| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/04462/И |
| Дугаар | 2632 |
| Огноо | 2017-10-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Л
Хариуцагч: У ХХК
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хохиролд 35.137.300 төгрөг гаргуулахыг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 5.563.000 төгрөг, гэрээнд заагдаагүй үнэ бүхий зүйлсийн төлбөр 1.700.000 төгрөг нийт 7.263.000 төгрөг гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У ХХК-ийн ажилтан Г.Бын газар тариалан хөдөө аж ахуйн зар мэдээлэл гэсэн фейсбүүк хуудсанд тавьсан “газар тариалангийн тоног төхөөрөмжүүдийг хямд зарна үнээ хэлээд аваарай 95955944” гэсэн зураг бүхий зарын дагуу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр түүнтэй холбогдон асууж сонирхсон. Уг тоног төхөөрөмжүүд нь У ХХК-ийнх бөгөөд өөрсдөө өнгөрсөн жил тариалалтдаа хэрэглэсэн техникүүд байгаа гэсэн. Г.Баар дамжуулж У компанийн захирал Т.Бтэй уулзсан. Тоног төхөөрөмжүүдийг газар дээр нь очиж бодитоор үзье гэхэд Хэнтий аймагт байгаа, завгүй байна, чиргүүл, хүнд диск хоёр наана Хэнтий аймагт, үрлэгч бочканууд нь Хөлөнбуйр дээр байгаа. Тэр болгоныг очиж үзэх хүндрэлтэй. Та яваад яахав манай дүү хэд хоногоос очиж авчирна, та сонирхож байгаа бол эхлээд үнээ тохиръё тэгээд та том машин хөлсөлж очоод ачаад ирэхгүй юу гэсэн. Тэгэхээр нь түүнээс худалдаж аваад шууд ажилд гарахад бэлэн үү эд анги бүрэн бүтэн гүйцэт ажиллагаатай юу, тоног төхөөрөмжүүдийн бодит зургийг үзье гэхэд 100 хувь найдвартай, ажилд шууд гарна тоног төхөөрөмж ямар ч асуудалгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангана. Ямарч эвдрэл гэмтэлгүй, дутуу зүйл байхгүй, фейсбүүк дээр байгаатай яг адил төхөөрөмж. Арчилгаа тордолгоо, засвар үйлчилгээг цаг тухайд хийдэг. Одоо Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд склад агуулхад маш сайн орчинд хадгалагдаж байгаа. Харин хүнд диск БДТ 7 нь Өлзийт суманд, чиргүүл нь Чингис хотод Н.Г гэдэг эгчийнд, техник нь Н.Г гэдэг хүнийд байгаа гэсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлэх өдөр Хэнтийд байгаа техникийг үзье гэсэн санааг дахин хөндөж 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймагт болох тариаланчдын зөвөлгөөнд очно. Тэндээс Өлзийт сум замд болохоор юу ч гэсэн хүнд диск, чиргүүл хоёрыг үзье гэхэд Г.Б та мөнгөө өгөхгүй очвол тэнд зөвлөгөөнд оролцож буй хүмүүс үзээд шууд авна. Тэгэхээр та урьдчилгаа мөнгөө өгчих, баталгаа ч юм уу барьцаа ч юм уу бидэнд хэрэгтэй байна гэсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн. Би тэдэнд бүрэн итгэж гэрээг байгуулсан. Тоног төхөөрөмжийн үнэ 20.000.000 төгрөг бөгөөд үүнд худалдаж буй барааны нэр бүхий жагсаалтын 9 нэр төрлийн 51 ширхэг эд зүйлийг худалдан авахаар урьдчилгаанд 14.437.300 төгрөгийг У ХХК-ийн захирал Т.Бий дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, заасан хугацаанд төлөхгүй бол хүнд диск БДТ-7 болон Зил-130 машины чиргүүлийг буцаан авах нөхцөлтэйгээр гэрээг үйлдсэн. Хэнтий аймагт зохиогдсон зөвлөгөөнд оролцоод Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу У ХХК-ийн ажилтан Г.Бий хамт хөдөлсөн. Ирж буцах тээврийн зардлыг 2.500.000 төгрөг байхаар тооцсон. Уг нь тээврийн зардлыг худалдагч тал бүрэн хариуцах ёстой байсан. Г.Б мөнгө төгрөгний бололцоо муу байна. Манайх 2.000.000 төгрөгийг та 500.000 төгрөгийг гаргачих гэхээр нь 500.000 төгрөг зардалд гаргасан. Хөлөнбуйр суманд очиход тоног төхөөрөмж склад агуулхад биш айлын онгорхой цоорхой пинд, хадгалалтын нөхцөл байдал болон тоног төхөөрөмжийн шинж байдал нь Г.Б, Г.Б нарын тодорхойлсон шиг биш зэвэндээ идэгдэж шороонд дарагдсан хэдэн ширхэг төмөр бас бус зүйл байсан. Тоног төхөөрөмжүүдийг задалж машинд ачаад хөдлөх гэж байтал хоёр хүн ирээд наад юмнуудаа буулга, манай юмыг хулгайлах гэлээ, манай юмыг гуйж авсан гээд ачсан төхөөрөмжүүдийг бүгдийг буулгуулаад хоёр үрлэгчний хоёр гарыг тайлаад авсан. Үрлэгч бул хоёр хоёулаа салангид болсон. Урд талын холбон чирэгч бул байхгүй, тракторт холбох боломжгүй, нэг үрлэгчний нэг дугуйг булны хамт салгаж авсан. Эдгээр ажиллах гол эд ангигүйгээр үрлэгчийг ашиглах боломжгүй байсан. Нарны зайн аккумлятор 2ш, усны болон түлшний поошиг 4 ш дутуу, 300м бүтээлэг байхгүй, бусад тоног төхөөрөмжүүд нэр төрлөөрөө байгаа ч бүгд чанарын шаардлага хангахааргүй байсан. Энэ талаар Г.Бд утасдаж хэлхэд “дутуу зүйлүүдийг гүйцээн угсарч бүтэн болгож хүлээлгэж өгье” гэж гуйсан. Тэндээс хөдлөөд Өлзийт дээрээс хүнд диск, чиргүүл хоёрыг аваад ирэхэд 7,5 м урттай хүнд дискний 2 талын 5 м урттай жигүүр огт байхгүй бутраад алга болсон, үлдсэн ганц шарик нь нурсан савалгаатай болсон байсан. Голыг токариар дахин зоруулах шаардлагатай. Нэг талын хэдэн дискнүүд байхгүй салаад алга болсон байсан. Ашиглах ямар ч боломжгүй техник байсан. Энэ талаар техник хүлээлцсэн актыг хавсаргасан. Уг техник төхөөрөмжийг би цоо шинэ биш гэдгийг мэдэж байсан. Гэхдээ эвдэрхий, ажиллах боломжгүй байх юм гэж бодоогүй. Тухайн үед хамт явсан Г.Бэ эд ангиудыг тавьж байж энэ техник ажиллана гэдгийг техник хүлээлцсэн бүртгэлд бичсэн мөртлөө сүүлд мэдүүлэг өгөхдөө бүх тоног төхөөрөмжүүдийг надад бүрэн бүтэн байдалтай өгсөн мэтээр ярьсан. Худалдсан 9 нэр төрлийн зүйлээс газар тариалангийн ажилд хэрэгтэй тоног төхөөрөмж нь Үрлэгч омичка бөгөөд бусад нь дагалдах хэрэгсэл жижиг сажиг зүйл байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр үрлэгч омичканы эд ангиуд дутуу, өөр машинаас авч тавьж байгаад буцааж авсан, засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Аливаа худалдаа нь талуудын хүсэл зоригт нийцсэн, хэрэгцээ шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл анхнаасаа эвдэрхий, дутуу, ажиллах боломжгүй тоног төхөөрөмжийг өөр зураг үзүүлэн, биетээр үзүүлэлгүй худалдаж, надад хэрэгцээ байсан учир худал хэлэн төөрөгдүүлсэн. Хүнд диск, чиргүүлийг н.Энхцогт гэх айлын хашаанд Н.Гийг байлцуулан үлдээсэн. Одоо ч Хэнтий аймагтаа байгаа. Үрэлгээний тоног төхөөрөмжийг Хөлөнбуйр суманд Бат-Эрдэнэ тайлаад авсан. 2 ш үрлэгч, 8 ш зиг заг борно надад анх ачигдаж ирсэн байдлаараа байна. Эдгээр эд ангийг худалдаж авахын тулд өөрийн 9911-тэй гар утасыг зах зээлээс хамаагүй хямд худалдсан. Үүний зөрүү 11.000.000 төгрөг. Эвдрэлтэй төхөөрөмж зарж түүнийг очиж тээвэрлэхэд гарсан зардал 500.000 төгрөг, нэмж зарцуулсан түлшний үнэ 200.000 төгрөг, бусдаас тоног төхөөрөмж түрээсэлсэн төлбөр 9.000.000 төгрөгийг гэрээгээр шилжүүлсэн 14.437.300 төгрөгийн хамт 35.137.300 төгрөгийг У ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У ХХКшүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. У ХХК-ийн Хэнтий аймагт газар эзэмшдэг газрын эрхийн гэрчилгээ 2016 онд хүчингүй болж газар тариалан эрхлэх боломжгүй болсон тул өөрсдийн хэрэглэж байсан газар тариалангийн тоног төхөөрөмжийг худалдахаар 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр худалдах зар тавьсан Ингээд А.Лтай тохиролцон 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж гэрээний зүйл болох төхөөрөмжүүдийг Хэнтий, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 04 дүгээр сарын 10-ны өдөр очиж авсан. Тухайн үед гэрээний зүйлийг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдсан. Иргэний хуулийн 243.1-д зааснаар хоёр талд гэрээний үүрэг үүсдэг. Худалдан авагч гэрээний зүйлээ хүлээж авах үүрэгтэй байдаг. Энэ гэрээний үүргээ биелүүлэхдээ түүнийг 9911-тэй дугаараа зах зээлийн ханшнаас доогуур худалд гэж хариуцагч хэлээгүй. Энэ талаарх баримт ч хэрэгт байхгүй. Гэрээгээр тоног төхөөрөмжийн тээврийн зардал 2.500.000 төгрөгний 2.000.000 төгрөгийг хариуцагч, 500.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцахаар тохирсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул 200.000 төгрөгний түлшний зардлыг хариуцахгүй. Нэхэмжлэгч 2016 онд тариагаа тарих эсэх асуудал хариуцагчид ямар ч хамаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал. Гэрээгээр шилжүүлсэн 14.437.300 төгрөгийг буцааж өгөхгүй. Харин ч нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой. Гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн гэдэг нь гэрч н.Энхцогтын мэдүүлгээр нотлогдсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль нь ч биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч У ХХКшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Лтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу А.Л 14.437.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 5.563.000 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээнд дурьдагдаагүй тог үүсгүүр мотор, шуудайны ам оёогч машин, жин хэмжүүр, хөрсний чийг дулаан хэмжигч, үр тарианы чийг хэмжигч гэсэн 5 нэр төрлийн эд зүйлийг шилжүүлж авсан. Эдгээр эд зүйл 51 нэр төрлийн эд зүйлс гэдэгт ороогүй. Нэхэмжилж байгаа 5 нэр төрлийн эд зүйлсийг урамшуулал болгож өгсөн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 5.563.000 төгрөг, 5 нэр төрлийн эд зүйлийн үнэ 1.700.000 төгрөг нийт 7.263.000 төгрөгийг А.Лас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч А.Л шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 9 нэр төрлийн 51 ширхэг эд зүйлс худалдсан. Сөрөг нэхэмжлэл гэж яриад байгаа тог үүсгүүр мотор, шуудайны ам оёогч машин, жин хэмжүүр, хөрсний чийг дулаан хэмжигч, үр тарианы чийг хэмжигч зэрэг нь 51 ширхэг эд зүйлс дотор орж зарагдаад нийт үнийг гэрээгээр 20.000.000 төгрөг гэж тохирсон. Эднийх худалдаж байгаа 9 нэр төрлийн зүйлсээ жагсаагаад цаашдаа газар тариалангийн ажил эрхлэхгүй болохоор бидэнд хэрэггүй гээд жижиг сажиг зүйлсээ бүгдийг 51 ширхэг эд зүйл гээд худалдсан. Үүнд 5 нэр төрлийн эд зүйлс орж яваа. Нэг зарсан юмаа дахиад үнэлээд 2 дахиа худалдах гэж байна. Анхнаасаа 9 төрлийн гэж үнээ багцалсан гэрээ хийсэн. Надад худалдсан 9 нэр төрөл, 51 эд зүйлийг хариуцагч үнэлүүлсэн. Тэр үнэлгээний эд зүйлд дээрх 5 нэр төрлийн эд зүйлс орж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Л нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч У ХХК-нд холбогдуулж гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хохиролд 35.137.300 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 35.137.300 төгрөг гаргуулахыг, хариуцагч нь гэрээний үүрэгт 5.563.000 төгрөг, гэрээнд заагдаагүй үнэ бүхий зүйлсийн төлбөр 1.700.000 төгрөг нийт 7.263.000 төгрөг гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч У ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 9 нэр төрлийн 51 ширхэг бусад жижиг зүйлсийн хамт 20.000.000 төгрөгт тооцон худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөр 14.437.300 төгрөгийг хариуцагчид гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрээ, мөнгөн шилжүүлэг гэсэн баримтаар тогтоогдож байна.
Худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.
Хариуцагч У ХХКнь Дорнод, Хэнтий аймагт байх өөрсдийн хэрэглэж байсан газар тариалангийн зориулалттай техник эд зүйлсийг худалдаж гэрээгээр тээврийн зардлын 2.000.000 төгрөгийг нь хариуцагч, 500.000 төгрөгийг нэхэмжлэгч тус тус хариуцахаар тохиролцсон байна.
У ХХК-ийг төлөөлөж Г.Бэ, нэхэмжлэгч А.Л нар 2016 оны 04 дүгээр сарын 10-нд гэрээнд заагдсан тоног төхөөрөмж эд зүйлсийг хүлээлцэхээр Улаанбаатар хотоос Дорнод, Хэнтий аймагт очсон боловч техникийг хүлээлцэх үед эд анги, иж бүрдэл бүрэн биш, гэрээгээр худалдсан зарим зүйл дутсанаас техникийг хүлээлцээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Г.Бийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн техник хүлээлцсэн бүртгэлд бичигдсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.
У ХХК-ийн худалдсан Үрлэгч Омичка-2.1 үрлүүр, сийрүүлүүр анхнаасаа эд ангиуд нь дутуу худалдагдсан, БДТ-7 цант борнойн эд ангиуд дутуу, эвдэрсэн байдалтай худалдагдсан бөгөөд одоо байгаа эд ангиудаар иж бүрдэл болж чадахааргүй байгаа талаар Хөдөө аж ахуйн их сургууль Инженер, технологийн сургуулийн шинжээчийн баг дүгнэлт гаргажээ.
Талууд шүүх хуралдаанд гэрээгээр худалдсан эд хөрөнгөөс газар тариалангийн хамгийн гол техник нь хүнд диск БТД-7, Үрлэгч Омичка-2.1 бусад эд зүйлс нь дагалдан худалдагдсан гэж тайлбарласан, гол техник нь доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээ цуцалсан тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж бусад эд зүйлийг худалдан авахад мөнгө шаардлагатай байсан тул өөрийн гар утасны 9911-тэй дугаарыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур худалдсаны алдагдал 11.000.000 төгрөг, 160 км замд зарцуулсан түлшний зардал 200.000 төгрөг, 2016 оны тариалалтын үеэр үрэлгээний тоног төхөөрөмж түрээсэлсэн 9.000.000 төгрөгийг тус тус гарсан зардал, хохиролд тооцон нэхэмжилсэн боловч нотолсон баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримаа цуглуулах үүргээ биелүүлээгүй тул эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 14.437.300 төгрөг, гэрээнд заасан 500.000 төгрөгийн зардлын хамт 14.937.300 төгрөгийг хариуцагч У ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 20.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн зүйлийн 205.7-д зааснаар талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч А.Лас хүнд диск БДТ-7, Омичка үрлүүр сийрүүлэгч 2 ш, Зил-130 машины чиргүүл, усалгааны тоног төхөөрөмж, усны пивор поошиг 34 ш, хор шүрших машин, хондо мотор, шуудайны ам оёогч машин, жин хэмжигч, хөрсний чийг дулаан хэмжигч, малчин хөлдөөгч, зиг заг борной 8 ш, үр тарианы чийг хэмжигчийг тус тус гаргуулж хариуцагч У ХХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 5.563.000 төгрөг, гэрээнд дурдагдаагүй 5 эд зүйлийн үнэ 1.700.000 төгрөг бүгд 7.263.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Лас гаргуулахыг шаардсан боловч хариуцагч доголдолтой эд хөрөнгө худалдсанаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, тог үүсгүүр мотор, шуудайны ам оёгч машин, жин хэмжүүр, хөрсний чийг дулаан хэмжигч, үр тарианы чийг хэмжигч гэсэн 5 төрлийн эд зүйлс нь худалдсан 51 ширхэг эд зүйлс буюу бусад жижиг зүйлс гэдэгт орж худалдагдсан, хариуцагч шүүх хуралдаанд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээ больж бүх эд зүйлсээ нэхэмжлэгчид худалдсан гэж тайлбарласан тул хариуцагч 7.263.000 төгрөгийг сөрөг шаардлагаар шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр дээрх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлс 110.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч У ХХК-иас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчаас хэрэгт баримтаар худалдах худалдан авах гэрээнүүд, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан талаарх фото зураг тус тус баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч У ХХК-иас 14.937.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Лд, нэхэмжлэгч А.Лас хүнд диск БДТ-7, Омичка үрлүүр сийрүүлэгч 2 ш, Зил-130 машины чиргүүл, усалгааны тоног төхөөрөмж, усны пивор поошиг 34 ш, хор шүрших машин, хондо мотор, шуудайны ам оёогч машин, жин хэмжигч, хөрсний чийг дулаан хэмжигч, малчин хөлдөөгч, зиг заг борной 8 ш, үр тарианы чийг хэмжигчийг тус тус гаргуулж хариуцагч У ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447.587 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 232.636 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Лд олгосугай.
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар А.Лас 7.263.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Хариуцагч У ХХК-иас 110.000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА