Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 104 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2207000000108 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, анд ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай магадлалаар 1 жил 6 сарын хорих ялаас биеэр 1 жил 3 сар 18 хоног, ажлын шагналд 25 хоногийн ял авч бүгд 1 жил 4 сар 4 хоногийн ял эдэлж, эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан,

- Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 287 дугаар зүйлийн 1, 273 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил 08 cap хорих ял шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн хорих ялыг Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551..1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан өршөөн хассан.

******* овогт *******гийн ******* /РД:*******/            

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* хүнсний дэлгүүрийн орчимд С.*******тэй “яв” гэж хөөсөн шалтгаанаар маргалдаж зүүн гарын шуу хэсгийг архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ж.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Ганц юм ууя гэхээр нь би нэг шил Сэржим архи аваад сууж байтал ах тамхи байна уу гэж хэлсэн. Байхгүй гэхэд босож ирээд намайг хоёр өшиглөсөн. Тэгээд миний дүү одоо боль битгий намайг оролд гэж хэлсэн. Чулуу бариад ирэхээр нь би уурлаад ууж байсан архины шилээ хагалаад айлгах гэж байсан. Өөр ямар ч зүйл болоогүй, би айлгая л гэж бодсон өөр зүйл огт бодоогүй. Гүйж очоод цохиогүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч С.*******ийн мэдүүлэг /хх 14/, гэрч С.ийн мэдүүлэг /хх 15/, шинжээч эмчийн 210 дугаартай дүгнэлт /хх 14/, яллагдагчаар өгсөн Ж.*******ын мэдүүлэг /хх 37/, эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархай зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******аас хохирогч ******* нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналыг гаргаж байна.  Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Налайх дүүргийн ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* хүнсний дэлгүүрийн орчимд С.*******тэй “яв” гэж хөөсөн гэх шалтгаанаар маргалдаж зүүн гарын шуу хэсгийг архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.*******ын өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед байхаа Налайх дүүргийн “” хүнсний дэлгүүрийн хажууд С.*******, С., Э. нарын хамтаар Сэржим нэртэй архи 1 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд бөөндөө архиа хувааж уугаад сууж байтал С.******* надаас тамхи асуухаар нь би түүнд байхгүй гэж хэлсэн чинь С.******* газар сууж байснаа босож ирээд намайг өшиглөөд газар унагаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн үед газар байсан хараа нэртэй архины хоосон шил байхаар нь аваад газар цохиж хагалаад шилний хагархай хэсгээр С.*******ийг айлгах гэж байгаад түүний зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн. Өөрийнхөө хийсэн хэрэгтэй би маш их гэмшиж байна. Сүүлд С.*******тэй уулзаж түүнээс уучлалт гуйж хоорондоо ойлголцсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор С.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15 билүү 16 цагийн үед Налайх дүүргийн хүнсний дэлгүүрийн ойролцоо буланд Ж.*******, С. болон бусад хүмүүсийн хамт Сэржим нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж ууцгаасан. Ингээд архи уугаад байж байтал Ж.******* гэнэт над руу агсраад “намайг яв” гээд хөөгөөд байхаар нь уур хүрээд түүний нүүр лүү гараараа мангасдаад түлхсэн чинь Ж.******* газраас Хараа нэртэй хоосон архины шил аваад газар цохиж хагалаад хагархай хэсгээр над руу дайрч миний зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн юм. Тэгээд би тэр даруйдаа С.тэй хамт Налайхын эмнэлэг явж гараа үзүүлж боолгоод дараа нь цагдаа дээр очсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр С.ийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн ******* худалдааны төвийн хажууд *******, , *******, *******ын эхнэр нартай 1 шил Сэржим архи хувааж уугаад дууссан чинь ******* ах *******тэй маргалдаад *******ийг зайл гээд хөөгөөд байсан. Тэгсэн ******* уурлаад *******ыг 2,3 өшиглөсөн чинь ******* тэр хавьд байсан архины шилийг авч хагалаад *******ийн зүүн гарыг зүсчихсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/210 дугаар: “С.*******ийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 27 дугаар тал/

5. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 24-25 дугаар тал/

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 04-06 дугаар тал/

7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 10-11 дүгээр тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 38 дугаар тал/

9. шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-68, 72-76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь хохирогч С.*******ийн зүүн шууг архины шилээр зүссэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/210 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ж.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Ж.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 240 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”,  мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдан ирсэн хагарсан шил 3  ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, Шүүгдэгч Ж.Одгэрэл нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан шил 3  ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

5. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ