Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Ц.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Монгол овгийн Ц.П д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000950029 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн Ц.П , 1994 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, Кола кебаб-д шарагч ажилтай, ам бүл 1, Сонгинхайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 21 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1/а-80 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.П  нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах UB kebab түргэн хоолны газарт Ч.Г ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид эмчилгээний зардлыг баримтын хүрээнд төлж барагдуулна, прокурорын санал болгосон ялыг биелүүлнэ…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ч.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажил дээрээ Пунсанцогвоо орж ирээд гал тогооны хэрэгсэл цэвэрлэж байгаад надад төмс шардаг тосыг сольсонгүй, энийг соль гэж хэлэхээр нь би миний ээлжин дээр ирсэн тос, гайгүй цэвэрхэн байгаа гэж хэлтэл намайг янз бүрээр хэлж доромжилж эхэлсэн. Тэгээд намайг барь авахаар нь би барьцалдаж автал ажлынхан дундуур орж салгатал миний толгой руу хоёр гурван удаа цохисон. Тэгээд салаад би хогоо хогийн пункерт хаяж байтал цаад талын хаалгаар тойрч гарч ирээд багалзуурдаж аваад миний уруул руу гараараа цохисон. Түүнээс  хойш 2 хоногийн дараа цагдаад мэдэгдсэн. Гомдолтой байна. Тархи толгой хөдлөөд чихний сонсгол муудсан, эмчилгээний болон бусад зардлаа гаргуулж авмаар байна...” гэжээ /хх-15/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8217 дугаар дүгнэлтэд

“1. Ч.Г ийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэжээ /хх-24/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30-31/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 44/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан санал зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.П  нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах UB kebab түргэн хоолны газарт Ч.Г ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч Ч.Г  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болно. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Ц.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.П г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.П  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ч.Г  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тайлбарласугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН