| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0361/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/320 |
| Огноо | 2017-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Г.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа,
хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Чонос овгийн Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725031166 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чонос овгийн Г.Б , 1996 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгч мэргэжилтэй, Мобиком корпорацид хамгаалагч ажилтай гэх, ам бүл 1, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, 2-р багийн Мааньт сэнжит 3-р гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах Nice караокений үүдэнд Б.Б той маргалдан чулуугаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хохирогчид гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Хохирогчид өгөх гээд 400.000 төгрөг авчирсан байна. Хохирогчийн цаашид гарах зардлыг төлж барагдуулна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа…” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Одоогоор баримтаар 850.000 төгрөгийн бодит зардал гарсан байгаа бусад баримтгүй зардалтайгаа хамт тооцоод 1 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн байсан. Миний эмчилгээний зардал бүрэн гараагүй байна. Учир нь “Болор мэлмий” эмнэлгийн эмч хэлэхдээ “таны хараа хагалгаанд орсон ч хараа чинь 100 хувь өмнөх шигээ болохгүй, нөгөө нүд чинь дагаад муудна, Таны хараа насан туршдаа хохирч үлдэж байгаа” гэсэн. Цаашид том хагалгаанд орох тул ирээдүйд гарах зардлыг нэхэмжилж байна. 8 дугаар сарын 29-өөс “Болор мэлмий” эмнэлгийн эмчтэй уулзана. Эмч тухайн үед үзэхэд нүдэнд хар толбо байвал цаашид нарийн эмчилгээ хийлгэнэ. Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нар хэлэхдээ цус шүүрэлтийг зогссоны дараа дахин 20 хоног хүлээх ёстой гэсэн. Энэ талаарх баримтаа авч ирж чадсангүй, орчуулагдаж байгаа. Үүнээс хамаарч ямар зардал гарах нь өөрчлөгдөх болно. Шүүгдэгч надад хохирол төлбөр төлөөгүй байна. Миний эмчилгээний зардлыг төлчихвөл надад ямар нэгэн санал байхгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид нар найзуудаараа 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байх Энхжаргалын түрээслэн ажилуулж байсан Nice караокед очсон юм. Караокений үүдэнд очоод эхнээсээ ороод би араас нь яваад орсон чинь үүдэнд маргаан болсон байсан. Тэгээд би больцгоо гээд болиулаад үүд рүү гарцгаасан. Гадаа гарч ирээд жижиг биетэй залуугаас та нар явчихаа бид нар олуулаа байн ш дээ гээд гуйсан чинь гэнэт хажуунаас нүүр рүү чулуугаар цохьчихоод тэр чигээрээ зугтсан. Манай найзууд уг залууг барьж авах гэж хөөгөөд чадаагүй. Бид нар тэдгээр залуучуудыг зодож цохисон зүйл байхгүй. Би 9858 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлт дээр эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн байна. Тэгэхдээ нүдний хараа хэвийн 100 хувь болохгүй, хараа муудсан чигээрээ эдгэрнэ гэсэн. Тэгэхээр би эрүүл мэндээрээ хохирч үлдэх нь ойлгомжтой болчихоод байна. Хөнгөн гэмтэл гарсанд гайхаж байна...” гэжээ /хх-12-14/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 9858 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Б ын биед зүүн нүдний шар толбоны цус харвалт, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хх-32/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56-57/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Б.Б ын өвчний түүх /хх-59-62/, хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх-68-70/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах Nice караокений үүдэнд Б.Б той маргалдан чулуугаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирогч Б.Б ын баримтаар нэхэмжилсэн нийт 950.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овгийн Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Б аас 950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Алаг адуу овгийн Баяраагийн Батболдод олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН