Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0338

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг дарга манай газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо урьд нь уг газрыг эзэмшиж байсан иргэн Б.Б, Д.Д нарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга газар олгохдоо эрх мэдлээ хэтрүүлэн, хууль тогтоомжийг зөрчсөн, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох ёстой байсан гэж байгаа боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад тодорхой хэмжээний газар эзэмшүүлэх эрх олгосны дагуу дүүргийн Засаг даргын захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б, Д.Д нарт олгосон 750 м.кв

/

газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 650 дугаар захирамжаар “Н” ХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар иргэн Б.Б, Д.Д нарт тус тус газар эзэмших эрх анх олгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулахгүйгээр эзэмшүүлсэн байдаг. Газрын тухай хууль зөрчсөнийг тогтоосны үндсэн дээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу Засаг даргын шийдвэрийг өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох, өөрчлөх эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/302 дугаар захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.1, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч “Н” ХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Н” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орон сууц үйлчилгээний зориулалтаар 750 м.кв талбай бүхий газрыг 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Газрын албатай албан ёсоор гэрээ хийж эзэмшсэн. 2013 онд эзэмшил газрынхаа эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлт өгснөөс хойш удаа дараа манай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хэзээ сунгагдах талаар асууж лавлаж байсан боловч шийдвэрлэхгүй байсаар 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/302 тоот захирамжийг манай компанид ирүүлсэн.

Тус захирамжийн 3 дахь хэсэгт “...иргэн Н.Биндэръяа, Д.Д нарт хууль зөрчиж олгосон газрын эрхийг “Н” ХК-д шилжүүлж 750 м.кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжийн “Нийслэлийн өргөө” ХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай” гэсэн байна. “Н” ХК-ийн хувьд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй, төлбөр тооцоог тухай бүрд нь төлж байсан.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 255 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч

 

“Н” ХК-ийн эзэмшлийн газрыг анх олгохдоо дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэнд эзэмшүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын 1.2 дахь хэсэгт “...Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн 2004 онд дүүргийн нутаг дэвсгэрт 4.57 га газрыг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ болон аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулах төсөл боловсруулан батлуулах” гэж газар олгохыг зөвшөөрөн баталсан байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/302 тоот захирамжийг хүчингүй болгож, “Н” ХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Н” ХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэ захирамжаар “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүй газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс “хуулийн дагуу газар эзэмшиж байгаа, өмнөх эзэмшигчийн хэрхэн газрыг эзэмших болсон нь дараагийн эзэмшигчийн газар эзэмших эрхийг хөндөх үндэслэл болохгүй” хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжаар уг маргаан бүхий газрыг Б.Б, Д.Д нараас шилжүүлэн авсан боловч энэхүү газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлэн авснаар үүсэх үүрэг хариуцлагыг бүрэн хүлээхээр заажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар инженерийн шугам, сүлжээ бүхий газарт, газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх байтал маргаан бүхий газрыг дүүргийн Засаг дарга эзэмшүүлж, хууль зөрчжээ. Уг маргаан бүхий газрын доогуур дулааны шугам сүлжээ байгаа болох нь хэрэгт авагдсан инженерийн шугам сүлжээний зургаар тогтоогдож байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэглэлгүй, газар эзэмшүүлж, газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг тогтоолд 4.57 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах төсөл боловсруулан батлуулахыг Газрын албанд даалгасан болохоос маргаан бүхий газрын байршлыг нэрлэн заагаагүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй болно.

Дээрх байдлаар Б.Б, Д.Д нарт газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байхад захиргааны байгууллага нь түүний газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-д заасан шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар захиргааны шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Улмаар захиргааны байгууллагын алдаатай шийдвэр нь газар эзэмших эрх хууль бусаар үүссэн нэхэмжлэгчийг зөвтгөх, газрыг үргэлжлүүлэн эзэмших шалтгаан болохгүй.

Харин нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулан эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар тусдаа нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,

 

//

87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.