодолдох гээд байна, та очоод зохицуулаад өгөөч” гэсэн. Тэгтэл тэр жижүүр цагдаа дууд гээд цагдаа дуудсан. Тэгээд би буцаж өрөө рүүгээ иртэл Б- барьцалдаад зогсож байсан Д-ий гар, толгой нь цус болчихсон, Б-, Д- хоёр зодолдоод зогсож байсан... Д-ий толгой нь хагараад цус нь хүзүү рүүгээ урссан байсан. Б-т ил харагдах гэмтэл бол байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/,

Шинжээчийн 5597 тоот дүгнэлтэд: “...М.Д-ий биед дагзны хуйханд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 28-29/,

Яллагдагчаар Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Д-ий биед хөнгөн гэмтэл учирсан байсан... Би ширээн дээр байсан шаазан аягаар Д-ий толгой руу нэг удаа цохиж тухайн гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-61, 66, 69-73/, хохирогчийн хүсэлт /хх-н 77/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 9-02 тоот нийтийн байранд хохирогч М.Д-ий биед халдан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Д-ий: “...Б- ах эхнэртэйгээ маргалдаад уурлаад байхаар нь “та болиоч ээ” гэтэл намайг эхнэртэйгээ хардаад зодсон. Б- миний толгойн ар дагз хэсгийг цайны аягаар цохисон. Миний дагзны хуйх язарч 5 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, гэрч Д.О-ийн: “...Тэгтэл хамт ууж байсан Д- нь “та яаж байна аа, болиоч ээ” гэтэл Б- Д-ийг “чамд хамаагүй, зайл пизда минь” гэсэн. Би босоод иртэл Б- намайг “чи Д-тэй унтах юм уу” гээд байсан. ...би буцаж өрөө рүүгээ ...Д-ий гар толгой нь цус болчихсон, Б-, Д- хоёр зодолдоод зогсож байсан... Д-ий толгой нь хагараад цус нь хүзүү рүүгээ урссан байсан. Б-т ил харагдах гэмтэл бол байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/, шинжээчийн 5597 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүний толгой руу аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 77/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР