Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Оюунцэцэг,

          нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

         

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1804 0022 00148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н овгийн Д.Х, 1977 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Д.Х- нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хуцаа 10 дугаар гудамжны 10 тоот хашааны гадаа өөрийн хүүхэд Б.Л-ыг дээрэлхлээ гэх шалтгаанаар арван найман насанд хүрээгүй хохирогч Т.Ариунсолонгын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хамар, нүүр, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х-д мэдэгдэж, насанд хүрээгүй хохирогч Т.А- болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Туул нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Х- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирогч Т.А-д гэмтэл учруулахаар цохиж зодоогүй. Хохирогч миний үснээс эхэлж зулгаан, хэл амаар доромжилсон. Т.А- нь урьд өмнө нь удаа дараа намайг гэртээ байхгүй хойгуур гэрт ирж хүүг минь дарамталж, хоол хийлгэн идэж, мөн янз бүрийн юм асууж, мэдэхгүй гэхээр нь зодож цохидог байсан.

Т.А-той хамт байсан хүүхдүүд нь түүнтэй садан төрлийн холбоотой учир худал мэдүүлэг өгсөн байсан. Миний бие хэний ч хүүхэд байсан өөрийн хүүхдээс ялгаагүй үзэж, зааж зөвлөж байдаг. Би эмэгтэй хүүхэд зодохоор хүмүүжилтэй хүн биш.

Т.А- гудамжинд таарахдаа “чи буруу хүнээрээ л оролдсон доо, яадгийг нь харуулна” гэх мэт үгээр доромжилж заналхийлдэг. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Х- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Х- нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хуцаа 10 дугаар гудамжны 10 тоот хашааны гадаа өөрийн хүүхэд Б.Л-ыг дээрэлхлээ гэх шалтгаанаар арван найман насанд хүрээгүй хохирогч Т.Ариунсолонгын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хамар, нүүр, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Т.А- /хх 5-7/, насанд хүрээгүй гэрч Г.Түвшинжаргал /хх 11/, Г.Дашням /хх 12-13/, Б.Л- /хх 16/, гэрч Д.Эрдэнэцэцэг /хх 14-15/ нарын мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 09шэ/338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

 

насанд хүрээгүй хохирогч Т.Ариунсолонгын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 9/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Х-гийн насанд хүрээгүй хохирогч Г.Ариунсолонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

 

Шүүгдэгч Д.Х- нь “... хохирогчид гэмтэл учруулахаар цохиж зодоогүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Учир нь, насанд хүрээгүй хохирогч Т.Ариунсолонгын “... тэр эгч шууд над руу дайраад миний үснээс зулгаагаад дээрээс гараараа цохиж, өшиглөөд цамцны малгайнаас татаж газар унагаад дээрээс дэвсээд өшиглөөд байсан. ...” гэх,

насанд хүрээгүй гэрч Г.Түвшинжаргалын “... Т.А- салгах гэтэл нөгөө эгч Т.Ариунсолонгыг барьж аваад шууд үсдээд нүүр лүү нь өшиглөөд газар унагаад дээрээс нь дэвсээд байсан. ...” гэх,

гэрч Д.Эрдэнэцэцэгийн “... манай хажуу айлын шар үстэй хүүхэн аймаар уурлаад эмэгтэй жаахан хүүхэдтэй үсдэлцээд, хоорондоо барьцалдсан. ... шар үстэй хүүхэн жаахан хүүхдийг гараараа цохиод, хөлөөрөө толгой руу нь  өшиглөөд байхаар нь арай гэж салгасан. ...” гэх мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Т.Ариунсолонгын биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х- нь насанд хүрээгүй хохирогч Т.Ариунсолонгийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж үзлээ.  

 

Иймд шүүгдэгч Д.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ