Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2541

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.О

           Хариуцагч: УТЗ

            Ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Хөлсөөр ажиллуулах 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 33 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах  тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

            Нэхэмжлэгч Э.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Онь УБТЗ-ын Зэхэлт бэлтгэлийн конторт цагаан хэрэглэл угаагчийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. УТЗнь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э.Отай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар зааж гэрээг байгуулсан. Тус гэрээг хөлсөөр ажиллах гэрээ хэмээн нэрлэж харилцан тохиролцож байгуулсан боловч тус гэрээгээр зохицуулж буй харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулагдах харилцаа юм. Иргэний эрх зүйн харилцаанд ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ байхаар хуульчлан тухайн гэрээний агуулгыг тусгайлан хуулиар зохицуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийг тохирсон байхыг шаарддаг. Үүнд ажлын байр албан тушаалын нэр, хийж гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл гэсэн нөхцөлүүдийг зайлшгүй тохирсон байхыг шаардсан байдаг. Энэ дагуу тохирон гэрээг байгуулсан. Иймд тус гэрээг агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээ гэж үзэж гомдол гаргасан. Э.Ог 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа очиход гэрээний хугацаа дууссан таныг ажлаар хангах боломжгүй гэсэн тайлбарыг өгч өнөөдрийг хүртэл ажилгүй байлгаж байна. Тушаалыг гаргаж өгөөгүй.  Э.Отай хөдөлмөрийн гэрээг 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 475 дугаартай тушаалаар байгуулж цайны газарт сав угаагчаар ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулинд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хуулиар хориглосон байдаг. Тэгэхээр байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хууль бус. Э.Огийн ажиллаж байсан цагаан хэрэглэл угаагч гэсэн ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх талаар шинжээч томилох хүсэлт гаргахад хариуцагчийн төлөөлөгч байнгын ажлын байр мөн гэж тайлбарлаж байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгэж өгнө үү. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хариуцагч тал байнгын ажлын байр гэдэгт маргадаггүй. Анх ажилд ороход сав угаагчаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн тул хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ошүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Э.Онь УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төвийн харъяа Зэхэлт бэлтгэлийн конторт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс контор татан буугдаж гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч анх 2016 оны 09 дүгээр сард хөлсөөр ажиллах гэрээ байгуулж 7 сарын турш ямар ч асуудалгүй ажиллаж байсан.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч хөлсөөр ажиллах гэрээнд ч хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон байхыг шаарддаг. Энэ талаар Иргэний хуулийн 359-361 дүгээр зүйлүүдээр зохицуулсан.

Нэхэмжлэгч анх 2016 оны 09 дүгээр сард хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан гэх бөгөөд ямар ч гомдол санал гаргаагүй, хөлсөөр ажиллах гэрээний агуулгыг өөрөө хүлээн зөвшөөрч 7 сар ямар ч асуудалгүй ажилласны дараа гэрээний хугацаа дуусгавар болмогц уг гэрээг хөдөлмөрийн гэрээ байх ёстой гэж маргах нь үндэслэлгүй. Зэхэлт бэлтгэлийн контор УБТЗ-ын Замын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-95 тушаалаар татан буугдсан байна. Нэхэмжлэгч нь 2016 онд 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг Зэхэлт бэлтгэлийн контортой байгуулсан ба тус төв татан буугдсан тул хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болжээ. Байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээг байгуулж болохгүй боловч тодорхой нөхцөл шалтгааны улмаас хөлсөөр ажиллах гэрээг байгуулах шаардлагатай болдог. Улаанбаатар төмөр замын даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А163 тоот тушаалаар зарим үйлчилгээний ажилчдын ажлын нормыг шинэчлэн баталсан. Тушаалын 2 дугаар хавсралтаар үйлчилгээний ажилчдын ажлын норм болон хөлс олгох журмыг баталсан. Тухайн ажлын байрны норм хэмжээ нь тогтоосон нормдоо хүрэхгүй бол уг ажил үйлчилгээг хөлсөөр ажиллуулах гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно гэсний дагуу Зэхэлт бэлтгэлийн контор цагаан хэрэгсэл угаах батлагдсан 4 орон тоотой. 1 хүний нормд хүрэхгүй ажил үлдвэл хөлсөөр ажиллах гэрээний дагуу хүн авч ажиллуулдаг байсан. Зэхэлт бэлтгэлийн контор нь 2016 онд батлагдсан орон тоогоор 4 угаагчтай, мөн 4 цагаан хэрэглэл угаагчтай, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулж болох 2 хяналтын орон тоотой байсан. Хуульд заасны дагуу байнгын ажлын байр гэж ажил олгогчийн ажлын байранд тогтоосон горимын дагуу, түүнээс олгосон ажлын багаж хэрэгсэл ашиглан ажиллахыг хэлдэг.  Норм норматив тогтоосны дагуу байнгын ажлын байр мөн үү биш үү гэдгийг тогтоох  ёстой. УБТЗ-ын хувьд жилийн эхэнд орон тоо, албан тушаалын жагсаалтыг мөрдөж ажиллуулдаг. Тухайн ажлын хэмжээ нь 1 ажилтны нормд хүрэхгүй бол хөлсөөр ажиллуулах гэрээний үндсэн дээр ажиллуулдаг. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрх талуудаг байдаг бөгөөд нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээг Зэхэлт бэлтгэлийн контортой байгуулж контор татан буугдсанаар түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Иймд ямар нэг тушаал гарахгүй. Ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй. Хоорондоо ямар ч уялдаагүй. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Зэхэлт бэлтгэлийн конторын даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Онь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Хөлсөөр ажиллуулах 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 33 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

Э.Онь 2008 оны 11 дүгээр сарын 03-наас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, УТЗЗэхэлт бэлтгэлийн контор түүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж цагаан хэрэглэл угаагч /II зэрэг/ ажил үүргийг гүйцэтгэх, ажлын хөлсийг хийснээр олгохоор тохиролцож гэрээ байгуулжээ.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл. Хөлсөөр ажиллуулах гэрээгээр талууд 1.2-1.5-т гэрээг 3 сарын хугацаатай байгуулж энэ хугацаанд цагаан хэрэглэл угаагч /II зэрэг/ ажил үүргийг гүйцэтгэх, ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэл 10% ашгийн татварыг төлөх, ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг, унааны мөнгө, хоолны талон, ажлын хувцас зэрэг нэмэгдэл олгох, 2.1-2.3-т ажил үүргээр хангаж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлж зааварчилгааг өгч ажлын байр, цалин хөлс багаж хэрэгслээр хангаж, хөлсийг 2 хувааж олгохоор тус тус тохиролцсон байна. Хариуцагч нь Э.Отай дээрх нөхцөлийг тохиролцож ажил үүргийг гүйцэтгүүлэхээр хөлсөөр ажиллуулах тухай гэрээ байгуулсан боловч гэрээ нь утга агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “Хөлсөөр ажиллуулах гэрээнд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг харилцан тохирсон байхыг шаарддаг. Гэрээ байгуулсан контор татан буугдсан тул гэрээ дуусгавар болсон. УБТЗ-ын даргын тушаалаар зарим үйлчилгээний ажилчдын ажлын нормыг шинэчлэн баталж, ажлын байрны норм хэмжээ нь тогтоосон нормдоо хүрэхгүй бол ажил үйлчилгээг хөлсөөр ажиллуулах гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно гэсэн тушаал бий” гэж тайлбарлан маргасан боловч Э.Огийн гүйцэтгэж буй ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, баталсан норм, сүлжээгээр цалин хөлс авч ажлын өдрийн давтамжтайгаар ажил үүргийг гүйцэтгэж явсан тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-95 дугаартай Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар Зэхэлт бэлтгэлийн конторыг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр татан буулгаж, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буугдсан Зэхэлт бэлтгэлийн конторыг Улаанбаатар дахь Вагон депод нэгтгэжээ.

Хариуцагч нь Зэхэлт бэлтгэлийн контор татан буугдсан тул түүнтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж тайлбарласан боловч Э.Отай байгуулсан гэрээг   2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан, гэрээ байгуулж цагаан хэрэглэл угаагчын ажлыг гүйцэтгүүлж байсан Зэхэлт бэлтгэлийн конторыг Улаанбаатар дахь Вагон депод нэгтгэж цагаан хэрэглэл угаагч гэсэн ажлын байр байгаа талаар хариуцагч тайлбарласан тул Э.Ог байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр түүний ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТЗнь цагаан хэрэглэл угаагч /II зэрэг/  гэсэн байнгын ажлын байранд ажилтантай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж Зэхэлт бэлтгэлийн конторыг Улаанбаатар дахь Вагон депод нэгтгэж эрх, үүргийг шилжүүлсэн байхад ажилтаны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй буруутай байна.

Нэхэмжлэгч нь Хөлсөөр ажиллуулах 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 33 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч энэ нь шаардлага бус нэхэмжлэл гаргах үндэслэл нь болсон байна.

Иймд Э.Ог цагаан хэрэглэл угаагч /II зэрэг/ гэсэн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шаардсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойшхи хугацааны 94 хоногийн цалингийн олговрыг тооцохдоо түүний 0626897 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн /2.597.227:3=865.742:22=39.352х94=3.699.088/, 3.699.088 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 Хариуцагчаас зарим үйлчилгээний ажилтны ажлын норм, зааврыг шинэчлэн батлах тухай 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-163 тушаалыг хавсралтын хамт баримтаар ирүүлсэн боловч энэ нь албан газар, үзвэр, үйлчилгээний газрын байр, конторын үйлчлэгчийн ажлын нормыг тогтоосон тухай тушаал хавсралтын хамт, Зэхэлт бэлтгэлийн төвийн хөлсөөр ажиллах гэрээний ажилчдын 2016 оны хяналтын тоогоор цагаан хэрэглэл угаагч IV зэрэг 2 хүн ажиллуулах, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал худалдан авах, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулах итгэмжлэлийг Д.Цд олгосон итгэмжлэл, 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А-146 Заавар батлах тухай тушаал, Д.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

 Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 74.135 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Ог цагаан хэрэглэл угаагч /II зэрэг/ ажилд эгүүлэн тогтоосугай.         

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 3.699.088 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Од олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Огийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгосугай.

 

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 74.135 төгрөг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

                                                               

                

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА