Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00499/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: .................... оршин суух, .................-ы нэхэмжлэлтэй 

Хариуцагч: ...................... тоотод оршин суух, ................д холбогдох

            “бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

Хариуцагч .................-д 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч ..........-ны хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч ............ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар ба, Өргөөгийн 1-17 тоотод байрлах газрыг хуулийн дагуу өмчилж авсан билээ. Одоо энэ газар дээр амьдарч байгаа ............ нь миний өмчлөлийн газрыг чөлөөлж, өгөхгүй байгаа бөгөөд удаа дараа нүүхийг шаардсан боловч би нүүхгүй энэ миний газар гэж хэлж ........... миний хуулийн дагуу өмчилж авсан газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд ........-г миний өмчлөлийн газраас албадан нүүлгэж, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагч ........... нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн ээж Найдангийн Буянтогтохын хашаанд эхнэр, 7 хүүхэдтэйгээ 2007 оноос хойш амьдарч байсан бөгөөд уг хашаа нь Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 1-17 тоотод байрлах миний ээж Н.Буянтогтохын нэртэй гэрчилгээтэй хашаа байсан. Ээж маань 2009 онд өвчний улмаас нас барсан бөгөөд миний хүү олон нялх хүүхэдтэй хүн, тиймээс ээжийнхээ нэртэй энэ хашаа газрыг авч үлдээрэй гэдэг байсан. Би ч ээж маань намайг ав гэсэн юм чинь гээд өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Хашаа болон газраа өмчлөх эрхтэй гэсэн өв залгамжлалын гэрээслэл бичүүлж авч чадалгүй бурхан болгосон. 3 тал хашаа нь Буянтогтох гэсэн эзэмшигчийн нэртэй манай гэрт жаазны ард байрлуулсан байтал алга болсон. Гэтэл манай төрсөн эгч Эрдэнэцэцэгийн хүү Амарсайхан уг газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж, гэрчилгээ гаргуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-ийн 14-16х/ 

   

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............... холбогдуулж “бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэл гаргасан байна. 

Харин хариуцагч ............. нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба ээж        Н.Буянтогтохоос уг хашаа газрыг өв залгамжилж авсан..энэ газар миний газар..үгүй бол Эрдэнэцэцэгтэй энэ газрыг хувааж авах ёстой гэж маргаж байна.

Зохигчдын маргаж байгаа уг газрыг иргэн Ч.Эрдэнэцэцэг 2012 онд хувьчилж аваад 2016 онд бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч ...........-д шилжүүлсэн байна.

Одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 1 дүгээр гудамжийн 17 тоот газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч .......... болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон 000394556 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Хэдийгээр хариуцагч нь маргаж байгаа хашаа газрыг өөрийнх, үгүй ядаж хувааж эзэмших ёстой гэж маргаж байгаа боловч энэ байдлаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2,2-т: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч нь өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчлан заажээ.

Маргаж байгаа хашаа газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч .............. мөн болох нь тогтоогдож байгаа гэдгийг дээр өгүүлсэн билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т: өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг, Нисэх 1 дүгээр гудамж 17 тоотод байрлалтай хашаа газрыг хариуцагч .........-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагчийг уг газраас нүүлгэн гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч ............ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг, Нисэх 1 дүгээр гудамж 17 тоотод байрлалтай хашаа газрыг хариуцагч .......-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагчийг уг газраас нүүлгэн гаргасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч .........-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР