Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1001

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: Б.О-,

           Шүүгдэгч: Б.М-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905022271475 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-, ...... тоот регистртэй,

 Шүүгдэгч Б.М- нь үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч, иргэн Т.Б-д “манай хүүхдүүд БНСУлс руу гаргадаг, манай худ Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг, 4.000.000 төгрөгөөр гаргадаг” гэж итгүүлэн улмаар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд визний урьдчилгаа, бичиг баримт, бүртгэлийн мөнгө, шинжилгээний мөнгө, онгоцны тийзний мөнгөө өгөөрэй” гэх зэргээр итгүүлэн нийт 3.812.000 төгрөгийг Т.Б-, Б.О- нараас гаргуулан өөрийн Хаан банкны 5090619325 дугаарын болон бусдын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

- Иргэн Б.Т-т “2018 оны 11 дүгээр сард танайх хүүхдүүдээ БНСУлс руу явуулахгүй юм уу, таньдаг хүмүүс байгаа виз гаргаж өгч чадна, Солонгост очоод төмрийн үйлдвэрт 6 сарын хугацаатай ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 2.256.000 төгрөгийг Хаан банкны 5065202869 дугаарын данснаас шилжүүлснийг өөрийн хаан банкны 5090619325 дугаарын болон бусдын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

- Иргэн Б.З-д “Солонгост очоод төмрийн үйлдвэрт 6 сарын хугацаатай ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5065350294 дугаарын данснаас шилжүүлснийг өөрийн хаан банкны 5090619325 дугаарын болон бусдын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан залилсан, бусдад нийт 9.068.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирлоо нөхөн төлнө” гэв.

Хохирогч Б.О- шүүх хуралдаанд: “...Тухайн үед миний эх хорт хавдартай байсан. Гэтэл М- гуай миний эхийг хорт хавдраар хүнд өвдсөн гэдгийг мэдэж байсан хэрнээ худал хэлж биднээс мөнгө авсан. Бид ээждээ эм, тариа авч өгөх мөнгөгүй байдлаас болж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Миний зүгээс М- гуайн өндөр настай, өвчтэй эхэд минь ингэж хандсанд их гомдолтой байна. М- гуай миний эхийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эргэж очиж, гэртээ хүртэл аваачдаг байсан. Би их гомдолтой байна. Би цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэв.

Хохирогч Э.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эмээ Б- 2 жилийн өмнө сувилалаас гарч ирээд тэнд танилцсан нэг М- гэх хүний хүүхдүүд нь БНСУлс руу гаргадаг гэж  байна худ нь Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг гэж байна гэж ярьж байсан. Эхлээд 4.000.000 төгрөгөөр гаргадаг гэж байна гэхээр нь бид нар тийм их мөнгө байхгүй юм чинь болъё гээд байж байсан чинь 2018 оны зун эмээд нөгөө М- нь хүүхдүүд нь Солонгосоос ирж байгаа гэнэ, эхний ээлжинд урьдчилгаа бичиг баримтын мөнгө гэж 200.000 төгрөг гэнээ гэхээр нь бид нар эмээтэй ярилцаж байгаад явахаар болоод би өөрөөсөө 200.000 төгрөг гаргаад эмээд өгсөн. Эмээ М-д өгсөн байсан. 2018 оны 11 дүгээр сар хүртэл эмээд М- нь дараагийн мөнгө болох 2.000.000 төгрөгөө өгөөрэй болж байгаа шүү гэж хэлж байсан. 11 дүгээр сард эхний ээлжинд 2.000.000 төгрөг өг гэж нэхэхээр нь эмээ хашаа байшингаа барьцаанд тавиад миний өмнөөс 2.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа онгоцны тийзний тал мөнгө гэж 500.000 төгрөг өг гэхээр нь эгч Оюунтуяа миний өмнөөс өгөөд би дараа нь эгчид 500.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 4 дүгээр сарын дундуур шинжилгээний мөнгө гэж 56.000 төгрөгийг би өөрөө М-гийн шилжүүл гэсэн данс руу шилжүүлсэн юм. ...М-тэй 25 дугаар эмийн сангийн тэнд уулзахад би өөрийн танил ах болох Төмөрбаатар ахыг уулзуулсан юм. Төмөрбаатар, Зоригоо гэж хоёр хүн бас мөнгө өгсөн байгаа. ...Би эгч Оюунтуяагийн хамт нийт 3.556.000 төгрөгийг өгсөн. Уг үндсэн мөнгө дээр нэмж хашаа байшинд төлсөн хүүний мөнгө гэж 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17, 25-26/,  

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ээж Б-тай М- нь одоогоос 3 жилийн өмнө танилцсан юм байна лээ. Ээж тэр ярианд нь итгээд хаашаа виз гаргадаг юм гэж асуусан байсан. Тэгэхэд М- нь БНСУлс руу гаргадаг гэж ярьсан байсан. Өөрөө ээжид ярихдаа худ нь БНСУ-д буудал ажиллуулдаг бас бус таньдаг хүмүүс БНСУ-ын элчинд ажилладаг гэсэн. М- нь ярихдаа 2018 оны 11 дүгээр сард танайх хүүхдүүдээ БНСУлс руу явуулна гэнэ чи явах юм уу гэхээр нь би 70 гарсан настай хүн ээжийн найз тул итгэсэн. ...М- нь манай ажил дээр хүртэл ирээд үсээ янзлуулаад явдаг байсан. Энэ үед би БНСУлс руу гаргаж өгч чадах юм байх гэж итгэл төрсөн байсан. Ээжид ярихдаа БНСУлс руу би өөрөө 10 гаруй хүн авч явах гэж байгаа гэж хэлсэн байсан ба эхний ээлжинд урьдчилгаа гэж 200.000 төгрөг ээжээр дамжуулж ээжийг өгчих гээд өгөөд явуулсан. 200.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “дэнжийн 1000-ын” банкнаас шилжүүлсэн. Тэгээд байж байтал дараагийн мөнгө болох хүн тус бүрийн 200.000 төгрөгийг өг гэхээр нь надад тухайн үед мөнгө байгаагүй байсан тул байхгүй байна гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь М- нь “Ган хийц” ХХК-ийн ерөнхий нягтлан Батчимэг гэх хүнээс би 3.000.000 төгрөг зээлээд чиний 2.000.000 төгрөгийг өгчихлөө энэ мөнгөө БНСУ-д очоод ажиллаад төлчихнө биз дээ харин одоо явтлаа хүүний мөнгө гэж сар бүр 150.000 төгрөг төлөөрэй гэсэн. Би энэ хүүг нь 2 сар төлж 300.000 төгрөг өгсөн. Визны хувьд анх ярихдаа 2019 оны 02 дугаар сарын эхээр гарна тэгээд явна 6 сарын хугацаатай ажиллах гэрээний виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Би өөрийнхөө эгчийн хүүхэд болох Н-гийн материалыг мөн М-д өгчихсөн байсан тул М- мөнгө нэхээд байхаар нь Болормаа гэх найзынхаа ээмэг бөгжийг 500.000 төгрөгний барьцаанд тавьж 500.000 төгрөгийг Н-гийн мөнгө гэж өгсөн. М-д би өөрөөсөө мөн 500.000 төгрөг гаргаад өгсөн байсан. М- нь ярихдаа хүнээс зээлсэн 3.000.000 төгрөгний 2.000.000 төгрөгийг нь чиний мөнгө гэж өгчихсөн байгаа. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөг нь байна, мөнгөтэй болох хүртэл чинь Н-н өмнөөс энэ 1.000.000 төгрөгийг өгчихье гэсэн. Дараа нь Н-н мөнгийг нэхээд байхаар нь 2018 оны 12 дугаар сар хавьцаа ээжийн өмчлөлд байх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 12-880 тоот хашаа байшинг “Нэт капитал” ББСБ-д сарын 205.000 төгрөгний хүүтэй 2.500.000 төгрөгний барьцаанд тавьж 1.000.000 төгрөгийг М-гийн данс руу Н-н мөнгө гээд шилжүүлсэн. ...Н-гийн хувьд М-гийн зээлж авсан гэх 1.000.000 төгрөг, хашаа байшингаа ББСБ-д барьцаанд тавьж шилүүлсэн 1.000.000 төгрөгийг өгчихсөн гэж бодож байсан юм. Дараа нь М-гийн зээлж авсан гэж худлаа хэлсэн 1.000.000 төгрөгийг өг гэхээр нь Н-н мөнгө гэж ББСБ-аас үлдсэн 1.000.000 төгрөгийг Н-н мөнгө гэж өгсөн. М- нь тийзний урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөг өг гэхээр нь өөрт байсан бэлэн мөнгөө дансаар 2019 оны 02 дугаар сарын дундуур М-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Виз гарах хугацаа болохоор нь юу болов оо гэж байнга ярихад М- нь хугацаа орох юм байна цаад талын Солонгосын үйлдвэр нь тоног төхөөрөмжөө шинэчилж байна гээд удаж байна гэж худлаа ярьдаг байсан. Дараа нь виз гарахгүй байна гээд дахиад ярихад БНСУ-ын элчин сайдын яамнаас хүн ирсэн байгаа та нарын визийг гадаад явдлын яамаар дамжуулж гаргах гэж байгаа гэж худлаа хэлдэг байсан. Сүүлдээ М- нь удаад байхаар нь дахиад ярихад та нарын виз бараг ногоон паспротоор гарч байгаа гэж ойлгоорой гэж хэлдэг болсон. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын дундуур над руу яриад шинжилгээний мөнгө гэж 56.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө мобайл банкаар шилжүүлчихсэн. Гранд мед эмнэлэгт шинжилгээ дардаг гэнэ та нар орох шаардлагагүй гэж хэлсэн. ...Би өөрөөсөө нийт 3.812.000 төгрөгийг М-д өгсөн байгаа. Н-н гэж мөнгө бол байхгүй ээ. 2.500.000 төгрөгийг М- нь төлж барагдуулсан байгаа. Одоо эцсийн байдлаар үлдэгдэл 1.312.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 3, 151/,

Хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10 дугаар сард манай танил Н- надад хэлэхдээ манай эмээгийн найзынх нь худууд Солонгос улс руу гаргадаг гэнээ очиж уулзъя гээд 25 дугаар эмийн сангийн замын хойд Улаанбаатар паласын зүүн талын зам дээр машин дотор М-тэй уулзсан. Уулзаж ярилцахад М- нь манай худууд БНСУлс руу авч явна нийтдээ 4.000.000 төгрөг болно, эхэлж 2.000.000 төгрөг авна гэсэн. Тэр уулзаж байх өдөртөө манай хүүхэд явахаа больж байгаа бие нь өвдсөн тул чамайг оронд нь явуулъя гэсэн, тэгээд салаад явсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хавьцаа над руу М- яриад одоо мөнгөө аваад ир эхний ээлжинд 2.200.000 төгрөг гэхээр нь би мөнгө хөөцөлдөж байгаад 2.000.000 төгрөг олоод 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкинд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М-тэй уулзаад мобайл банкаар шилжүүлсэн. Тэр өдөртөө бичиг баримт гэж гадаад паспорт, цээж зураг өгөөд М-гийн өөрийнх нь гараар Төмөрбаатараас 2.000.000 төгрөг авсан гэж бичиг хийлгэж авсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа би М-д бичиг баримт хөөцөлдөх мөнгө гэж 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. М- ярихдаа удахгүй виз гарна гэж хэлдэг ба 2019 оны цагаан сарын үеэр та нар явахаар болж байна тийзний мөнгө гэж 500.000 төгрөг нэхэхээр нь хадам ахынхаа машиныг зараад 500.000 төгрөг авч өгсөн. Хадам ахдаа энэ 500.000 төгрөгийг өгчихсөн. Тэр өдрөөс хойш явна, явна гээд худлаа хэлээд байсан сүүлдээ эмчийн үзлэгт оруулна гэж М- хэлээд 56.000 төгрөг авсан. Ямар нэгэн эмнэлэг дээр очоогүй ба эмнэлэг дээр очмоор байна гэхэд очих ёстой хүмүүс нь очиж болно гэсэн. Хаана очиж тантай уулзах уу гэхэд Мөнгөн завъяа дэлгүүр дээр уулзъя гэсэн ба очиход өөрөө зугтаагаад чи хүний мөнгө битгий өг гэж хэлсэн юм уу гээд уурлаад байсан. Уг мөнгөнүүдийг авахдаа өөр өөр хүний данс руу шилжүүлээд байсан. Би өргөдөлдөө банкны хуулгаа гаргаж өгсөн байгаа. Намайг М- нь Солонгост очоод төмрийн үйлдвэрт 6 сарын хугацаатай ажилд оруулж өгнө гэж худлаа хэлж  байсан. Энд “Ган хийц” компаниар дамжуулж төмрийн үйлдвэр рүү явуулж байгаа гэж байсан. Би нийтдээ 2.756.000 төгрөг өгсөн 1.506.000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 33-34/,

Хохирогч Б.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...БНСУ руу хүн гаргаж байгаа гэж Н-гаас би анх удаа сонссон. 2018 оны 11 дүгээр сар гаргаад Н- болон манай хүргэн Төмөрбаатар нар БНСУлс руу явуулахаар бүртгүүлчихсэн гэж хэлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төмөрбаатар над руу яриад энэ оны 12 сардаа багтаж гарна гэнээ М- гэдэг хүнтэй нь уулзаад байж байна нэг хүний орон тоо гарсан гэнээ та явах уу гэж асуухаар нь найдвартай юм бол мөнгө олоод очьё гэж хэлсэн. Тэр өдрөө би хүнээс 2.200.000 төгрөг зээлж аваад 25 дугаар эмийн сангийн тэнд очиход М- гэх 70 орчим насны эгч байсан ба Төмөрбаатар ээжтэйгээ хамт байж байсан. Би уулзахад М- нь иргэний үнэмлэхээ канондуулаад гадаад паспортоо 2 хувь цээж зургийн хамт аваад ир гэхээр нь тэрийг нь бүрдүүлж өгөөд 2.200.000 төгрөгөө 3 данс руу 3 хувааж шилжүүл гэхээр нь 1.200.000 төгрөгөөр нэг удаа 200.000 төгрөгөөр нэг удаа 600.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн. Шилжүүлсэн баримтаа гаргаад өгчихсөн байгаа. 200.000 төгрөгөө хувьдаа хэрэглэсэн. Би уг банкны гүйлгээгээ гаргаж өгсөн. Дараа нь утсаар лавлаж М-тэй байнга ярьж байхад одоо удахгүй болно гээд сар сараар хойшлоод байсан. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр виз чинь удахгүй гарна тийзний мөнгөө өгмөөр байна гэж нэхэхээр нь 1.000.000 төгрөгийг Төмөрбаатарын 500.000 төгрөг, Зоригоогийн 500.000 гэж тус тус шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаар яриад бас л хүлээлгэж байгаад болно л гэдэг байсан. М- нь ярихдаа виз мэдүүлгийн төвөөр хөөцөлдөхгүйгээр яамаар гаргана гэж хэлсэн. Дараа нь М- яриад шинжилгээний мөнгө гэж 56.000 төгрөг нэхэхээр нь Төмөрбаатар шилжүүлсэн байсан. Би нийтдээ 3.000.000 төгрөгийг өгчихсөн юм. Намайг Солонгост очоод төмрийн үйлдвэрт ажиллуулна гэж хэлж байсан. ...Би хохирлын 3.000.000 төгрөгнөөс 1.250.000 төгрөгийг М-гээс авсан, одоо үлдэгдэл 1.750.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Яллагдагчаар Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2019 оны эхний улирал хүртэлх хугацаанд уг хүмүүсээс мөнгө төгрөг авсан нь үнэн. Хохирогч нараас авсан мөнгөө хүмүүст зээлтэй байсан тул зээлийнхээ төлөлтөнд эргүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 139-140/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-48, 128-130/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 75-90/, банкны харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 106-107 зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь үргэлжилсэн үйлдлээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч, иргэн Т.Б-д “манай хүүхдүүд БНСУлс руу гаргадаг, манай худ Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг, 4.000.000 төгрөгөөр гаргадаг” гэж итгүүлэн улмаар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд визний урьдчилгаа, бичиг баримт, бүртгэлийн мөнгө, шинжилгээний мөнгө, онгоцны тийзний мөнгөө өгөөрэй” гэх зэргээр итгүүлэн нийт 3.812.000 төгрөгийг Т.Б-аас гаргуулан өөрийн Хаан банкны 5090619325 дугаарын болон бусдын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

- Иргэн Б.Т-т “2018 оны 11 дүгээр сард танайх хүүхдүүдээ БНСУлс руу явуулахгүй юм уу таньдаг хүмүүс байгаа виз гаргаж өгч чадна, Солонгост очоод төмрийн үйлдвэрт 6 сарын хугацаатай ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 2.256.000 төгрөгийг хаан банкны 5065202869 дугаарын данснаас шилжүүлснийг өөрийн хаан банкны 5090619325 дугаарын болон бусдын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан залилсан,

- Иргэн Б.З-д “Солонгост очоод төмрийн үйлдвэрт 6 сарын хугацаатай ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5065350294 дугаарын данснаас шилжүүлснийг өөрийн хаан банкны 5090619325 дугаарын болон бусдын дансаар шилжүүлэн авч хохирол учруулан залилсан, бусдад нийт 9.068.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-гийн: “...эхний ээлжинд урьдчилгаа гэж 200.000 төгрөг ээжээр дамжуулж ээжийг өгчих гээд өгөөд явуулсан. 200.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “дэнжийн 1000-ын” банкнаас шилжүүлсэн. Тэгээд байж байтал дараагийн мөнгө болох хүн тус бүрийн 200.000 төгрөгийг өг гэхээр нь надад тухайн үед мөнгө байгаагүй байсан тул байхгүй байна гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь М- нь “Ган хийц” ХХК-ийн ерөнхий нягтлан Батчимэг гэх хүнээс би 3.000.000 төгрөг зээлээд чиний 2.000.000 төгрөгийг өгчихлөө энэ мөнгөө БНСУ-д очоод ажиллаад төлчихнө биз дээ харин одоо явтлаа хүүний мөнгө гэж сар бүр 150.000 төгрөг төлөөрэй гэсэн. Би энэ хүүг нь 2 сар төлж 300.000 төгрөг өгсөн. Визны хувьд анх ярихдаа 2019 оны 02 дугаар сарын эхээр гарна тэгээд явна 6 сарын хугацаатай ажиллах гэрээний виз гаргаж өгнө гэж хэлж байсан. Би өөрийнхөө эгчийн хүүхэд болох Н-гийн материалыг мөн М-д өгчихсөн байсан тул М- мөнгө нэхээд байхаар нь Болормаа гэх найзынхаа ээмэг бөгжийг 500.000 төгрөгний барьцаанд тавьж 500.000 төгрөгийг Н-гийн мөнгө гэж өгсөн. М-д би өөрөөсөө мөн 500.000 төгрөг гаргаад өгсөн байсан. М- нь ярихдаа хүнээс зээлсэн 3.000.000 төгрөгний 2.000.000 төгрөгийг нь чиний мөнгө гэж өгчихсөн байгаа. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөг нь байна, мөнгөтэй болох хүртэл чинь Н-н өмнөөс энэ 1.000.000 төгрөгийг өгчихье гэсэн. Дараа нь Н-н мөнгийг нэхээд байхаар нь 2018 оны 12 дугаар сар хавьцаа ээжийн өмчлөлд байх Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булаг 12-880 тоот хашаа байшинг “Нэт капитал” ББСБ-д сарын 205.000 төгрөгний хүүтэй 2.500.000 төгрөгний барьцаанд тавьж 1.000.000 төгрөгийг М-гийн данс руу Н-н мөнгө гээд шилжүүлсэн. ...Н-гийн хувьд М-гийн зээлж авсан гэх 1.000.000 төгрөг, хашаа байшингаа ББСБ-д барьцаанд тавьж шилүүлсэн 1.000.000 төгрөгийг өгчихсөн гэж бодож байсан юм. Дараа нь М-гийн зээлж авсан гэж худлаа хэлсэн 1.000.000 төгрөгийг өг гэхээр нь Н-н мөнгө гэж ББСБ-аас үлдсэн 1.000.000 төгрөгийг Н-н мөнгө гэж өгсөн. М- нь тийзний урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөг өг гэхээр нь өөрт байсан бэлэн мөнгөө дансаар 2019 оны 02 дугаар сарын дундуур М-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Виз гарах хугацаа болохоор нь юу болов оо гэж байнга ярихад М- нь хугацаа орох юм байна цаад талын Солонгосын үйлдвэр нь тоног төхөөрөмжөө шинэчилж байна гээд удаж байна гэж худлаа ярьдаг байсан. Дараа нь виз гарахгүй байна гээд дахиад ярихад БНСУ-ын элчин сайдын яамнаас хүн ирсэн байгаа та нарын визийг гадаад явдлын яамаар дамжуулж гаргах гэж байгаа гэж худлаа хэлдэг байсан. Сүүлдээ М- нь удаад байхаар нь дахиад ярихад та нарын виз бараг ногоон паспротоор гарч байгаа гэж ойлгоорой гэж хэлдэг болсон. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын дундуур над руу яриад шинжилгээний мөнгө гэж 56.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө мобайл банкаар шилжүүлчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19, 3, 151/, хохирогч Б.Т-ын: “...М- нь манай худууд БНСУлс руу авч явна нийтдээ 4.000.000 төгрөг болно гэж эхэлж 2.000.000 төгрөг авна гэсэн. Тэр уулзаж байх өдөртөө манай хүүхэд явахаа больж байгаа бие нь өвдсөн тул чамайг оронд нь явуулъя гэсэн, тэгээд салаад явсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны хавьцаа над руу М- яриад одоо мөнгөө аваад ир эхний ээлжинд 2.200.000 төгрөг гэхээр нь би мөнгө хөөцөлдөж байгаад 2.000.000 төгрөг олоод 25 дугаар эмийн сангийн урд талын Төрийн банкинд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М-тэй уулзаад мобайл банкаар шилжүүлсэн. Тэр өдөртөө бичиг баримт гэж гадаад паспорт цээж зураг өгөөд М-гийн өөрийнх нь гараар Төмөрбаатараас 2.000.000 төгрөг авсан гэж бичиг хийлгэж авсан. Энэ өдрөөс 2 хоногийн дараа би М- бичиг баримт хөөцөлдөх мөнгө гэж 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. М- ярихдаа удахгүй виз гарна гэж хэлдэг ба 2019 оны цагаан сарын үеэр та нар явахаар болж байна тийзний мөнгө гэж 500.000 төгрөг нэхэхээр нь хадам ахынхаа машиныг зараад 500.000 төгрөг авч өгсөн. Хадам ахдаа энэ 500.000 төгрөгийг өгчихсөн. Тэр өдрөөс хойш явна, явна гээд худлаа хэлээд байсан сүүлдээ эмчийн үзлэгт оруулна гэж М- хэлээд 56.000 төгрөг авсан. ...Би нийтдээ 2.756.000 төгрөг өгсөн 1.506.000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 33-34/, хохирогч Б.З-гийн: “...би хүнээс 2.200.000 төгрөг зээлж аваад 25 дугаар эмийн сангийн тэнд очиход М- гэх 70 орчим насны эгч байсан ба Төмөрбаатар ээжтэйгээ хамт байж байсан. Би уулзахад М- нь иргэний үнэмлэхээ канондуулаад гадаад паспортоо 2 хувь цээж зургийн хамт аваад ир гэхээр нь тэрийг нь бүрдүүлж өгөөд 2.200.000 төгрөгөө 3 данс руу 3 хувааж шилжүүл гэхээр нь 1.200.000 төгрөгөөр нэг удаа 200.000 төгрөгөөр нэг удаа 600.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн. Шилжүүлсэн баримтаа гаргаад өгчихсөн байгаа. 200.000 төгрөгөө хувьдаа хэрэглэсэн. Би уг банкны гүйлгээгээ гаргаж өгсөн. Дараа нь утсаар лавлаж М-тэй байнга ярьж байхад одоо удахгүй болно гээд сар сараар хойшлоод байсан. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр виз чинь удахгүй гарна тийзний мөнгөө өгмөөр байна гэж нэхэхээр нь 1.000.000 төгрөгийг Төмөрбаатарын 500.000 төгрөг, Зоригоогийн 500.000 гэж тус тус шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаар яриад бас л хүлээлгэж байгаад болно л гэдэг байсан. М- нь ярихдаа виз мэдүүлгийн төвөөр хөөцөлдөхгүйгээр яамаар гаргана гэж хэлсэн. Дараа нь М- яриад шинжилгээний мөнгө гэж 56.000 төгрөг нэхэхээр нь Төмөрбаатар шилжүүлсэн байсан. Би нийтдээ 3.000.000 төгрөгийг өгчихсөн юм. Намайг Солонгост очоод төмрийн үйлдвэрт ажиллуулна гэж хэлж байсан. ...Би хохирлын 3.000.000 төгрөгнөөс 1.250.000 төгрөгийг М-гээс авсан, одоо үлдэгдэл 1.750.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/, банкны холбогдох дансны хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М- нь Солонгос Улсын виз гаргах болон түүнд зуучлах ямар нэгэн эрхгүй, өөрт нь ямар нэгэн боломжгүй байгааг мэдсээр байж виз гаргуулж өгнө гэж хэлэн хохирогч нарыг залилсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Солонгос улсад зорчих визийг тухайн орны Элчин сайдын яамнаас олгодог байхад шүүгдэгч нь тухайн улсад зорчих виз гаргаж өгнө гэсэн нь анхнаасаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч нарт мөрдөн байцаалтын шатанд тус бүр 1.250.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар хохирогч Б.О-, Б.Т-, Б.З- нарт тус бүр 500.000 төгрөг шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.М-гээс хохирогч нарын үлдэгдэл хохирлыг гаргуулж хохирогч Б.О-д 812.000 төгрөг, хохирогч Б.Т-т 506.000 төгрөг, хохирогч Б.З-д 1.250.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.О- нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн талаарх хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул хохирогч нар нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах ялын санал гаргасан болно.

Шүүгдэгч өндөр настай буюу 70 настай, эрүүл мэндийн хувьд 90 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна. Мөн шүүгдэгч нь хохирогч нарын хохирлын бүрэн төлөөгүй тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө  илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, өндөр настай, эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г хорих ял оногдуулахгүйгээр, 06 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гээс нийт 2.568.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.О-д 812.000 төгрөг, хохирогч Б.Т-т 506.000 төгрөг, хохирогч Б.З-д 1.250.000 төгрөг тус тус олгосугай.

6. Хохирогч нар нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР