Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

                                 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  

нарийн бичгийн дарга  С.Буянхишиг,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч П.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Пүрэвдагвын Д-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905007220265 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын .... жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт... дүүргийн ... дүгээр хороо .... гудамж ... тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдагвын Д

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтантөгрөг” худалдааны төвийн ойролцоо автомашины зогсоолын асуудлаас болж маргалдан иргэн Г.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Г.Пүрэвдоржийн “Тухайн өдөр би үдээс хойш өөрийн төрсөн хүү Ганзориг болон эхнэр хүүгийн найз гэх залуу бид 4 хамт гадуур явж байгаад хороололд байрлах Ариг банкинд орж мөнгө солиулах гэж байгаад Алтантөгрөг худалдааны төвийн урд байрлах зогсоол дээр машинаа зогсоогоод эхнэр банк руу орсон байсан. Тэгээд нэг газар зогсоолд оруулах гэсэн чинь нэг Приус маркийн машитай залуу хөндөлдөөд зогчихсон байсан. Тэгэхээр нь манай хүү машинаасаа буугаад нөгөө Приус машинтай хүнийг машиныг нь жоохон урагш нь болгочих санаатай уулзах гээд өөрийн машинаасаа буусан. Тухайн үед бид нарын машиныг манай хүүгийн найз  жолоодож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хүү нөгөө Приус машины жолоочтой хэрэлдээд маргалдаад барилцаад авахаар нь би цонхоор хартал манай хүүгийн халааснаас нь гар утас нь газар унаад байхаар нь би машинаасаа юу болоод байна гээд буусан.

          Тэгээд бууж очоод хүүгийнхээ хажууд зогсоод салгах санаатай нөгөө Приусын жолоочид хандан миний хүү ард машин тэрэг ирээд сигналдаад байна, жоохон урагшаа зогсчих гээд хэлсэн чинь нөгөө жолооч чи муу хөгшин дөгцөг юу юм бэ, зайл цаашаа гээд нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд манай хүү болохоо байлаа гээд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн газарт ирсэн.

           ...Тухайн өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд өөр эмчилгээ хийлгээгүй. Нүдний шил хагарсан. Өөр юм байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

          “Манай хүүхэдтэй маргалдаад барилцалдаад байхаар нь би очоод салгах гэтэл намайг зайл гээд гараараа  нүүр рүү цохисон. ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин  манай хүү хөдөө байгаа гар утас нь гайгүй гэсэн. Гар утас дээр гомдол санал  байхгүй гэсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

 

          Гэрч П.Ганзоригийн “Би өөрийн аав ээж болон найз Мөнхжаргалын хамт хороололд байрлах Ариг банк орох санаатай Алтантөгрөг худалдааны төвийн урд байрлах зам дагуу машин зогсоогоод ээжийг банк руу орсон хойно нэг машин зогсоолоос гарахаар нь зай гарсан зогсоол руу орох гээд урд байсан Приус машиныг жоохон урагшлаад өгөөч гэсэн чинь нөгөө машины жолооч зай байхгүй тулчихсан байна гэхээр нь би хараад өгье та жоохон урагшлаад өгчих гэсэн чинь  чадахгүй гээд хаалгаа хаасан.

          ... Манай аавын нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд манай найз машинаас бууж ирээд аавыг тэвэрч аваад машинд суулгасан. Тэгээд бид нар цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2021 дугаартай:

          “1.2 Г.Пүрэвдоржийн биед баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

          Б.Д-ийн яллагдагчаар өгсөн “... Хэрүүл маргаан хийсэндээ харамсаж байна. ... Би Пүрэвдоржид эмчилгээний зардал өгсөн. Хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч П.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтантөгрөг” худалдааны төвийн ойролцоо автомашины зогсоолын асуудлаас болж маргалдан иргэн Г.Пүрэвдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  Г.Пүрэвдоржоос шүүхэд ирүүлсэн өргөдөлдөө “... Эмчилгээнд доод тал нь 450.000-510.000 төгрөгний эмчилгээний зардал орно гэсэн. Одоогоор бэлэн мөнгө байхгүй тул эмчилгээ хийлгэж чадахгүй байна.  Иргэн П.Д- нь нэг ч удаа утсаар яриагүй, уучлалт гуйгаагүй тул гомдолтой байна. Цаашид нүднийхээ сорвийг арилгах шаардлагатай байна. Харааны шил хийлгэхэд нүдний шилний рам 30.000 төгрөгөөр, шил хийлгэхэд 24.000 төгрөг нийт 54.000 төгрөгөөр хийлгэсэн. ...” гэжээ.

Хэрэгт хохирогч Г.Пүрэвдоржийн эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирол, хор уршийг тооцож гаргах боломжгүй байна.

Харин хохирогч Г.Пүрэвдорж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч  Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдагвын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П.Д- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  П.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Пүрэвдорж гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ