Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ц.Дагвадорж,

          шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч К.Султанбек,

          хохирогч С.Бын өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

          нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Б, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч К.Султанбек нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.А-эд холбогдох 1803 0000 10382 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б.А, 1987 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик, инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Солонгос Элчингийн хойд замд “Toyota prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Зам хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-ийг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Б.А-ийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэн, 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №845673 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлж, энэ   хэрэгт   битүүмжлэгдсэн   эд хөрөнгөгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Б.А- нь шүүх хуралдаан болсноос хойш миний дуудлагыг огт авахгүй, үр хүүхдээсээ эмчилгээний зардлын мөнгөө ав “хохино” гэх мэтээр доромжилсонд маш их гомдолтой байна.

Миний бие Замын хөдөлгөөний ямар ч дүрэм зөрчөөгүй бөгөөд гарцаар гарч явахад шүүгдэгч Б.А- нь маш хурдтай ирж мөргөсөн.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Миний бие маш их гомдолтой байна. Ялыг биечлэн эдлүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч С.Бын өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Б гэртээ хэвтрийн байдалтай байна. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэл хөнгөдсөн гэж үзэж, ялыг биечлэн эдлүүлэх саналтай байгаа. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч К.Султанбек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Давж заалдах шатны шүүхэд “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “1 жилийн хугацаагаар тэнсэх” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр гаргасан Д/5 тоот дүгнэлтээрээ шүүгдэгч Б.А-ийг эрүүгийн ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Гэтэл улсын яллагч Н.Анхбаярын хэт яллах тал руу хазайж хийсэн яллах дүгнэлтийг эрхэм шүүгч миний дүгнэлттэй харьцуулж, тэнсэх үүрэг оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “Гэм буруугийн зарчим”, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан” гэж, 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.А-эд оногдуулсан “1 жилийн хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэсэн”- ийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Солонгос Элчингийн хойд замд “Toyota prius” загварын 08-47 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Зам хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Бын “... 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн үед ... явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарч яваад баруунаасаа зүүн чиглэлд явсан бор шаргал өнгийн “Toyota prius 20” загварын 08-47 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. ...”  /хх 18-23/ гэх мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... С.Бын биед 5-7 дугаар хавирганы далд хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн богтос ясны далд хугарал, баруун мөрний мултрал, баруун бугалга, өгзөг, бүсэлхийн цус хуралт гэмт тогтоогдлоо. ... дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 12186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-52/,

мөрдөгчийн “... “Toyota prius 20” загварын 08-47 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ... явган зорчигч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн 232 дугаартай магадлагаа /хх 68-69/,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8,9-10, 11-13/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 14/, баримт бичиг түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 15/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх 24-38/, хохирол төлсөн баримт /хх 120-122/ болон шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.А-ийг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А-ийн автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд нь тохирсон гэж үзэв.

 

Хохирогч С.Б нь “... Миний бие маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.А- нь үр хүүхдээсээ эмчилгээний зардлаа ав гэсэн. Иймд ялыг биечлэн эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Мөн анхан шатны шүүхийн хуралдаанд шүүгдэгч Б.А- нь “... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... хохиролд 1.593.500 төгрөг төлсөн. Хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг төлж барагдуулна. ...” гэх,

хохирогч С.Б нь “... хохиролд 1.593.500 төгрөг төлсөн нь үнэн. ... шүүгдэгч хорих ял аваад явбал надад учирсан хохирол төлбөрийг хэн, яаж барагдуулах вэ. ...” гэх мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн заалтыг хэрэглэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд хохирогч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Харин, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар илтгэгч шүүгч хэргийн болон шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах  журмаар гаргасан гомдлыг танилцуулсны дараа шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч К.Султанбек нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... оролцогч нь шүүгч хэргийн талаар илтгэхээс өмнө давж заалдах гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.” гэсэн хуулийн заалтыг зөрчин давж заалдах гомдлоосоо татгалзсан байх тул шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хуульд заасан үндэслэл бүхий шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч К.Султанбекийн “... 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Шүүгдэгч Б.А-эд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Б.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Б.А-ийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Б.А-эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.А-эд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч С.Б, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч К.Султанбек нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4 Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ