| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02919/И |
| Дугаар | 2525 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Х.С
2.300.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 05 дугаар сард Х.Сд 16 ширхэг эр хонийг нэг бүрийг нь 135.000 төгрөгөөр бодож худалдсан. Х.С портер машинд хонио ачсаны дараа хэд хоногоос дансаар мөнгийг шилжүүлье гэсэн боловч өгөлгүй нэг жил өнгөрлөө. Аймгаас дүү, аав маань нэхэж ирсэн боловч өгнө гэсээр өдийг хүрсэн. 16 ширхэг хонины 14 нь Б.Бынх, 2 нь аавын маань хонь байгаа юм. 16 ширхэг хонины үнэ 2.300.000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо Х.Сгаас 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн төвөөс 30 км зайтай байх Б.Бынд очиж 14 ширхэг эр хонийг нэг ширхэгийг нь 135.000 төгрөгт тооцож худалдаж авсан. Тэндээс портер машин хөлсөлж замаараа аавынхаар нь орж 2 хонь нэмж худалдаж авсан. Аймгийн төв орж ченжээр нэг хонийг 6.000 төгрөгөөр гаргуулж, гэдсийг нь 3.000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Ингээд махаа аймгийн ченжид 1.501.000 төгрөгөөр худалдсан. Надаас их зардал гарсан. Б.Б нэг хонийг 25-30 кг болно гэсэн боловч хонь нь жиндээ хүрээгүй. Энэ талаар аймагт байх ченж Н.Д мэднэ. Шүүх цагдаад хандаагүй бол 2.300.000 төгрөгийг өгнө гэж тохиролцож байсан боловч одоо бол зөвшөөрөхгүй. Хонины үнэд 1.600.000 төгрөг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Х.Сгаас 16 ширхэг хонины үнэ 2.300.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 2.000.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Х.С нь нэхэмжлэгч Б.Баас 14 ширхэг эр хонийг нэг бүрийг нь 135.000 төгрөгөөр тооцон худалдан авсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.С нар нь 14 ширхэг эр хонийг нэг бүрийг 135.000 төгрөгт тооцон худалдахаар тохирсон, энэ үнийн дүнд талууд маргаагүй, 2 ширхэг хонийг нэхэмжлэгчийн аавынхаас замаараа авсан талаар зохигч тайлбарласан тул хариуцагч Х.Сгаас 14 ширхэг хонины үнэ 1.890.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлээс 110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд талууд 2 ширхэг хонь нь нэхэмжлэгчийн аавынх гэж тайлбарласан тул 2 хонины үнийг нэхэмжлэгч Б.Б шаардах эрхгүй, хариуцагч хонины үнэд 1.600.000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг боловч тэрээр 14 ширхэг хонийг нэг бүрийг 135.000 төгрөгт тооцож худалдан авсанаа зөвшөөрдөг тул энэ үнээр тооцож нэхэмжлэлийг шийдвэрлэлээ.
Хариуцагчаас 14 ширхэг хонины махыг 1.501.000 төгрөгөөр худалдсан, Хаан банкинд зээлтэй гэж тайлбарлан зарлагын баримт, Хаан банкны мэдэгдлийг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж дурьдав.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Х.Сгаас 1.890.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх 110.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Сгаас 45.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА