Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 145

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Э.Батзориг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Чорс овогт Энхбатын Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011471 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 09 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн,  29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр баг, Хотонт цагаан сүм гудамжны 1-9 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 1-3 тоотод суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Чорс овогт Энхбатын Батзориг, Регистрийн дугаар \АМ87092019\

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Батзориг нь 2016 оны 05 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн “...Цэцэгмаагийн утасны дугаарыг өгөхгүй гэж  хэллээ...” гэх ялимгүй зүйлээр шалтаглан   нийгмийн хэв журмыг ноцтойгоор  зөрчиж  иргэн Р.Баярсайханд хүч хэрэглэн зодож бие махбодид нь “...баруун дээд 1, 2 зүүн дээд 1-р, зүүн доод 2-р шүдний булгарал...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Батзориг нь 2016 оны 05 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг” дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн “...Цэцэгмаагийн утасны дугаарыг өгөхгүй гэж  хэллээ...” гэх ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Р.Баярсайханд хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

 

1. Хохирогч Р.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо “Баялаг” дэлгүүрийн хажуу талын уулзвар дээр эгч Цэцэгмаатай явж байхад үл таних залуу бид 2 дээр ирээд ахаа, эгчээ утсаараа яриулаач гэхээр нь Цэцэгмаа эгч бид 2 утсаа өгөөд яриулсан. Нөгөө хүн нь угаасаа аваагүй. Тэгээд нөгөө үл таних залуутай танилцаад нөгөө залуу  “Баялаг” дэлгүүрт утсаа тавьчихсан байгаа, би нэмээд нэг том “Боргио” аваад ирье гээд дэлгүүр рүү ороод 2.5 литрийн савлагаатай “Боргио” пиво аваад хажуу талын сааданд суугаад бид 3 хуваагаад уусан. Нөгөө залуу Цэцэгмаа эгчээс дугаарыг нь асуугаад байсан. Тэгсэн чинь Цэцэгмаа эгч наад залуугаасаа ав гээд над руу заасан. Баялаг дэлгүүрийн хойд талын гражнуудын хажууд зогсож байхад нөгөө залуу ирээд Цэцэгмаа эгчийн утасны дугаарыг нь асуухаар нь би “ Би яаж мэддэг юм бэ, өөрөөс нь ав, чи хүний дугаараар яах гэж байгаа юм бэ” гэхэд үл таних залуу намайг шууд нүүр рүү, 3-4 удаа цохьсон. Миний 2 шүд унасан, 2 шүд булгараад унах гэж байгаа...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 11х\

“...Батзориг бид 2 Баянхошуунд байрлах нэрийг нь санахгүй байна, шүдний эмнэлэг орж 4 шүд хийлгэх зардлыг асуухад 800.000 төгрөг болно гэж хэлсэн болохоор 800.000 төгрөг Батзоригоос авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/

 

2. Гэрч Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баярсайхан бид 2 Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-р байрны ард байрлах Баялаг дэлгүүрийн хажуу талын сааданд суухад үл таних залуу буюу Батзориг хүрч ирээд бид нартай танилцаад миний утсаар нэг хүнтэй ярьсан. Тэгснээ Батзориг та 2-т пиво авч өгье гээд 2.5 литрийн савлагаатай пиво авч гарч ирээд би ганц, хоёр удаа уугаад үлдсэнийг нь нөгөө хоёр хуваагаад уусан. Тэгээд пивоо ууж дуусаад бид 3 хойшоо зам гарч явахад Батзориг миний утасны дугаарыг асуухаар нь би өгөөгүй. Тэгээд би гражнуудын дунд ороод бие засчихаад гараад ирэхэд Баярсайхан доошоо нүүрээ дараад суучихсан. Амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 16-17х\

3. Гэрч Я.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “... 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үл таних залуу 2 дахь удаагаа пиво аваад гарсны дараа тарган 50-55 орчим насны насны эмэгтэй, туранхай өндөр 35-40 насны залуутай орж ирээд танай дэлгүүрт нэг залуу гар утсаа тавьж пиво авсан уу гэхээр нь би тиймээ гэж хариулахад гараад явцгаасан. Эрэгтэйн амнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 18-19х\

4. Шүүх эмнэлгийн шинжээчийн 7619 тоот дүгнэлтэд:

- Баярсайханы биед баруун дээд 1,2, зүүн дээд 1-р, зүүн доод 2-р шүдний булгарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт 15 хувиар тогтонги алдуулна гэжээ. \хх-ийн 27х\

 

5. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Унах болон цохилтоос аль алинаас үүсэх боломжтой боловч уг гэмтэл нь цохьсоноос үүсэх илүү боломжтой. Учир нь  Р.Баярсайханы биед ямар нэгэн өөр гэмтэл байгаагүй. Хэрэв унах үед уг гэмтэл үүссэн бол өвдөг гар болон нүүрний төвгөр хэсэг болох хамрын нуруу, хацрын төвгөр хэсгээр зулгаралт шарх үүсдэг. Ийм гэмтлүүд  байгаагүй  учраас цохьсоноос үүсэх илүү боломжтой...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 30х\

6. Шүүгдэгч Э.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг дэлгүүрийн гадаа явж байгаад хажуу талын сааданд сууж байсан эрэгтэй, эмэгтэй 40 орчим насны хүмүүсээс гуйж утсаар ярьсан. Би “Баялаг” дэлгүүрт утсаа тавиад Борги пиво аваад 3-уулаа хуваагаад уусан. Ууж дуусаад дэлгүүрээс ертөнцийн зүгээр хойшоо чиглэн яваад арын граж дунд ороод цуг байсан эгч бие заслаа гээд орсон. Тэгээд би үл таних ахтай юм яриад зогсож байгаад би утсаа өгчих маргааш утсаа барьцаанаас аваад залгая гэхэд үл таних ах юу яриад байгаа юм бэ дугаараа өгөхгүй гэхээр нь энэ эгчийн дугаарыг өгчих гэхэд нөгөө ах нилээн уурлангуй юу яриад байгаа юм бэ дугаараа өгөхгүй гээд мөрөндөө үүрсэн байсан цүнхээ засахад нь би намайг цохих гэж байна гэж бодоод түрүүлээд цохьсон. Би тэр хүнийг анх удаа харсан. Нүүр рүү нь 2 удаа цохьсон. Баярсайханы биед учирсан гэмтлийг би учруулсан гэж бодож байна. Би бага хэмжээний согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 38х\

7. Шүүгдэгч Э.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

          Иймд шүүгдэгч Э.Батзоригийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

         

          Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүгдэгч Э.Батзориг нь хохирогч Р.Баярсайханд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 800.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 53х/, хохирогч Р.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 х/ зэргээр тогтоогдсон ба хохирогч Р.Баярсайхан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул Э.Батзоригийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Батзоригт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг  үйлдсэнийг хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Э.Батзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 45х/, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Батзоригийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чорс овогт Энхбатын Батзоригийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзоригийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзоригийн эдлэх 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4. Э.Батзоригийн холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Батзоригт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Батзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ