Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1492

 

1

 

 

2018           10               30                                                    2018/ШЦТ/1492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07281 1727 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвд байх “Үлэмж” хүнсний дэлгүүрийн орчим иргэн О.Дтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

2

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч О.Дын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч О.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Би Од гэж дуудах Оын дэлгүүрт архи худалдаж авахаар орсон. Гэтэл маргаан болоод намайг хөөж гаргахаар нь би дэлгүүрээс нь гарсан. Тэгээд гарч ирээд намайг цохиод унагаасан. Өөр зүйлийг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Би эртнээс таньдаг байсан ба анх тэнд дэлгүүр нээхэд нь буюу 2005 оноос эхлэн таних болсон юм. Уг нь сайн таньдаг. Намайг ийм болгосонд нь гайхаад байна гэх мэдүүлэг /хх-ийн 8, 36-37/,

 

Гэрч Т.Хишигмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Казак хочит залуу орж ирээд үүдэнд суучихаад намайг ажил хийлгэхгүй байсан. Тэгэхэд нь би гаргасан. Буцаж орж ирээд агсам тавиад орилоод эхэлсэн. Тэгэхэд нь дахин гаргасан. Гэтэл дахиад гадаа гарчихаад алнаа гээд орилж чарлаад агсам тавиад байсан. Тэгээд манай нөхөр Оыг нааш ир, гараад ир гээд дуудаад байхаар нь манай нөхөр гарсан. Тэгээд удалгүй ороод ирсэн. Би тухайн үед наймаа хийж байсан болохоор араас нь гараагүй, юу болсон талаар мэдээгүй. Гэтэл казак хочит залуу дахиад манайд орж ирэхдээ хөмсөгний дээд талаас гарсан цусаа нүүрэндээ нялгадаад ороод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10948 дугаартай:

О.Дын биед тархи доргилт, духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамрын нурууны хууларсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/

 

Шүүгдэгч О.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

 

2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэмт нэртэй архины бөөний дэлгүүр дээрээ байж байхад манайхаар байнга үйлчлүүлдэг зүс таних эрэгтэй хүн 09 цагийн орчимд орж ирээд юм авахгүй суугаад байхаар нь чи гар би бараа зөөж байна гээд холдуулах гэсэн чинь гарахгүй би чамд өдөржин гай болно гэхээр нь би чирээд дэлгүүрээсээ гаргаад араас нь бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд байж байтал намайг хэл амаар доромжлоод чамайг энэ зах дотор явуулахгүй, харж байгаарай, ална гэх мэтээр орилоод машины араар орж зогсоод чи наашаа гараад ир, хоёулаа зодолдъё гээд байсан. Тэгэхээр нь би явж очоод зүүн хацар руу нь баруун гараараа алгадаад, мөрнөөс нь татаад газарт унагачихаад дэлгүүр рүүгээ ороод хартал босохгүй хэсэг хэвтэж байснаа босч ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин ирээд нөгөө залууг аваад явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж

 

3

 

байна гэх мэдүүлэг /хх-ийн 10, 33/

 

-гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20-24/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Оын иргэн О.Дын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч О.Д нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “хохирлыг бүрэн барагдуулсан, 200.000 төгрөг авсан, иймд хохирол гомдол байхгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,

 

4

 

нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч О.Дын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч И овогт Бын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

      1. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
 

5

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БААСАНБАТ