| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 500/2019/0005/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 71
Ш.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндалай,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 463 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ш.Г-т холбогдох 1807005010186 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б............ овгийн Ш.Г, 19 оны ... дүгээр сарын .....-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хуалян” ХХК-д жолооч ажилтай, ам бүл .., ..., ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Баясгалант 3 дугаар гудамж, 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Налайх дүүргийн ............................. байшинд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;
Ш.Г- нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн гэрийн гадаа Г.Э-ын толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ш.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдааныг нээж шүүгдэгчийн яллах дүгнэлтэд дурьдсан биеийн байцаалттай танилцаж яллах дүгнэлтийг уншиж сонсгох явцад шүүгдэгч Ш.Г- нь “бичиж чадахгүй муухан уншдаг, бага боловсролтой, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 2-3 дугаар ангид сурч байхдаа сургуулиасаа гарсан. Хавтас хэргийн материалыг бүхэлд нь уншаагүй. Яллах дүгнэлтийг уншсан боловч ойлгоогүй” гэж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Учир нь: Эрх зүйн толь бичигт “эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах, тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх, гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгох зэргээр 5 жилийн хугацаагаар олгох боловсролыг бага боловсрол” гэж тайлбарласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийн анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэж тус тус заасан.
Иймд Ш.Г-т холбогдох хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед Ш.Г- нь гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө биеийн байцаалтаа бүрэн дунд боловсролтой гэж мэдүүлсэн, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцаад өөрийн гараар санал хүсэлтээ бичсэн, мөрдөгчөөс түүнд хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, өмгөөлөгч авах эсэхийг асууж энэ талаар тэмдэглэлд тусгасан бөгөөд өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө гэсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед шүүгч Д.Чинзориг нь Ш.Г-өөс бичиг, үсэг мэддэг эсэхийг тодруулан асуухад бага зэрэг мэднэ гэж хариулсан ба шүүгчээс өгсөн бичгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед уншиж өгсөн зэрэг нь түүнийг бичиг, үсэг мэддэг гэдгийг давхар нотолсон. Түүнчлэн Ш.Г- нь 1986-1989 онд Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангид хянагчаар ажиллаж байсан бөгөөд төрийн тусгай албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан хүний хувьд бичиг, үсэг зайлшгүй мэддэг байх шалгуурт тэнцсэн байна.
Мөн шүүгчийн захирамжид, Эрх зүйн толь бичигт “эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах, тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх, гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгох зэргээр 5 жилийн хугацаагаар олгох боловсролыг бага боловсрол” гэж тайлбарласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийн анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэж тус тус заасан учир Ш.Г-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг заавал 5 дугаар анги, түүнээс дээш анги, сургууль төгссөн байхаар ойлгож тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хуулийн дээрх заалтад “монгол хэл, бичиг” мэдэхгүй байдлыг тодорхой, эргэлзээгүйгээр зааж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ... хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэснээс үзэхэд гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 463 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ш.Г-т холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ш.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, бичиг үсэг мэдэхгүй шүүгдэгч Ш.Г-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй” сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцож байгаа тохиолдолд заавал өмгөөлөгч оролцуулахаар зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Г-ийн хувийн байдлыг нь мөрдөн шалгах явцад бүрэн тогтоож чадаагүй атлаа түүнийг бүрэн бус дунд боловсролтой, уншиж бичиж чадна гэж прокурор үзэж байгаа нь үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт авагдсан, яллагдагч, шүүгдэгч Ш.Г-ийн гарын үсэг зурсан, хэргийн материалтай танилцаж санал хүсэлт бичсэн зэрэг байдлаас үзэхэд түүнийг бичиг мэдэхгүй гэж үзэхээр байна.
“Бичиг мэдэхгүй” гэх ойлголтод үсэг мэдэхгүй, эсхүл тодорхой хэмжээнд үсэглэж уншихдаа тухайн үсгийн дуудлагыг зөв гаргаж, хүнд ойлгуулах чадваргүй байхыг, түүнчлэн үсэг холбож бичихдээ тухайн үгнийхээ зөв бичих хэлбэрийг гаргаж чадахгүйгээс өөр хүн уг үгийг ойлгохгүй байдал үүссэн нөхцлүүдийг хамааруулан авч үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгчийн захирамжид тусгагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тогтоогдлоо. Шүүгдэгч Ш.Г- яллагдагчаар мэдүүлэхдээ “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” талаар мөрдөгчийн асуултанд хариулсан байхад энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэснийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.” гэж заасан.
Энэ тохиолдолд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаад, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэх хуулийн зохицуулалттай.
Гэтэл прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба яллагдагчийн өөрт ашигтай байдлаар хэргээ шийдвэрлүүлэх боломжийг хангаагүй, энэ нь түүний эрх зүйн байдалд нөлөөлж байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн холбогдогч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлд тус тус заасан ажиллагааг хийсний дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн зохицуулалттай.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Г-т холбогдох хэрэгт шүүгчийн захирамжид болон энэ магадлалд заасан ажиллагааг хийлгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 463 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Цэрэндалайгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ