Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/722

 

 

 

 

 

 

 

  2021        10         27                                   2021/ШЦТ/722

                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхдэлгэрийн Т, Боржигон овогт Энхболорын Г, Боржигон овогт Чойжамцын У нарт холбогдох эрүүгийн 2009025720378 дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Т нь шүүгдэгч Э.Г, Ч.У нартай бүлэглэн хохирогч П.Бын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Кофе шоп” дотроос шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг Э.Гаар дамжуулан “Нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд оруулж өгнө” хэмээн хэлүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Гийн “Хаан банканд” эзэмшдэг 5721277478 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн шүүгдэгч Э.Г, Ч.У нартай бүлэглэн “Э.Гийг Нийслэлийн орон сууцны корпорацад ажилладаг” хэмээн итгүүлэх аргаар бусдыг хуурч “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Эыг төөрөгдөлд оруулж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Кофе шоп” дотор “Хас” банкны 500230631 тоот дансаар 3.500.000 төгрөгийг буцааж төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилсан,

Шүүгдэгч Э.Г нь шүүгдэгч М.Т, Ч.У нартай бүлэглэн хохирогч П.Бын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Кофе шоп” дотроос шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг Э.Гаар дамжуулан “Нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд оруулж өгнө” хэмээн хэлүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Гийн “Хаан банканд” эзэмшдэг 5721277478 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн шүүгдэгч М.Т, Ч.У нартай бүлэглэн “Өөрийгөө Нийслэлийн орон сууцны корпорацад ажилладаг” хэмээн итгүүлэх аргаар бусдыг хуурч “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Эыг төөрөгдөлд оруулж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Кофе шоп” дотор “Хас” банкны 500230631 тоот дансаар 3.500.000 төгрөгийг буцааж төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилсан,

Шүүгдэгч Ч.У нь шүүгдэгч М.Т, Э.Г нартай бүлэглэн хохирогч П.Бын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Кофе шоп” дотроос шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг Э.Гаар дамжуулан “Нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд оруулж өгнө” хэмээн хэлүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Гийн “Хаан банканд” эзэмшдэг 5721277478 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн шүүгдэгч Э.Г, М.Т нартай бүлэглэн “Э.Гийг Нийслэлийн орон сууцны корпорацад ажилладаг” хэмээн итгүүлэх аргаар бусдыг хуурч “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Эыг төөрөгдөлд оруулж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Кофе шоп” дотор “Хас” банкны 500230631 тоот дансаар 3.500.000 төгрөгийг буцааж төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж гаргах тайлбар байхгүй ...” гэжээ.

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж гаргах тайлбар байхгүй ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж гаргах тайлбар байхгүй...” гэжээ.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нар нь бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Бын өгсөн “...2019 онд манай дүү болох Ядамсүрэн нь надад “Нийслэлийн орон сууцны түрээсийн байранд орох гэж байгаа”-гаа хэлж, надаас мөнгө зээлэхийг хүссэн. Энэ талаар би сонсож Г гэх хүнтэй холбогдож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Кофе шоп”-д 2019 оны 12 дугаар сард уулзахад тэрээр “Би Нийслэлийн орон сууцны корпорацад “Ай Ти” инженерийн ажил эрхэлдэг, 2020 оны 03 дугаар сард ашиглалтад орох “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна, та тухайн байрнаас өөрийн хүссэн 1-2 байрыг сонго, нэг сард төлөх төлбөрийн талаар банкнаас асууж лавлаарай та одоо 3.500.000 төгрөг өгөх юм бол 2020 оны 03 дугаар сар гэхэд байрандаа орчихно гэж хэлсэн. Үүний дагуу миний бие түүнд итгэж, өөрийн нагац дүү болох С.Гантулгыг энэ байранд оруулах зорилгоор Гийн Хаан банкны данс руу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн ойролцоо байрлах “Кофе Шоп”-д түүнтэй уулзаж байхдаа дээрх мөнгийг шилжүүлсэн. Гэвч одоог хүртэл тохиролцсон байрандаа орж чадаагүй ба түүнтэй уулзаж асуух бүрт “...Сүхбаатар дүүргийн даргатай уулзлаа” одоохон оруулж өгнө гэх мэтийн шалтаг хэлсээр ирсэн. Түүнчлэн манай дүү С.Гантулгын нэр түрээсийн байранд хамрагдах хүмүүсийн нэрсийн жагсаалтад орсон эсэх талаар асуухад “...нэр нь орсон байгаа, гэхдээ нөгөө хүн буюу түрээсийн байранд оруулж өгөх хүнийг хардах асуудал гарах учир” болохгүй гэж тайлбарласан. Би У, Т нарын анх мэддэггүй байсан ба 2020 оны 06 дугаар сард Гтай уулзаж мөнгөө нэхэхэд Т гэх хүний талаар анх хэлж, түүнд мөнгө шилжүүлсэн талаараа анх хэлсэн. Тэгээд Ттой уулзаж лавлахад тэрээр “У гэх хүнд таны мөнгийг өгсөн, Утэй ярьж, ямар хүмүүсийг эхний ээлжинд байранд оруулах талаар асууж лавлаад хариу өгье гэж хэлж байсан. Г нь 2020 оны 04 дүгээр сард намайг мөнгөө нэхэ үед “Би ажлаасаа гарсан” гэж хэлсэн. Харин Т, У нарыг хаана юу хийдэг талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19/-р тал,

-Пэлжээгийн Бын “Хаан” банканд эзэмшдэг 5058472493 тоот дансны дэлгэрэхгүй хуулга /1-р хх-ийн 17/-р тал,

Ч.Уийн “Хаан” банканд эзэмшдэг 5925389953 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 99-100/-р тал,

Энхболорын Гийн “Хас” банканд эзэмшдэг 5925389953 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 103-160, 228-236, 2-р хх-ийн 26-44/-р тал,

Энхболорын Гийн “Хаан” банканд эзэмшдэг 5721277478 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 161-166, 201-215/-р тал,

Хохирогч П.Бад хохирлын мөнгө барагдуулсан тухай баримт /1-р хх-ийн 168/-р тал,

Шүүгдэгч Ч.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Миний бие өөрөө хөөцөлдөж байгаад хамаатны хоёр хүүхдээ Нийслэлийн орон сууцны корпорацийн байранд оруулсан. Ингээд энэ маягаар хүмүүсийг түрээсийн байранд оруулж болох юм байна, гэж бодоод Ттой 2019 оны 10 дугаар сард уулзаж, улмаар нэг хүнээс 3.000.000 төгрөг авахаар тохироч, үүнээс 2.000.000 төгрөгийг нь үйл ажиллагаандаа зарцуулж, 1.000.000 төгрөгөө нэг хүний 350.000, 350.000, 350.000-аар нь хувааж авья гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Б гэдэг хүүхэд Гантулгын түрээсийн байрны урьдчилгаа гэж 2.350.000 төгрөгийг Т надад бэлнээр Улаанбаатар хотын захиргааны байрны ойролцоо авчирч өгсөн. Тэгээд надад хандан “та 350.000 төгрөгийн ашиг аваарай” гэж хэлсэн. Тэгээд би Гантулгын материалыг Нийслэлийн орон сууцны бүртгэлд оруулаад явж байтал шатлгаангүйгээр Гантулгын нэр бүртгэлээс хасагдсан. Тухайн үеп сонгууль болоод дараа нь ковид өвчин дэлгэрээд одоог хүртэл байранд нь оруулж өгч чадаагүй. Дараа нь буюу 2021 оны цагаан сарын дараа Гантулгын 3.500.000 төгрөгийг Бын данс руу буцааж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Гийн яллагдагчаар өгсөн “...Над руу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б гэх хүн залгаж, Нийслэлийн орон сууцны корпорацид оруулж өгч чадах уу уулзаад ярилмаар байна гэж хэлсний дагуу би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Супер сайз” гэх нэртэй Кофе шоп-д уулзахаар болсон. Тэгээд тус газар Б гэх нэртэй эмэгтэй, Э гэх залуутай ирж байранд оруулж өгч чадах уу гэж асуусан. Тухайн үед би хариулт хэлэлгүй бидний уулзалт дууссан. Тэгээд энэ талаар найз Тоос асуухад боломжтой юм байна гээд нэг хүний 3.500.000 төгрөг аваарай, миний цаана нэг хүн байгаа гурвуулаа нэг хүний 350.000-аар бодож авна шүү гэж хэлсэн учраас би Гантулга, Э нараас тус бүр 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч улмаар Тын Худалдаа хөгжлийн банкны 425006474 тоот данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Дараа нь миний Хас банкны 5002306311 дугаарын данс руу Т ашиг гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүний 300.000 төгрөгийг би түүнээс зээлсэн ба 700.000 төгрөг нь цэвэр ашиг гэж тооцож авсан. Хүн тус бүрээс 3.500.000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгөнөөс 1.000.000 ашиг болгож, бид 3 нэг хүний 350.000-аар бодож авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31, 2-р хх-ийн 6/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эын өгсөн “...Манай хамаатны Ядамсүрэн гэх хүн “Буянт-Ухаа 2” гэдэг газар байрлах орон сууцанд байр захиалсан юм. Тэгээд намайг Г гэдэг хүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр танилцуусан. Г нь Нийслэлийн оро сууцны корпорацад ажилладаг, түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж надад хэлсэн. Тэрнээс хойш би түүнтэй холбогдож байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гийн “Хас” банканд эзэмшдэг 5002306311 таат дансанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Монгол Улсын Их Сургуулийн 5 дугаар замын эсрэг талд байрлах “Кофе Шоп” дотроос 3.500.000 төгрөгийг интернет банк ашиглан шилжүүлсэн. Түүнээс хойш Гтай утсаар холбогдож байсан боловч хэд хоногийн дараа бүтнэ гэж хойшлуулсаар байгаад 08 дугаар сарын 18-ны өдөр түүнтэй уулзаж өгсөн мөнгөө эргүүлж авахаар болоод салсан боловч одоо гар утсаа авахаа болисон. Тэрээр надад өөрийгөө Нийслэлийн орон сууцын корпорацад ажилладаг гэж танилцуулсан бөгөөд яг юу хийдэг талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189/-р тал,

Хохирогч Бат-Очирын Эаас шүүгдэгч Э.Гийн “Хас” банканд эзэмшдэг 5002306311 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн хуудас /1-р хх-ийн 202/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцал шүүгдэгч Ч.Уийн яллагдагчаар өгсөн “...Удалгүй Э гэх хүний түрээсийн байрны урьдчилгаа гэж 2.300.000 төгрөгийг Т надад бэлнээр Улаанбаатар хотын захиргааны байрны ойролцоо авчирч өгсөн. Тэгээд надад хандан та 350.000 төгрөгийн ашиг аваарай гэж хэлж өгсөн. Ингээд би Эын материалыг Нийслэлийн орон сууцны бүртгэлд оруулаад явж байтал ямар нэгэн шалтгаангүйгээр Эын нэр бүртгэлээс хасагдсан бөгөөд тухайн үед сонгууль болж, дараа нь цар тахал гарч одоог хүртэл байранд нь оруулж өгөөгүй. 2020 оны цагаан сарын дараа Эын мөнгийг Ариунаа гэх хүний данс руу шилжүүлж өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-50/-р тал,

Шүүгдэгч Ч.Уээс хохирогч Б.Эын хохирлын мөнгийг төлж барагдуулсан тухай баримт /2-р хх-ийн 47-50/-р тал,

Мөнхдэлгэрийн Тын Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 425006474 тоот дансны дэлгэрэнгүй хуулбар /2-р хх-ийн 58-80/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Тын яллагдагчаар өгсөн “...Миний бие У гэдэг хүнтэй одоогоос нэлээд олон жилийн өмнө танилцаж байсан. Тухайн үед уг эмэгтэй нь нэр төртэй сэтгүүлчийн ажил эрхэлдэг байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сард У надад хандан Нийслэлийн орон сууцны корпорацаас зохион байгуулдаг түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулж өгч дундаас нь ашиг олж авья, нэг хүний 3.000.000 төгрөг байхад болно гэж хэлсэн. Энэ үед би өөрийн найз Гт энэ талаар хэлэхэд тэрээр хүн олж өгье гэж хэлсэн бөгөөд тохиролцооны дагуу 2020 оны 01 дүгээр сард Г нь Б гэх хүнээс 3.500.000 төгрөгийг, дараа нь Э гэдэг хүнээс 3.500.000 төгрөгийг тус тус байранд оруулж өгнө гэж авсан байсан. Нийт авсан мөнгөний 6.000.000 төгрөгийг Г миний Худалдаа хөгжлийн банкны 425006474 тоот данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 4.700.000 төгрөгийг Уийн Хаан банкны данс руу шилжүүлж, үлдсэн 1.300.000 төгрөгийн 50 хувийг Гт өгч үлдсэн мөнгийг нь би ашиг болгож авсан. У нь урьд нь надад өөр төрлийн удааширсан ажлыг маань бүтээж өгч байсан учраас би түүнд итгэсэн. Бусдаар би болон У, Г бид нар ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан биш. У, Г нар тухайн мөнгийг хэрхэн зарцуулсныг мэдэхгүй байна, би өөрийн авсан мөнгөө хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-104/-р тал зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Төрийн орон сууцны корпорацад ямарваа нэгэн байдлаар ажилладаггүй, иргэдэд түрээсийн орон сууц олж өгөх, тэдгээрийн оруулах ямар ч эрхгүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хуурч, залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нарыг бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 7.000.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан арилжааны банкнуудын орлогын баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Өршөөл үзүүлэх тухай хууль.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр соёрхон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг/, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Ой, хээрийн түймэр тавих /Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино…” гэж заажээ. 

Хэдийгээр шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нарын үйлдсэн гэмт үйлдэл нь цаг хугацааны хувьд болоод гэмт хэргийн төрлөөрөө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх хэдий ч хуулийн дээрх заалт нь зөвхөн дээрх гэмт хэргүүдийг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлсэн этгээдүүдэд хамаарах заалт юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нарт шүүхээс хорих ял шийтгээгүй байгаа энэ тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдэх боломжгүй юм.

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналдаа “...Шүүгдэгч М.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй....” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн, санал хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.У, Э.Г, М.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

        Гурав. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Т, Б овогт Э-ын Г, Б овогт Ч-ын У нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У, М.Т, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР