Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2557

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Ц.М

Гэрээний үүрэгт 35.758.167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Мтай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 23.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний 2.60-д “эргэн төлөх нөхцөл:зээл болон хүүг хуваарийн дагуу өдөр бүр төлөх бөгөөд 330.000 төгрөгийг төлж зээл болон хүүгийн төлбөрийг дуусгана” гэж заасан. Гэтэл зээлдэгч Х.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бид анх шүүхэд гэрээний үүрэгт 35.758.167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн тооцоололд өөрчлөлт оруулсан. Гэрээ дууссанаас хойш алданги төлөөгүй. Хариуцагч гэрээний дагуу 12.457.000 төгрөгийг төлсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 35.758.167 төгрөг нэхэмжилсэн боловч шаардлагаа багасгаж 20.760.000 төгрөг болгож байна. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан. Хүү өндөр байгаа талаар хэлж байгаагүй, төлөлтөө хийж байсан тул зээлийн хүүг багасгах үндэслэлгүй. Хүү гэдэг нь талуудын харилцан тохиролцоо. Тэгээд ч хүүг багасгах талаар ямар ч санал гаргаж байгаагүй. Хариуцагч хүүг төлсөн. Иймд хариуцагч Ц.Маас үндсэн зээл 16.840.000 төгрөг, алданги 3.929.000 төгрөг нийт 20.769.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ашүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Бтэй 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 23.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Өдрийн зээлийн эргэн төлөлттэй байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 19.360.000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд хүүг төлж дуусгасан. 2017 оны  02 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү хэт өндөр. Тиймээс бид банкны хүүгийн талаарх баримтыг гаргаж өгсөн. Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ. Гэхдээ шүүх хүүгийн хэмжээ хэт өндөр бол багасгаж болохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасан. Мөн алдангийн хэмжээг ч багасгаж эрхтэй. Хариуцагчийн тооцоогоор 14.118.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийн дүнгээс энэ үнийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Бнь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Маас гэрээний үүрэгт 35.758.167 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 20.769.000 төгрөг гаргуулахыг шаарджээ. 

            Хариуцагч Ц.М, нэхэмжлэгч Д.Бнар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 23.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс зээлдэгчид 23.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заажээ.

            Шүүх хуралдаанд зохигч нийт төлсөн мөнгөний хэмжээ, зээлийн гэрээний хугацааны хүүг төлж дуусгасан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч үндсэн зээлд 16.840.000 төгрөг, алданги 3.929.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болж, хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд нийт 5.560.000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Д.Б, Ц.М нарын Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

            Шүүх хуралдаанд  зохигч зээлийн гэрээний хугацаанд 2016 оны 07 дугаар сард 5.410.000 төгрөг, 08 дугаар сард 4.820.000 төгрөг, 09 дүгээр сард 1.750.000 төгрөг нийт 11.980.000 төгрөг төлснөөс 3 сарын хүү 6.900.000 төгрөгийг хасаж, үлдсэнийг үндсэн зээлээс хасаж тооцсон гэж тайлбарлан энэ үнийн дүнд маргаагүй байна.

            Зохигчийн зөвшөөрч тайлбарласан гэрээний хугацаанд төлсөн нийт 11.980.000 төгрөгөөс хүү 6.900.000 хасаж үлдэх 5.080.000 төгрөгийг үндсэн зээл 23.000.000 төгрөгөөс хасахад хариуцагчийн төлөх үндсэн зээлийн төлбөр 17.920.000 төгрөг байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Ц.М 2016 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд төлсөн 5.560.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж /17.920.000-5.560.000=12.360.000/ 12.360.000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн 3.929.000 төгрөгний хамт нийт 16.289.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх 4.480.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Хариуцагч шүүх хуралдаанд хүү, алданги хэт өндөр гэж тайлбарлан хасуулах хүсэлт гаргасан боловч талууд гэрээгээр хүүний хэмжээг тохиролцож, гэрээний дагуу хүүг төлж дуусгасан, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон      ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Маас 16.289.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх 4.480.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.740 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас 239.395 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА