| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00443/И |
| Дугаар | 560 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/004443/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Я.Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н”-д холбогдох,
"цалин, урамшуулал, амралтын мөнгө 740 149 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Л.Ч, хариуцагч “Н”-д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:
“Н”-өөс цалин, урамшуулал, амралтын мөнгө 740 149 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Би 2015 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн тус байгууллагад Мөрөн сумын Насан туршийн боловсролын нэгжийн багшаар ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 20 өдөр Насан туршийн боловсролын төвд 1 дүгээр сарын тайлан, 2 дугаар сарын төлөвлөгөө, цагийн бүртгэлээ явуулсан. Сургуулийн захирал, менежерүүдэд 2017 оны 01 дүгээр сарын 27 өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 02 өдрийн огноотой ажлаас чөлөөлөх тухай гэсэн 2 албан тоот ирсэн. Мөн боловсрол Соёл урлагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 16 өдөр 26 тоот бичиг нь 2017 оны 02 дугаар сарын 06 өдөр манай сургууль дээр ирсэн. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр халагдсан гэдгээ мэдсэн бөгөөд энэ өдрийг хүртэл ажиллаж байсан учир цалингаа авах нь зөв гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би ажлаас халсан тушаалыг хүлээж аваад сургуулийн захирал М.Ариунаад танилцуулахад нэгэнт цалин бичсэн байхад энэ тушаалыг ирүүлсэн байна. Чиний цалинг олгох боломжгүй, төсөв мөнгөгүй гэсэн. 2017 оны 02 сарын 06-ны өдөр сургуулийн захиргаанд албан бичиг ирсэн. Уг бичигтээ Насан туршийн боловсролын багшийг сургуулийн үндсэн багшаар ажиллуул гэсэн байсан. Тэгээд манай захирал 2017 оны 02 дугаар сарын 01 өдрөөс намайг үндсэн багшаар авч ажиллуулсан.
Ингээд миний нэг сарын цалин байхгүй, надад олгогдоогүй. Намайг ажлаас халах талаар надад өмнө нь огт мэдэгдээгүй. Би хоёр байгууллагын дунд цалин хөлсөө авч чадаагүй хохирсон.
Иймд цалин, урамшуулал, амралтын мөнгө 740 149 төгрөгийг гаргуулж өгнө үү“ гэв.
Хариуцагч Насан туршийн боловсролын төв, /дарга Г.Дашдаваа/ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэдийгээр Я.Ч багш Х аймаг дахь Насан туршийн боловсролын төвийн нэгжүүдийн урдаа барьдаг багш нарын нэг ч гэлээ уг байгууллага маань өөрөө ямар ч төсөв мөнгөгүй болсон.
2017 оны төсөвт нэгжийн багш нарын цалин тусгагдаагүй батлагдсан, санхүү төсөв хүндрэлтэй учраас нэгжийн багш нарыг сумдын Ерөнхий боловсролын сургуулиудад нь үндсэн багшаар шилжүүлэн нэгжийн багшийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлэх тухай 2016 оны 06, 12 саруудад /2016 оны 12 сард Хэнтий аймгийн засаг дарга, БСУГазрын дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ дүгнүүлэхэд БСУГазрын танхимд-амаар/ бүх сургуулийн захирлуудад анхааруулж мэдэгдэж байсан.
Тухайн төсөвтөө багтаан ажиллахад зайлшгүй цомхотгол хийхээс өөр аргагүй болсон. Ингээд бид нар хуралдаж байгаад бүх суман дахь насан туршийн боловсролын багш нарыг чөлөөлөх шийдвэрт хүрсэн. Аймгийн төвийн хэдэн багш нар маань л үлдсэн. Яг энэ Я.Чимэдлхам багшид тохиолдсон шиг зүйл өөр гараагүй. Нэг талаас энэнд сургуулийн захирлын буруу байгаа. Уг тушаалыг бид хуралдаад 2017 оны 01 дүгээр сарын 16 өдөр гаргаж зохих журмын дагуу хүргүүлэхийг бичиг хэрэгтээ даалгасан.
Цалингийн тухайд ярихад Чимэдлхам нь нэг сарын цалингаа аваагүй хохирсон нь үнэн. Амралтын тухайд ярихад 2016 оны ээлжийн амралтаа манай байгууллагаас тооцуулаад мөнгөө бүрэн авсан. Одоо 2017 оны амралт л яригдах байх. М.Ариунаа захирал болон Г.Чимэдлхам хоёрын хооронд үл ойлголцол үүссэн байсан” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 4, 5-9, 12-14, 16-19, 26-31, 39-41/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч “Н”-д холбогдуулан " цалин, урамшуулал, амралтын мөнгө 740 149 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч “Н” төв нь Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 16 өдрийн 26 дугаартай албан тоот, Насан туршийн боловсролын төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16 өдрийн Б/02 дугаартай албан тоотуудыг үндэслэж Л.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
“Н” төв нь 2017 оны 01 сарын 16 өдөр Б/02 дугаартай тушаалаар нэгжийн багш нар /Л.Чимэдлхам/-ыг 2017 оны 01 сарын 02 өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /хх 4, 28/, уг тушаалыг Л.Ч-ын ажиллаж байсан Мөрөн сумын сургууль 2017 оны 01 сарын 27 өдөр /хх 6/ хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.
Ажилтан “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж маргааны талаар гомдол гаргах хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг нэхэмжлэгч зөрчиж, өөрийг нь ажлаас чөлөөлсөн Насан туршийн боловсролын төвийн 2017 оны 01 сарын 16 өдөр Б/02 дугаартай тушаалыг мэдсэн 2017 оны 01 сарын 27 өдрөөс хойш 4 сарын дараа Насан туршийн боловсролын төвд, 5 сарын дараа шүүхэд тус тус ханджээ.
Нэхэмжлэгч Л.Ч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаар шүүхэд болон шүүх хуралдаан дээр ямар нэгэн хүсэлт, тайлбар, нотлох баримт гаргаагүй тул шүүх уг хугацааг сэргээн тогтоох боломжгүй гэж үзэж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан “Н”-д холбогдох, цалин, урамшуулал, амралтын мөнгө 740 149 төгрөг гаргуулах тухай Л.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 22 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА