Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

           улсын яллагч Ц.Гансүлд,

            хохирогч Д.Ширнэн,

шүүгдэгч Ж.Цогтхүү, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Хэрээд овогт Жамцын Цогтхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011503 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бүрэнхаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгоны Сайрын 8 тоотод оршин суух, одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 5-56 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хэрээд овгийн Жамцын Цогтхүү /РД:МР70083016/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Цогтхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 5 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн Д.Ширнэнгийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрт байсан эд зүйлс болох гэрийн суурин толь, мөлхөө тавилга, бурханы гуу, Панасоник маркийн зурагт, 2 ширхэг аяга, таваг, 8 ваперь, гэрийн хаалга зэрэг эд зүйлсийг санаатайгаар устгаж бусдад нийт 1.230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Ж.Цогтхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 5 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн Д.Ширнэнгийн гэрийн хаалгыг эвдэн орж гэрт байсан эд зүйлс болох гэрийн суурин толь, мөлхөө тавилга, бурханы гуу, Панасоник маркийн зурагт, хөгжим, хоол халаагч /пейж/, гал тогооны шкаф,  2 ширхэг аяга, таваг, стакан, суурин сэнс, сангийн ваперь зэрэг эд зүйлсийг санаатайгаар устгаж, бусдад нийт 1.230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

         

            1.Хохирогч Д.Ширнэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

             “...2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр би шувуун фабрик руу хүн хүргэж өгөх гээд явсан хойно манай эхнэрийн дүү болох Ж.Цогтхүү нь манай гэрийн хаалгыг эвдэж ороод гэрийн бүх зүйлийг хагалж надад бага бус хэмжээний хохирол учруулсан. Намайг өглөө нь гэртээ ирэхэд Ж.Цогтхүүг цагдаа нар аваад явсан байсан. Цагдаа нар манай гэрт ирж Ж.Цогтхүүгийн хагалсан зүйлийн зургийг аваад явсан. Надад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Ж.Цогтхүү нь 40000 төгрөгөөр зурагт авч өгсөн. Мөн бэлэн 40000 төгрөг өгсөн. Ж.Цогтхүүг тал мөнгийг нь төлөөд өгчих гэхэд одоо хүртэл надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би Ж.Цогтхүүгийн эгчтэй нь хамт амьдарч байгаад эгч нь нас барсан хойно дүүг нь бас шоронд явуулмааргүй байна. Мөрдөн байцаагчид хохирол барагдуулах юм бол гомдол саналгүй гэж хэлж байсан. Шүүгдэгч Ж.Цогтхүү нь хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна гэх юм бол эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэх хүсэлттэй байна. Ж.Цогтхүү нь ажил төрөл хийж байгаад хохирлыг барагдуулахгүй бол өөрөөр хохирлоо төлөх боломж байхгүй” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            2. Хохирогч Д.Ширнэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх манай гэрийг цоожтой байх үед нь манай талийгаач эхнэрийн маань дүү болох Цогтхүү нь хаалга сүхээр эвдэж ороод гэрийн суурин толь, мөлхөө тавилга, зурагт, хоол халаагч, хоёр хаалгатай хятад хөргөгч, хоолны шкаф, хоёр өсгөгчтэй хөгжим, салхины сэнс, гэрийн хоол ундны зүйл буюу аяга шаазан зэргийг бүгдийг нь хага цохиж эвдэж сүйтгэсэн байсан. Маргааш өглөө нь намайг гэртээ ирсэн чинь Цогтхүүг манай хажуу айлын хүн цагдаа дуудаж өгч явуулсан байсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 х/

 

3. Гэрч Ж.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би Цогтхүүгийн төрсөн эгч нь юм. Цогтхүү зан байдлын хувьд эрүүлдээ их гайгүй, ажил төрөл хийгээд манай гэрт амьдардаг. Хааяа нэг архи уучихаараа их үглээ ч гэртээ агсам согтуу тавиад байдаггүй юм. Харин яагаад тэр ахын гэр орны юмыг эвдэж сүйтгэсэн юм, би гайхаж байна. Манай охин Одсүрэн Улаанбаатар хотод айлын хашаанд амьдардаг, тэдний хүүхдүүдийг харна гээд явсан чинь тэдний хашаанд байх талийгаач эгчийн маань нөхөр Ширнэн ахын гэрийн эд зүйлийг эвдэж сүйтгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/

 

4. Гэрч  Д.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Цогтхүү манай ээж Оюуны төрсөн дүү нь байгаа юм. Цогтхүү ах маань архи дарс уугаагүй үед их гайгүй зантай байдаг. Ер нь архи уухаараа ч их л гайгүй янз бүрийн агсам согтуу тавиад байдаггүй. Тухайн үед яагаад тэгсэн юм бүү мэд. Ширнэн өвөөгийн гэрт энэ асуудал гарахаас өмнө нилээн хэд хоногийн өмнө хүмүүс ирээд тэнд архи ууцгаасан. Тэр үед гаднаас ирсэн нэг эхнэр, нөхөр хоёр Ширнэн гуайтай маргалдаад “танаас болж Улаан эгч нас бараа биз дээ” гээд хэрэлдээд байсан. Тэрийг нь Цогтхүү ах сонссон юм байлгүй, тэр гэрийн эд зүйл эвддэг өдрөө эгч энэ тэр гээд орилоод байсан. Би бодохдоо тэрнээс болон болов уу л гэж бодож байгаа.

...Би Цогтхүү ахыг хашаанд орж ирээд газар унтаад өгсөн болохоор нь сэрээгээд гэр лүү орж унт гэсэн чинь миний үгэнд ороогүй гадаа үлдсэн. Нэг мэдсэн чинь түс тас гээд чимээ гараад явахаар нь би жаахан хүүхэдтэй байсан болохоор мөн харанхуй болсон байсан болохоор тэр гэр лүү нь орж чадаагүй юм. Тэгтэл Цогтхүү ах Ширнэн ахын гэрийнх нь хаалгыг эвдээд гэрийнх нь эд зүйлийг эвдээд байсан. Миний сонссоноор муу Ширнэн өвгөн миний эгчийг яасан энэ тэр гээд юм яриад орилоод л байх шиг байсан. Би яг юу яриад байсныг нь сайн сонсоогүй. Тэгээд удалгүй манай нөхөр ирээд цагдаа дуудаж бариулж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 х/

 

5. Гэрч Б.Оргодолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ 117 дугаар чиглэлд Тахилт, Хилчний чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр орой 21 цагийн орчим Сэлбэ 10-с Тахилтын 5-56 тоотод хүн гэртээ агсам тавиад байна гэх дуудлага ирсэний дагуу очиж шалгахад Тахилтын 5-56 тоотод байх хашаанд хоёр гэртэй айл байсан ба Цогтхүү гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн амьдардаг гэрийн хажуугийн айлын хаалгыг эвдээд гэрт нь орж гэрийн эд хогшлыг эвдэж сүйтгэсэн байсныг түүнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүргэж саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/

 

6. Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шантанд өгсөн:

“...Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орой 22 цагийн орчим байх ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 5-56 тоотод байх гэртээ ирэхэд манай хажуу талын айлын Ширнэн гээд ахын гэрийн хамаг юмыг нь эвдээд сүйтгэсэн байсан. Тэгээд би тухайн үед эхнэрийнхээ утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараа нилээн байж байгаад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 х/

8.Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 х/ нийт 1.230.000 төгрөг.

9. Шүүгдэгч Ж.Цогтхүүгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш үдээс хойш миний санаж байгаагаар 15-16 цагийн орчим гэрээсээ гараад үзүүрийн тэнд байх дэлгүүрээс нэг шил “Монгол стандарт” гэсэн архи аваад ганцаараа уугаад согтсон байна лээ. Тэгээд тэр орой 22-23 цагийн орчим Одсүрэн дүүгийн хашаанд буусан байсан миний талийгаач эгчийн маань нөхөр Ширнэнг гэртээ байхгүй байх үед гэрийнх нь хаалгыг эвдэж ороод гэрийнх нь эд хогшлыг эвдэж сүйтгэсэн байна лээ. Энэ асуудлыг би өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Нэг харсан чинь эрүүлжүүлэх газар ирчихсэн байсан тэрийгээ мэдээд байгаа. Надад ямар нэгэн зорилго байгаагүй би тухайн үед өөрөө маш их согтуу байсан болохоор энэ хэргийг үйлдсэн байна лээ болсон зүйлийг сайн санахгүй байгаа...”

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ширнэнд 40.000 төгрөгөөр зурагт авч өгсөн, 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдлийг нь ажил төрөл хийж байгаад бүгдийг нь төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х, 25 х/

 

10.Шүүгдэгч Ж.Цогтхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2016 оны 6 дугаар сарын 02-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хүргэн ах болох хохирогч Ширнэнгийн гэрийн хаалгыг эвдлэн орж гэрт байсан эд зүйлийг нь эвдлэн хагалж хохирол учруулсан байгаа. Хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч  Ж.Цогтхүү нь ари ууж сотуурсан үедээ хохирогч Д.Ширнэнгийн эд хөрөнгийг сүхээр цавчиж дахин ашиглах, хэрэглэх ямар ч бололцоогүй болгосон нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэж үзэхээр байна.

            Иймд шүүгдэгч Ж.Цогтхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Д.Ширнэн нь өөрийн эд хөрөнгөө анх авсан үнээр нь буюу 1.800.000 төгрөгөөр тооцож  нэхэмжилсэн боловч эд зүйлийн үнэлгээгээр тухайн эд зүйлийн хэрэглээ, элэгдэл зэргийг тооцсоны үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 1.230.000 төгрөгөөр тооцож, тогтоосон байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Цогтхүү нь бэлнээр 40.000 төгрөг, зурагт 40.000 төгрөгөөр худалдан авч өгөн, хохирогчид нийт 80.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан гэснийг хохирогч Д.Ширнэн хүлээн зөвшөөрсөн тул одоо үлдэгдэл 1.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ж.Цогтхүү нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 х/-аар тогтоогдсон болно.

     

Шүүх, шүүгдэгч Ж.Цогтхүүгийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Харин шүүгдэгч Ж.Цогтхүү нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй буюу гэм хорыг арилгаагүй тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй юм.

Шүүгдэгч Ж.Цогтхүү нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Энэ хэргийн хамт шүүдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ба шүүгдэгч Ж.Цогтхүүгийн  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн сүхийг эд мөрийн баримтаар тооцож ирүүлээгүй нь энэ хэргийн шийдвэрлэлт, зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хэрээд овогт Жамцын Цогтхүүг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Хэрээд овогт Жамцын Цогтхүүг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Цогтхүүгийн эдлэх 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цогтхүүгийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цогтхүүгээс 1.150.000 (нэг сая, нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ширнэнд олгосугай.

 

6. Ж.Цогтхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Цогтхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Г.АЛТАНЦЭЦЭГ