Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2022/00016 |
Дугаар | 154/2022/00023 |
Огноо | 2022-04-14 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Батбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 154/2022/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагчаар ерөнхий прокурор Б.Батбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Шүүгдэгч С.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******ын*******т холбогдох эрүүгийн 2237000000012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:ПБ88102778, ******* овогт*******ын*******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч*******ын******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт М.Анхбаярт 10 тооны тугалыг 150000 төгрөгөөр зарна гэж хуурч 1500000 төгрөгийг 5847334626 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан улмаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн бургастай гэх газарт зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын 30 гаруй малыг туун ирж М.Анхбаярт үзүүлэн 7 тооны малыг өөрт нь өгч байгаа мал гэж итгүүлэн тамга даруулж, сүүлд хүргэж өгнө гэж залилж М.Анхбаярт 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.Анхбаяраас 10 тооны тугал өгнө гээд 1500000 төгрөг авсан. Тэгээд өөрийнхөө хотноос тугал өгөхөөр төлөвлөөд байж байсан. Хавар нь М.Анхбаярыг тугалаа ирж ав гэхээр ажилтай завгүй байна гэсэн. Тэгэхээр нь би үхрээ айлд тавиад зуслан гаргасан. Намар нь би малаа аваад цааш Баянголын амруу нүүсэн. Намаржаандаа нүүж очиход суваа үхрүүд гүйгээд ирчихсэн тугалтай үхрүүд нь ирээгүй байсан. Тэгээд сумын төв дээр ирээд найзуудтайгаа архи уугаад байж байхад Анхбаяр уулзаад үхрээ тамгалахаар болсон. Тэгээд согтуудаа буруу тамгалсан байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... 2021 оны 10 дугаар сарын эхээр өдрийн санахгүй байна. Булган сумаас М.Анхбаяр бид хоёртой хамт М.Анхбаярын бярууг тэмдэглэж өгөхөөр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг Бургастайн ам гэх газарлуу 14-15 цагийн орчимд яваад 16-17 цагийн орчимд манай малын отрын гэрт очсон. Манай мал маллаж байсан Цэвээн-очир малаа хариулаад ирсэн байсан ба адуу хайж явна гэж Коодоогийн Мөнхбат, Далантайгийн Булганбаатар нар ирсэн байсан. Бид нар нэг шил архи задлаад 1-2 татаад архи дууссан юм. Тэгээд би К.Мөнхбатын унаж явсан мориор үхрээ олж ирэхээр явсан. Би үхэрнүүдээ хурааж орой харанхуй болоход 19-20 цагийн хооронд отрын гэрт буцаж ирээд алаг зүсмийн эр, эм бяруу, халзан зүсмийн эр, эм бяруу, 3 улаан зүсмийн үхэр нийт 7 үхэрийг М.Анхбаярын дэгрээ тамгаар тамгалсан. К.Мөнхбат барьж өгөөд Д.Булганбаатар тамгалсан. Би зааж барьж өгч байсан юм. Бүгд бяруу гэж бодсон чинь нэг нь гунан үхэр байж гэж Ш.Алтантуяа хэлсэн юм. 2021 оны эхээр М.Анхбаяр надад 150000 төгрөгөөр 10 тугал олж өгөөч гэж хэлээд 1500000 төгрөг өгсөн юм. Би өөрийнхөө бяруунаас өгчихнө гээд тооцож байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган сумын төвд С.Одбаяртай тааралдаж уулзахад тугал зарна авах уу? гэхээр нь үнэ ханш дээрээ тохиролцож 1 тугалыг 150.000 төгрөгөөр бодож 10 тугал авахаар болж 1.500.000 төгрөгийг С.Одбаярын дансруу шилжүүлсэн юм. Тэрнээс хойш хавар айлууд зуслан нүүхээс өмнө, намар нутаг руу орж ирсний дараа С.Одбаяртай тааралдах үед тугалаа авахаар ярьдаг боловч бүрдүүлсэн байгаа өгнө нэг завандаа очиж тамгалж аваарай гээд худлаа хэлээд яваад байсан юм. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Булган сумын төвд С.Одбаяртай таарахад надаас авсан бяруугаа тэмдэглэж очиж үзэж хар, өнөөдөр явъя гэхээр нь би өөрийнхөө машинтай С.Одбаярын хамт Булган сумын Баянгол багийн нутаг “Бургастай” гэх газарт С.Одбаярын аавынх нь өвөлжөөн дээр С.Одбаярын малын гэрт 17 цагийн орчимд очсон. С.Одбаярын гэрт 2-3 зүс таних залуучууд байсан. С.Одбаяр гэрт нь байсан 2 залуугийн нэгний морийг гуйж унаад үхэр тууж ирнэ гэж яваад 1 цаг орчим болоод 30 орчим үхэр тууж ирээд харанхуйд бяруу тэмдэглэсэн. Би тухайн үед ёс уламжлалаа бодоод харанхуй шөнө мал тэмдэглэж яах юм бэ дараа нь өдрийн цагаар болъё гэхэд зүгээрээ олуулаа байгаа юм чинь хурдах нь тамгалчихна гээд тэнд байсан залуучууд бариад хүзүүг нь мушгиж унагаагаад асаагуур болон гар утасны гэрэлд тамгалсан. Ч.Цэвээн-Очир бид хоёр үхрийг нь хашиж өгсөн юм. Тухайн үед би хэдэн бяруу тэмдэглэснийг өөрөө тоолоогүй. Бяруу тэмдэглэж дууссаны дараа хамт бяруу тэмдэглэсэн хүмүүсээс хэдэн бяруу тэмдэглэсэн бэ гэхэд 8 бяруу тэмдэглэсэн гэхээр нь 8 бяруу тэмдэглэсэн юм байна гэж ойлгосон. С.Одбаяр надад үлдсэн 2 бяруу айлын үхэрт байгаа гэж байсан. Түүнээс биш Булган сумын Баянгол багийн иргэн С.Одбаяраас бяруу болон үхэр авсан зүйл байхгүй. Тэгээд маргааш нь би очиж харахад улаан халзан, хар халзан, бөөр алаг зэрэг содон зүстэй бяруунууд байсан. Тоолоогүй зүсийн хараад явсан. Им тамгын хараагүй холоос харсан юм. Үхэр тэмдэглэсэнээс хойш 2-3 хоногийн дараа нэг эмэгтэй ирж С.Одбаяр та 2 миний бяруу тамгалсан байна. Яагаад миний бярууг тамгалж хулгайлсан бэ? гэхээр нь С.Одбаяраас тугал худалдаж авахаар мөнгө өгсөн түүний дагуу надад бяруу зааж, тамгалж харуулсан. С.Одбаяр надад худалдаж аваад цуглуулсан бяруунууд гэж хэлсэн. Би С.Одбаярыг хүний бяруу тамгалуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн. Хэрэв тэр бяруунууд таных бол хамжиж аваарай. Би С.Одбаяртай уулзаж хүний бяруу тамгалуулсан талаар хэлнэ гэж хэлээд явуулсан юм” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Ховд аймгийн Булган сумын Баянгол багт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын сүүлчээр Булган сумын Баянгол багийн нутаг “Арал” гэх газраас нүүж Баянголын “Хөндийм ам” гэх газарт бууж маргааш өглөө гэр орноо барьж хашаа хороо янзлах зэрэг өдөр тутмын ажлаа хийж орой үхрээ хурааж авч чадаагүй юм. Тэгсэн тэр орой манай үхрийг Булган сумын Баянгол багийн иргэн С.Одбаяр бэлчээрээс нь тууж очоод хүнд өгөх ёстой үхрийнхээ оронд 4 бяруу 1 эм үхэр тэмдэглүүлж малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна. Манай үхэр буруу чих нь урдаасаа цөгрөг имтэй тамга болон будаг тэмдэг байхгүй. Бөөр алаг улаан бяруу охин 1, улаан халзан эр бяруу 1, улаан буурал эм бяруу 1, хар халзан эм бяруу 1, хар халзан эм гунжин үхэр тэмдэглэж зөв талын ташаан дээр нь S тамга дарсан байна. Мөн манай үхэрний хажууд байсан Д.Далхжавын 3 тооны үхрийг бас тэмдэглэсэн байна гэж нутгийн иргэд хоорондоо ярилцаж энэ мэтээр малын хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Далхжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Улиастын ам” гэх газарт үхрээ тууж хүргэсэн юм. Тэгээд хэд хонож байтал манай үхэр буцаад ирсэн. Тэгэхдээ манай 2 бяруу дэгэрээ тамга дарагдсан ирсэн. Энэ талаар тодруулахад Булган сумын Баянгол багийн иргэн С.Одбаяр гэдэг залуу хүнд барьж өгч тэмдэглүүлсэн байсан. Охин улаан халзан зөв чих нь мухар тайрсан, охин шар цоохор зөв чих нь мухар 2 бяруу тэмдэглэгдсэн байсан.Дээрх үхэрнүүд тэмдэг тамга байхгүй. Би нэг тооны бярууг орон нутгийн ханшаар 400.000 төгрөг 2 бярууг 800.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг,
Гэрч К.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2021 оны 10 дугаар сарын сүүлч 11 дүгээр сарын эхээр Булган сумын Баянгол багийн иргэн С.Одбаярын гэрт очихоор явж байгаад замдаа Д.Булганбаатар буюу Даагийн Шар гэдэг найзынхаа гэрт ороход Муучгайн Баахуу гэдэг хүн ирчихсэн байсан. Д.Булганбаатрынхаас цай уучихаад М.Баахуу, Булганбаатар бид гурав С.Одбаярын малын хош дээр очиход ээлжтэй байгаа Ч.Цэвээн-Очир малаас шинэ ирсэн байдалтай цайгаа чаначихаад хоолоо хийж байхаар хоол идчихээд буцах гэж байтал С.Одбаяр, цагдаа М.Анхбаяр нар үхэр тэмдэглэнэ та нар зүгээр тэмдэглэлцээд өгөөрэй би үхэр хураагаад ирье гээд миний шар хээр морь унаж яваад 30 орчим минут болоод 30 гаруй тооны үхэр тууж ирээд С.Одбаяр бяруунуудаас нь бариад тэмдэглээд байгаарай гэхээр нь Д.Булганбаатар бид хоёр 8 бяруу барьж тэмдэглүүлсэн. М.Анхбаяр нь эхний тэмдэглэсэн 6 бярууны зураг утсан дээрээ дарж аваад утас нь унтарсан 2 бярууны зураг нь дарагдаагүй юм. М.Анхбаяр одоо хоёр бяруу байх ёстой гэхэд бяруу нь олдохгүй байна энд байх л ёстой гэж хэлээд үхрийг явуулчихсан бид нар бяруугаа тэмдэглэчихээд гэрт орж 2 шил архи уугаад гэр гэрлүүгээ явсан. Улаан, улаан алаг, хар алаг, хар халзан зүстэй бяруунууд байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор яг сайн зүсийг нь хэлж мэдэхгүй байна. Ч.Цэвээн-Очир үхэр ээрч тогтоож өгсөн. С.Одбаяр тэр бяруу бариадах гээд бяруунууд зааж өгөөд үхэр ээрсэн. Булганбаатар бид хоёр бяруунуудыг унагаж хөлийг боож тамга дарсан. М.Анхбаяр бяруунуудын зураг дарах зэрэг үүрэг гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг,
Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2021 оны 10 дугаар сарын дундуур манай багийн айл болох С.Одбаярын малтай малаа нийлүүлж Баянголын Бургаст гэх газар малаа оторлуулсан. Тухайн үед манайх 170 тооны бог мал, С.Одбаяр 350 бог мал нийт 500 гаруй тооны мал нийлүүлж оторт гарсан. Мал нийлүүлж гарахад С.Одбаяр үхрээ авч яваагүй, тухайн үед С.Одбаярын үхэр Булган сумын Хагшаал гэх газар*******ын аав*******ын гэр дээр байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Цэвээн-очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын сүүлчээр малын ээлжинд гараад 10 хоноод орж ирсэн. Намайг малын ээлжинд 10 хоноход С.Одбаяр надтай хамт байгаагүй би ганцаараа байсан. Малаа нийлүүлж оторт гарахад манай хүү Ц.Бат-Эрдэнэ мал тууж Булган сумын Баянгол багийн нутаг “Бургаст” гэх газарт С.Одбаярын аавын өвөлжөөнд очиж буусан. Мал очихоос өмнө гэрээ гаргаж бариад бэлдчихсэн байсан. Мал оторт гарах үед бог малын хамт бод мал болох үхэр яваагүй. С.Одбаярын үхэр аавынх нь гэр дээр байсан...” гэх мэдүүлэг,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- малд үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл
- эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- эд зүйлийн үнэлгээ
- мал тэжээвэр амьтадын 2021 оны тооллого
- хохирлын тооцоо
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч С.Одбаяр нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн М.Анхбаярт 10 тооны тугалыг 150000 төгрөгөөр зарна гэж хуурч 1500000 төгрөгийг 5847334626 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч захиран зарцуулж ашигласан, улмаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн бургастай гэх газарт зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын 30 гаруй малыг туун ирж М.Анхбаярт үзүүлэн 7 тооны малыг өөрт нь өгч байгаа мал гэж итгүүлэн тамга даруулж, сүүлд хүргэж өгнө гэж залилж М.Анхбаярт 1500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Анхбаяр, Ш.Алтантуяа, Д.Далхжав, гэрч К.Мөнхбат, М.Бат-Эрдэнэ, Ц.Цэвээн-очир нарын мэдүүлэг, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Одбаярыг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч С.Одбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч М.Анхбаярын эд хөрөнгөд 1500000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч М.Анхбаярын “Эрүүгийн 2237000000012 дугаартай хэрэгт М.Анхбаяр миний бие С.Одбаяраас тугалтай үхэр 1, бяруу 5-ыг хохиролд тооцож хүлээж авлаа. С.Одбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгч С.Одбаярыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Одбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн S хэлбэртэй дэгрээ тамгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Анхбаярт буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт*******ын*******ыг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ...эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Одбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч С.Одбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн S хэлбэртэй дэгрээ тамгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Анхбаярт буцаан олгосугай.
5. Шүүгдэгч С.Одбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ