Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 154

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00541/И

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Б- овогтой Т-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

          “300.000 төгрөг гаргуулах, Т.Э-ын гадаадад зорчих эрхийг сэргээлгэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Т.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч Т.Э-оос:

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг манай “Сөгнөгөр хайрхан” ХХК нь үйл ажиллагаа болон санхүүгийн хямралд орж ахмадуудад зориулж барьж байсан орон сууцны барилга зогсонги байдалд орсон юм. Үүний улмаас барилга захиалж бариулж буй иргэд шүүхэд хандаж шүүхийн шийдвэрүүд гарсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд очсон байгаа болно. Дээрх шийдвэрүүд нь” Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нэр дээр гарсан байтал хувь хүн Т.Э- миний нэр дээр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж миний бүх харилцах дансыг хааж, дансан дахь 300.000 төгрөгийг хурааж авсан байна. Энэ байдлыг шийдвэр гүйцэтгэгчид хэлж, учирлаад хүлээн авч, данс нээж өгөхгүй байсан учраас гомдлоо Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариу өгөхдөө Улсын ерөнхий гүйцэтгэгч хошууч С.Батбямбаас ирүүлсэн хариу тайлбарт шийдвэр гүйцэтгэгч Н.Бадамханд нь надад шүүхийн шийдвэр гарсан мэт тайлбарт албан тоотыг дээд шатандаа явуулсанд гомдолтой байна.

Компанийн үйл ажиллагаагаа сэргээж хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадын компани, байгууллагатай харилцаж, хэлэлцээр хийх шаардлага их байгаа ба ингэснээр төлбөр авагч нарын төлбөрийг хурдан хугацаанд төлөгдөх нөхцөл үүсэх юм. Гэтэл миний гадаад улс руу зорчих эрхийг хязгаарласан хаалт хийсэн нь дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болгоод байна. Энэ хүндрэлээс гарахын тулд гадаадад зорчих эрхээ нээлгэх шаардлагатай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс барилгын газрыг үнэлж дуудлага худалдаанд оруул гэсэн шаардлагыг манай компанид тавьдаг. Манай компани нь газар эзэмших эрхээр газрыг эзэмшиж байгаа болохоор төрийн өмчийг дураараа үнэлж, хууль зөрчиж болохгүй учраас энэ шаардлагыг нь биелүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин тэр газар дээрээс барилгын обьект манай компанийн өмч учраас обьектоо 1.500.000.000 төгрөгөөр үнэлгээ хэлсэн байдаг. Би хувь  хүмүүсээс мөнгө аваагүй, хуулийн этгээдийн хувьд хүмүүсээс мөнгө авсан. миний нэр дээр буюу хувь хүнд хамааруулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа хууль зөрчсөн үйлдлийг зогсоон хувийн данснаас таталт хийж, төлбөрт авсан 300.000 төгрөгийг буцаан надад олгож, миний гадаад зорчих эрхийг нээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамхандаас:

Шүүхийн шийдвэрийн дагуу “Сөгнөгөр хайрхан” ХХК-аас 16 гүйцэтгэх баримт бичгийн 115.012.500 төгрөг гаргуулах 16 иргэнд олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн арилжааны банкны харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоож төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох Дархан сум 13 дугаар баг ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжилж хураан төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй тул үнийн санал авахад үнийн саналаа өгөөгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчин томилон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй явуулж байгаа болно. Төлбөр төлөгч Т.Э-оос 7 гүйцэтгэх баримт бичгийн 37.724.900 төгрөг гаргуулж 7 иргэнд олгохоор тус тус шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Т.Э-од төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу дансны зарлагын гүйлгээг зогсоон Хаан банкны данснаас 300.000 төгрөгийн хасалт хийлгэн, орж ирсэн мөнгийг дээрх шүүхийн шийдвэртэй 3 иргэнд олгосон болно. Дээрх шийдвэртэй төлбөрийг “Сөгнөгөр хайрхан” ХХК болон Т.Э- нь сайн дураар төлөхгүй, дуудсан цагт ирэхгүй, удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа тул “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Э- нь хилээр нэвтэрч болзошгүй талаар мэдээлэл ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/199 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тоо бүртгэл хөтлөх журам-ын 2.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөртэй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Т.Э-ын гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай урьдчилан мэдэгдэл хүргүүлсэн боловч түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй явуулж байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1, 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э-ын гаргасан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Сөгнөгөр хайрхан” ХХК-иас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад тус компанийн захирал Т.Э-ын хувийн данснаас хасалт хийсэн ажиллагаа хууль бус болохыг тогтоож, төлбөрт авсан 300.000 төгрөг гаргуулах, банк дахь хувийн хадгаламжийн болон харилцах дансны зарлагын гүйлгээг нээлгэх, Т.Э-ын гадаад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э- давж заалдсан гомдолдоо:

Би орон сууц захиалан бариулсан иргэдтэй хувь хүний нэр дээрээ эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл хийгээгүй, компаний нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байхад шүүхийн зарим шүүгч нар хувь хүний нэр дээр шүүхийн шийдвэр, захирамжийг гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь түүнээс улбаалан буруу явагдаж миний эрх ашгийг хөндөж байгаа нь илэрхий байхад анхан шатны шүүх үүнийг нягтлан үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Төлбөр төлөх үүрэг нь компани дээр байх ба компани нь хариуцлага хүлээх төлбөр төлөх үүргийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Сөгнөгөр хайрхан” ХХК-аас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад тус компанийн захирал Т.Э-ын хувийн данснаас хасалт хийсэн ажиллагаа хууль бус болохыг тогтоож төлбөрт авсан 300.000 төгрөг гаргуулах, Т.Э-ын гадаадад зорчих эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад  “банк дахь хувийн хадгаламжийн болон харилцах дансны зарлагын гүйлгээг нээлгэх” гэж шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй явуулж байгаа бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх “Сөгнөгөр хайрхан” ХХК-аас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад тус компанийн захирал Т.Э-ын хувийн данснаас хасалт хийсэн ажиллагаа хууль бус болохыг тогтоож, төлбөрт тооцож авсан 300.000 төгрөгийг буцаан гаргуулах, банк дахь хувийн хадгаламжийн болон харилцах дансны зарлагын гүйлгээг нээлгэх, Т.Э-ын гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Э- 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд болон хувийн хадгаламжийн болон харилцах дансны зарлагын гүйлгээний эрхийг нээлгэх тухай нэмэгдүүлсэн  шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Хавтаст хэргийн 19-32 дахь хуудсанд авагдсан баримтуудыг хэргийн оролцогч хариуцагч тал болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба өөрөө нотлох баримтыг гаргаж өгөхдөө хуулбар үнэн гэсэн дардас дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан агуулгад нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-т “Шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлүүлэх” нь Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч энэ талаар санал гаргасан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хасах эрхтэй байх ба  энэ талаар түүний гаргасан шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг хассан тухай шийдвэр гүйцэтгэгч түүнд мэдэгдсэн нь ойлгомжгүй, хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ эрхээ хууль бусаар хязгаарлуулсан талаарх гомдол нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Хариуцагч тал “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Э- нь хилээр нэвтэрч болзошгүй талаар мэдээлэл ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/199 дугаар тушаал, “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тоо бүртгэл хөтлөх” журмын 2.6-д ...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөртэй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлнэ... гэж заасны дагуу мэдэгдэх хуудас өгсөн гэж тайлбарладаг боловч дээрх тушаал, журам нь хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан гүйцэтгэх бичиг баримтаар төлбөрийг нэхэмжлэгч Т.Э- төлөх эсхүл “Сөгнөгөр хайрхан” ХХК буюу хуулийн этгээд төлөх эсэхийг тодруулахгүйгээр төлбөр авагч У.Үүрийнтуяа, М.Алтанхуяг, Х.Цэвээн нарт төлөх төлбөр болон нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр “Сөгнөгөр хайрхан” ХХК-аас гаргуулахаар шийдсэн өр төлбөрийг хувь хүнээс гаргуулсан гомдлын тухайд  энэ талаарх шүүхийн шийдвэр түүнийг үндэслэн бичсэн гүйцэтгэх хуудас нь зарим нь хувь хүнээс зарим нь тухайн хуулийн этгээдээс төлбөрийг гаргаж олгохоор байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь түүнээс улбаалан явагдаж эрх зүйн харилцаанд оролцож хэлцэл хийгээгүй иргэн миний эрх ашгийг хөндөж байна гэсэн гомдлыг эцэслэн шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.  

Иймд хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болон хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ