Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 474

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Цэнхэр сум, Тамир баг, Ихзам хорооллын 01-07 тоот хаягт оршин суух, Т.А  /РД:АЮ85011016,  утас:95952603/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Архангай аймгийн газар /утас:99056057/-т холбогдох тус газрын даргын 2017 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын  шийтгэл оногдуулах тухай” А/29 тоот тушаалыг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

хариуцагчийн төлөөлөгч Ө.Б, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

                                                             

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.А нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ий Архангай аймгийн газрын Цэнхэр сумын ажилтнаар 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа сахилгын болон бусад зөрчил гаргаж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй ажиллаж байсан удаа байхгүй. 

Иймд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ий Архангай аймгийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/29 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Хэтэрхий нэг талыг барьж, нам, улс төр болон бусдын шахалтаар үүссэн асуудал. Иймд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ий Архангай аймгийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/29 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ий Архангай аймгийн газрын Цэнхэр сумын ажилтан Т.А нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн сумынхаа “Зам зуур” шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байна. Т.А-ийн энэхүү үйлдэл нь компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан  компанийн ажилтны хориглох зүйлийн  3.1.7-д заасан “хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор  компанийн нэр төр болон албан тушаалын  эрх мэдэл, давуу талаа ашиглах” гэх, 3.1.9-д заасан “ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, хуулийн этгээдтэй  холбоо харилцаа тогтоох” гэх заалтуудыг зөрчсөн. Шатахуун түгээх станц нь гал усны аюултай онцгой бүс бөгөөд байнгын хяналттай байх ёстой. Би оны өмнө ажлаа аваад Т.А-д найзын журмаар сануулж хэлэхэд “Он гаргаад ажлаа өгчихнө” гэсэн. Дараа нь хөдөлмөрийн гэрээ хийхдээ асуухад “Давхар ажиллаж болно. Би удахгүй ажлаа өгнө. Ямар ч асуудалгүй” гэсэн. Давхар ажиллаж болно, хуулийн ийм зохицуулалттай гэж надад тайлбарласан асуудал байхгүй. Намайг хуурч л харьцаж байсан юм билээ. Т.А нь ажлын алдаа дутагдлыг гаргаж байсан нь ажлаас халах үндэслэл болох байсан. Гэхдээ би ажлаас халаагүй. Т.А-д өөрийнхөө алдаа дутагдлыг засах боломж олгож цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан. 

Сар бүр мотор ажиллуулсан түлшний тайланг гаргаж нягтлан бодогчид ирүүлэх үүрэгтэй байдаг боловч намайг ажил авснаас хойш Т.А-ийн хувьд нэг ч удаа уг баримтыг өгөөгүй. Т.А нь шатахуун түгээх станцад  ажилласнаараа  03 тоот хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т заасан “Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох  хууль тогтоомж, компанид  мөрдөгдөж буй  дүрэм, журам, заавар, зааварчилгаа, тушаал, шийдвэрийг  мөрдөж, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”, 4.2.5-т заасан “компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг дээдлэн  компанийн бодлого, зорилтуудыг  хэрэгжүүлэхийн төлөө ажиллах”, 2.1-т заасан “ажил амралтын горим зохицуулах заалт” 6.3-т заасан “ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүй чөлөө авалгүй  орхиж явсан” гэх ажилтны үүргийг биелүүлээгүй байсан тул Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх заалтыг  баримтлан  үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар  20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ногдуулсан болно. Т.А-д ногдуулсан сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн хөдөлмөрийн дотоод журам,  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Т.А-ийн гаргасан  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Архангай аймгийн газарт холбогдуулан тус газрын даргын 2017 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын  шийтгэл оногдуулах тухай” А/29 тоот  тушаалыг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагыг хангасан байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Архангай аймгийн газрын даргын 2017 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын  шийтгэл оногдуулах тухай” А/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1 дүгээр зүйлийн 11.1.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.А-д үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах болохыг заасан. Харин Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Архангай аймгийн газрын даргын 2017 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/29 тоот тушаалаар Т.А-ийн хэзээ гаргасан, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг ямар байдлаар зөрчсөн зөрчилд нь сахилгын арга хэмжээ ногдуулж байгаа нь тодорхойгүй болжээ. Өөрөөр хэлбэл дээрх тушаалд Т.А-г албан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргийг тасалдуулсан гэж заасан байгаа боловч сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон үйлдэл, эс үйлдлийг тодорхой тусгаагүй, ямар учраас тушаалд дурдсан дүгнэлтийг өгч сахилгын арга хэмжээ авч байгаа нь ойлгомжгүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль хэсгийг ажилтан зөрчсөн болохыг дүгнээгүй, сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримтын талаар нотлох баримт байхгүй байна. 

Ийнхүү ажилтны хэзээ гаргасан зөрчилд хууль зүйн ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж буй нь тодорхойгүйгээс шалтгаалан ажил олгогч өөрийн эрх хэмжээгээр сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримт, үндэслэлийг дараа нь тодорхойлох боломжтой байгаа нь ажилтны эрх ашгийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг шүүхийн зүгээс өгөв. 

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийг “Гүн Зэгэстэй” ХХК-ий Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах “Зам зуур” шатахуун түгээх станц болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Архангай аймгийн газарт зэрэг ажиллаж байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэх боловч 2017 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/29 тоот тушаалд энэ тухай шууд заагаагүй, тушаалд хариуцагчийн тайлбарлаж буй үндэслэл тусгагдаагүй, уг тушаалын хууль зүйн дүгнэлтийг шүүх өмнө өгсөн байгаа тул ажилтан нь 2 өөр газар ажиллаж байгаа талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

 

Сахилгын шийтгэл ногдуулж буй зөрчлийг гаргасан хугацаа тодорхойгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт гаргах боломжгүй, ажил олгогч нь хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлгүй.

 

Иймд өгсөн дүгнэлтүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Архангай аймгийн газрын даргын 2017 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн  “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/29 тоот  тушаалыг хүчингүй  болгох нь зүйтэй.

 

          Маргааны зүйлд хамаарахгүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн М.Э-тай холбоотой моторын шатахууны тайлан болон түүнтэй холбоотой зарлагын баримтуудыг шүүх үнэлээгүй болно. 

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул сахилгын шийтгэл ногдуулсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Архангай аймгийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17–ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/29 тоот тушаалыг хүчингүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Архангай аймгийн газраас 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ