Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 150

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч М.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хиад боржигон овогт Манлайдэндэвийн Эрдэнэчулуунд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011755 дугаартай хэргийг 2016 оны 09 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, халх, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

            2003 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тэнсэн суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаартай шийтггэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан Хиад боржигон овогт Манлайдэндэвийн Эрдэнэчулуун \РД:ЙР84062316\

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-17 тоот иргэн Ш.Жаргалсайханы өвлийн сууцны цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн Сони маркийн ЛСД зурагт хулгайлж, бусдад 949,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-17 тоот иргэн Ш.Жаргалсайханы өвлийн сууцны цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн Сони маркийн ЛСД зурагт хулгайлж, бусдад 949.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 х/

 

  1. Эд зүйлийн үнэлгээ

-Сони маркын 32 инчийн ЛСД зурагт 949,000 төгрөг,

-1х1 метрийн хэмжээтэй вакум цонхны шил 50,000 төгрөг гэжээ. \хх-ийн 47х\

 

3. Хохирогч Ш.Жаргалсайханийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр над руу утсаар залгаад манай гэрт хулгай орсон байна гээд хэлсэн. Тэгээд би гэртээ ирж үзэхэд манай өвлийн сууцны вакум цонхыг эвдэж дотроос нь 32 инчийн Сони маркийн зурагт алдагдсан байсан. Хулгай орсон өдрөөс хойш би өөрөө хөдөө ажилтай байж байгаад цагдаад мэдэгдэж чадаагүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 17х\

 

4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 7, 11-15х/

 

5. Иргэний нэхэмжлэгч Т.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Баярмагнай над руу залгаад та нимгэн ЛСД зурагт авах юм уу гэж энд нэг залуу зарна гээд явж байна, эхнэртэйгээ муудалцаад явж байгаа юм байна аа гэж хэлэхээр нь би мэдэхгүй байна гэсэн. Тэгээд манай дүү Баярмагнай тэр залууг дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд тэр зурагт зарах гээд байсан залуугаас чи яах гээд ингээд явж байгаа юм бэ энэ чинь хулгайн зурагт юм  биш үү гэсэн чинь тэр залуу ёстой тийм зүйл байхгүй,  би өөрийнхөө зурагтыг л зарж байна, би жижиг өрөөнийхөө зурагтыг л зарж байна гэж хэлж байсан. Тэгээд би 50.000 төгрөг өгч чадахгүй надад 30,000 төгрөг л байна, чи үнэхээр зарна гэж байгаа бол маргааш ирээд үлдэгдэл 20,000 төгрөг ирээд аваарай гэж хэлсэн чинь явсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 21х\

“...Би 30.000 төгрөгийн нэхэмжлэлээ хүлээж авлаа, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/

 

6. Гэрч Ш.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зээлийн задгай гудамжинд Приус маркийн автомашинтайгаа явж байхад нэг залуу гар өргөхөөр нь зогссон чинь тэр залуу намайг тойрог руу орох уу гэхээр нь орно оо гэсэн чинь түр хүлээж байгаарай гээд буцаад цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд хүлээж байсан чинь удаагүй эргээд ирэхдээ нэг ширхэг хар өнгийн зурагт тэврээд ирсэн. Тэгэхээр нь би юун зурагт юм бэ гээд асуусан чинь манай гэрийн хүүхдийн өрөөний жижиг зурагт байгаа юм аа, би эхнэртэйгээ маргалдаад зурагтаа зарж архи уух гэсэн юм гэж тэр залуу надад өөрөө хэлсэн. Тэгээд би наад зурагтаа хэдээр зарах гэж байгаа юм бэ гэхэд 30.000 төгрөгөөр зарна гэхээр нь би эгч Отгон руу залгаад Отгон эгч зурагтыг 30.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 23х\

 

7.  Гэрч М.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлаа тараад 20 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай өвлийн сууцны баруун талын цонхны доод талд хагархай тоосго, блок зэрэг байсан. Би ойртоод харсан цонх хагарсан байдалтай дотогш хулгайч орсон байсан. Гэрийн  эд зүйл онгичсон байсан. Тэгээд би шалгахад зурагт алдагдсан, бусад зүйл бүрэн бүтэн байсан. Өөр хулгайд алдах үнэт эдлэл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг  \хх-ийн 25 х\

 

8. Гэрч М.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэртээ байж байхад Баярмагнай ах нэг хүн дагуулаад зурагт үзүүлэхээр ирсэн. Ирэхээсээ өмнө манай ээжтэй утсаар яриад байсан юм.  Та зурагт худалдаж авах юм уу хямдхан зурагт байна гээд хэлж байсан. Тэгээд Баярмагнай ах тэр залууг дагуулж орж ирсэн. Тэр залуу нь хар өнгийн Сони маркийн зурагт барьчихсан гэрт орж ирсэн юм...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 27 х\

 

9. Шүүгдэгч  М.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Баагий гэх залуутай таараад бид хоёр нэг шил 0.5 грамм Ерөөл архи хувааж уугаад Баагий надад хойшоо Баруун Салаа орж айлд очъё гэхээр нь хамт Баруун Салаанд хашаатай айлд очсон. Тэгэхэд тэнд 3 залуу архи уугаад сууж байсан. Тэндээ ахиад нэг шил Ерөөл архи хувааж хоорондоо муудалцаад байхаар нь би тэндээс ганцаараа гараад гэр лүүгээ явсан. Тэр айлаас гараад явахдаа согтуу байсан юм. Тэгээд нэг мэдсэн таксинд суучихсан нэг ширхэг  хар өнгийн зурагт барьчихсан байсан. Тэгээд нөгөө жолооч залуу надаас зарах уу  гэж асуухаар нь би зарна гэж хэлж байснаа санаад байгаа юм. Тэр такситай явсаар Баруун Салаанаас хойш замаас баруун салж яваад жалгатай газар хаалгагүй банзан хашаатай нэг монгол гэртээ айлд очоод тэр айлаас нэг эмэгтэй хүн гарч ирээд надаас 30.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 36 х\

 

10. Шүүгдэгч М.Эрдэнэчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

          Иймд шүүгдэгч М.Эрдэнэчулууныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 02 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан. 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаас тэнсэж суллагдсан үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон. Уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцох хугацаа 2014 оны 02 дугаар сарын 16-ний өдөр дууссан.

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 506 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнссэн. Шүүгдэгч М.Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар /тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь хохирогч Ш.Жаргалсайханд “Сони” маркын 32 инчийн ЛСД зурагтыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 36-37х/, 1х1 метрийн вакум цонхны шилний үнэлгээ болгох 50,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 15х/, Иргэний нэхэмжлэгч Т.Отгонд 30.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Иймд шүүгдэгч М.Эрдэнэчулууныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         

          Шүүгдэгч М.Эрдэнэчулуунд ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг  үйлдсэнийг хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

 

          Шүүгдэгч М.Эрдэнэчулуун нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Эрдэнэчулууны иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  

            1. Шүүгдэгч Хиад Боржигон овгийн Манлайдэндэвийн Эрдэнэчулууныг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэчулууныг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэчулууны эдлэх 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Эрдэнэчулуунд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэчулуунд 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6.   Энэ тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эрдэнэчулуунд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ