| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00451/И |
| Дугаар | 557 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00451/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн засаг даргад холбогдох,
"ажлаас буруу халсан Х аймгийн засаг даргын 2017 оны 04 сарын 20 өдрийн А/155 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 20 өдрийн А/155 болон Б/77 захирамжууд нь хуульд нийцээгүй, хэлбэрийн болоод хууль зүйн шаардлага хангахгүй, илт хууль бус байх тул А/155 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Миний бие Б сумын сургуулийн захирлаар 2015 оны 02 дугаар сарын 11 өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд алдаа дутагдал гаргасан бол байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ үндсэн дээр хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцох ёстой байтал үр дүнгийн гэрээ байгуулан, үндэслэлгүйгээр дүнэж, албан тушаал өөрчилснийг доор дурьдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үнэдслэлүүдийн аль нэг заавал баримталсан байвал зохино гэж заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн хуулийн дээрхи заалт болон надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний аль ч заалтыг баримтлаагүй. Миний хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиодлуудыг заасан байгаа. Миний бие эдгээр зөрчлүүдийг гаргаагүй болно. Мөн хуулиар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын зуруулж, баталгаажуулсан байхыг шаарддаг атал намайг ажлаас чөлөөлөх болсон тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй.
2. Засаг дарга захирамж гаргахдаа: Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дугаар хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7-р зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу байна. Төсвийн Ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 1.6-д “ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан түвшингийн үнэлгээ болно гэж тодорхойзаасан байхад надад огт хамааралгүй журмыг баримтлан миний ажлыг үнэлж, дүгнэж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна.
3. Миний бие Засаг даргын А/155 тоот захирамжийг 2017 оны 05 сарын 03 өдөр хүлээн аваад, Хаймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 11 өдрийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” захирамжийн дагуу ажлаа хүлээлгэн өгсөн байхад бүүр сүүлд огноо ижил, Б/77 хэмээх захирамж дахин ирсэнд маш их гайхсан. Энэ захирамжийг би 05 сарын 30 өдөр Г.Мөнхзулаас хүлээж авсан бадаг юм. Ийнхүү өөр дугаартай, ижил огноотой захирамж давхардуулан гаргах болсон шалтгааныг ойлгохгүй байна. таамаглахад өмнөх захирамж дээр “D” үнэлгээг “0” гэж бичсэн байсантай холбоотой гэж бодож байна. Аймгийн засаг дарга хүн ийм хайнга хандаж алдаа гаргасан бөгөөд би би өөрийн эхлэн хүлээн авч, ажлаа хүлээлгэн өгсөн А/155 тоот захирамжийн дагуу шүүхэд хандаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Г.Б нь Х аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/155 дугаар “ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгэх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь Б сумын сургуулийн захирлаар 1995 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Хэрэв алдаа дутагдал гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцлага тооцох байтал үр дүнгийн гэрээ дүгнээд, үр дүнгийн гэрээгээр арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сумын сургуулийн захирал бол Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу ажиллах төрийн үйлчилгээний албан хаагч юм.
Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах үйлчилгээний ажилтан юм. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т төрийн үйлчилгээний байгууллагыг зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Дээд шүүхийн тогтоолын 15 дугаарт, “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг заавал баримталсан байвал заавал зохино...” гэсэн байдаг. Гэтэл маргаан бүхий захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг огт баримтлаагүй. Мөн Буянтогтохтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний аль ч заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд “...хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах...” нөхцөл заалтыг заасан байгаа. Гэвч ажилтан нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах аль ч нөхцлийг зөрчөөгүй байхад маргаан бүхий захирамжийг гаргасан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа бол 30 хоногийн өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэх ёстой гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй, энэ талаар албан ёсоор бичгээр мэдэгдэл ирээгүй.
Дараагийн асуудал бол Засаг дарга уг захирамжийг гаргахдаа баримталсан: “Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэж ажлаас халсан нь буруу гэж үзэж байгаа юм. Учир нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журмын 1 дүгээр зүйлийн 1.6-т “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийг гэрээг дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжилийн түвшингийн үнэлгээ болно...” гэж заасан байгаа. Гэтэл сургуулийн захирал бол “төрийн жинхэнэ албан хаагч” биш, “төрийн үйлчилгээний албан хаагч” юм. Ийм учраас ажлаас халж, албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн үр дүнгийн гэрээ дүгнэх журам болон хавсралтуудаас харахад төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай болох нь харагдаж байна. Хэдийгээр Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулна гэсэн боловч Төрийн үйлчилгээний албан хаагчийн төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэх журмыг зохицуулаагүй байдаг. Үр дүнгийн гэрээтэй холбоотой маргаан гарвал Төрийн албаны зөвлөл шийддэг. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг учраас Төрийн албаны зөвлөлд хандах боломжгүй асуудал үүссэн юм. Буянтогтох бол Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулинд хамааруулж хариуцлага тооцох ёстой байсан. Иймээс Засаг даргын гаргасан тушаал үндэслэлгүй байгаа тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.2-д “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтогдсон” гэж заасан байх тул Г.Буянтогтох нь аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээний хэрэгжилтийг үнэлсэн Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр “D” буюу дутагдалтай үнэлэгдсэн тул дээрх хуулийн 40.1.2-д заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж байна.
Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэсэн байдаг. Үүний дагуу Буянтогтоход эхлээд биечлэн мэдэгдсэн. Дараа нь утсаар холбогдож мэдэгдэхэд, багш нарын хурал албан ёсоор болж, энэ тухай хэлэлцсэн Онончимэгийг захиралаар томилсон нь хуулийн дагуу 30 хоногийн дотор “мэдэгдсэн” гэж үзнэ.
Аймгийн Засаг даргын захирамжид дурдагдсан “Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам”-ыг үндэслэн захирамж гаргах нь зүйтэй. Төсвийн тухай хуулийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэсэн байдаг. Энэ нь төсвийг шууд захирагч байгаагийн хувьд үр дүнгийн гэрээг үнэлэх дүгнэх журмыг үндэслэх нь зүйтэй. Тухайн журмын зорилгод заавал Төрийн жинхэнэ албан хаагч энэ журмыг мөрдөнө гэсэн зүйл байхгүй. Төсвийн шууд захирагчийг энэ журмаар дүгнэнэ гэсэн ойлголт байгаа юм. Аймгийн хэмжээнд төсвийн шууд захирагч нарыг “төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам”-аар үнэлж дүгнээд явж байгаа. Иймээс аймгийн Засаг даргын гаргасан захирамж нь хуулийн дагуу гарсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 1-3, 5-6, 8, 9, 10, 11-12, 13-15, 23, 24-25, 27-30, 31-41/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б Х аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20 өдрийн А/155 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Хэнтий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Х аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 20 өдрийн А/155 дугаар захирамж гаргаж “... аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээний хэрэгжилтийг үнэлсэн Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтийг үндэслэн “0” буюу “дутагдалтай” үнэлэгдсэн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Буянтогтохын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цуцлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /хх 8/, энэ захирамжийг Биндэр сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч 2017 оны 05 сарын 02 өдөр шуудангаас авч сумын Засаг даргад танилцуулж, 05 сарын 03 өдөр Г.Б-д хүлээлгэн өгсөн /хх 2, 13-14/, сумын Засаг дарга ажил хүлээлцэх комисс томилох тухай А/53 захирамжийг 05 сарын 11 өдөр гаргасан /хх 10/, Г.Б нь аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээгээр 69,7 буюу “D” /60-70 оноо/ үнэлгээ авсан /хх 28-41/ зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.
Х аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 20 өдрийн А/155 дугаар захирамжаа засаагүй, хүчингүй болгоогүй байх ба шинээр Б/77 дугаартай захирамж гаргаж “0” үнэлгээг “D” гэж, 04 сарын 14-ний өдрөөс гэснийг 04 сарын 20-ны өдрөөс гэж өөрчилсөн байх боловч уг захирамжийг Г.Буянтогтоход мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь А/155 дугаартай захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн ...38 дугаар зүйлийн 38.1.2, ...төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль үндэслэлээр нь Г.Буянтогтохын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай захирамжид огт дурдаагүй байна.
Шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбар болон шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч тайлбарлахдаа “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын зэрэг албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог. Г.Б-той Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтийг ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоосон албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж дүгнэх боломжгүй байна.
Ажил олгогч нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 30 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагч тал няцааж чадаагүй, энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүх Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн захирамж үндэслэлгүй, хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу төрийн захиргааны, тарийн тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэх ба хуулийн 11.2-т заасны дагуу албан тушаалын дээрх ангиллын хүрээнд төрийн удирдах, төрийн гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.
Иймд Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дээр дурдсан албан тушаалын ангиллын хүрээнд ажил эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч биш учраас “захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч” гэж мэтгэлцэж буй нэхэмжлэгч талын тайлбар буруу биш байна.
“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд санал тавьж болно. Үнэлгээ ...“D” буюу “дутагдал”-тай бол –албан тушаал бууруулах, -албан тушаалын цалинг бууруулах, -дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах” гэж заажээ.
Гэтэл Г.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь дээрх журамд заагаагүй арга хэмжээ авсан, уг журамд нийцээгүй гэж үзэхэээр байна.
Нэхэмжлэгч Г.Б-д А/155, Б/77 дугаартай захирамжийг 05 сарын 03 өдөр гардуулсан гэдгийг хариуцагч шүүхэд нотлоогүй, нэхэмжлэгч анхны нэхэмжлэлээ шууданд 05 сарын 30 өдөр хийсэн /хх 15/, шүүх нэхэмжлэлийг 06 сарын 05 өдөр хүлээн авсан /хх 16-17/, 06 сарын 13 өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан /хх 16-17/ зэрэг үйл баримт нотлогдсон тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзсэн ба хариуцагч тал нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбартаа болон шүүх хуралдаан дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус баримтлан Х аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 20 өдрийн А/155 дугаар захирамжийн 1, 3, 4 дэх заалтын Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Б-ыг Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Г.Б-оос төлсөн 70 000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА