Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

   Б.Б-т  холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Э.Энхбат,

            шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаа,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808026730650 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овгийн Б.Б, 1966 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ......хороо, .......дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

 

            Б.Б- нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15-16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 86 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн эх болох 76 настай Х.Б-ийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хутгаар хоолойг нь зүсч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.8-д заасан гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан буюу “эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгож, хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б-ын цагдан хоригдсон 136 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримт болох 1 ширхэг Сиди-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хар иштэй 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгуулж, шүүгдэгч Б.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... 4 сар гаруй хоригдох хугацаанд надтай нэг ч хуулийн хүн ирж уулзаагүй. Улсаас томилогдсон өмгөөлөгч Л.Батаа 2 хоногийн өмнө ирж уулзсан. Одоо би өөр хүмүүстэй 1 өрөөнд орсноор тэдний зөвлөгөөг сонсвол миний ингэж гүрийх нь маш буруу гэдгийг ойлголоо. Одоо би хэргээ задлана, дахин мөрдөлт энэ тэр гэхгүй. Би энэ хэргийг хийсэн юм байна гэж хүлээн зөвшөөрч байна. Мөн ах, дүү, хамаатан садан, ард түмнээсээ гүнээ уучлалт хүсч байна. Та бүхэн миний аргагүй байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүүхдүүдэд 24 жил хичээл заасан зэргийг харгалзан үзэж эдлэх ялыг минь бууруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс Б.Б-ын хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, гэм буруугийн байдал зөв тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б- хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед сурган хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан бөгөөд тодорхой хэмжээний архины хамааралтай сэтгэцийн олдмол өвчтэй. Тиймээс, шүүхээс оногдуулсан хорих ялыг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв. 

 

Прокурор Э.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан үзээд хохирогчид олон тооны шарх сорви учруулж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзсэн. Мөн шүүгдэгч Б.Б- өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эхийнхээ амь насыг хохироосон гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдаж, түүнд  20 жилийн хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс дээрх хуулийн зүйл, заалт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж буюу өөрийн төрсөн 70 настай эхийнхээ амь насыг хохироосон байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 12-20 жилийн хорих ялтай, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан байдаг. Шүүх хэргийн нөхцөл байдлыг үзээд бүх насаар нь хорих ял оногдуулаагүй, харин шүүгдэгч Б.Б-т 20 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15-16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 86 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн эх болох 76 настай Х.Б-ийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хутгаар хоолойг нь зүсч алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

“хүн нас барсан” гэх мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж, хэргийн газарт үзлэг хийж, цогцосны байрлал, гэрийн доторх бусад байдлыг бэхжүүлж, архины шил, 2 ширхэг хутга, цусны дээж, 1 хос шар металл ээмэг, цагаан металл бөгж зэрэг эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 18-26/, цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 27-32/,

 

“талийгаач нь зүүн гүрээний вен, хүзүүний мөгөөрсөн хоолой, улаан хоолой зүсэгдэж бүрэн тасарсан шархны улмаас амьсгалын зам руу цус алдаж амьсгал бүтэж нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1237 дугаартай дүгнэлт /1 хх 183-187/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 187-188/,  

“Аюул учрах эрсдэл өндөр тухай” шүүгдэгч Б.Б-т хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1 хх 242-250/,

Шүүгдэгч Б.Б-ыг “архины идэвхтэй хараат байдлын хам шинж сэтгэцийн өвчтэй. Хэрэг хариуцах чадвартай” тухай Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 582 дугаар дүгнэлт /1 хх 177/,

“...ээжийн ... дугаар утсаар Б- ах залгаад “ах нь сая гаднаас орж ирсэн чинь ээжийн хоолойг хэрчсэн байна” гэж хэлэхээр нь “юу солиороод байгаа юм бэ, алив ээжтэй яриул” гэхэд “ээж үхсэн юм чинь яаж ярьж чаддаг юм бэ, би цагдаа дуудах гэсэн чинь айгаад байна” гэж хэлээд утсаа тасалсан” гэж мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүрэлчулууны мэдүүлэг /1 хх 54-58/,

“...би өөрийн дугаараас цагдаад манай хажуугийн айлд настай эмээ байдаг юм, эмээг хүн зодоод байх шиг байна гэж дуудлага өгсөн” талаар мэдүүлсэн хөрш айлын У.Энхмаагийн гэрчийн мэдүүлэг /1 хх 61-62/,

“...Эмээ гаднаас хүн ирээд хаалга цохивол заавал тэр, энэ байна гэж асууж байж гэртээ оруулдаг, бараг гэртээ хүн оруулдаггүй. Б- ах архи уусан үедээ гадны хүн дагуулж орж ирдэггүй. Бид гурваас өөр хүнд гэрийн түлхүүр байдаггүй” гэх насанд хүрээгүй гэрч Т.Сормууны мэдүүлэг /1 хх 72-74/,  

“...Тэгээд би гэртээ ойролцоогоор 15 цагийн үед орсон. Намайг гэртээ ирээд ороход гэрийн хаалгыг зүгээр хаачихсан байсан ба би түлхүүрээ хийгээд хагас эргүүлээд онгойлгож орсон. Гэрт ороход хүн харагдаагүй ба хаалгаар ороод яг зүүн талд нь байдаг том өрөөндөө би ороод архиа өөрийнхөө орны ширдэг доогуур хийсэн. Тэгээд хувцсаа тайлаад дотоожтойгоо орон дээрээ суугаад архиа задлаад ойролцоогоор 150 граммын багтаамжтай цагаан өнгийн, бариултай, эржгэр гадаргуутай аяганд архинаас дүүрэн хийгээд эхэлж 1 удаа уусан. Тэгээд зурагтаа асаагаад дахин нэг дүүрэн хийгээд уусан. Тухайн үед гэрт хүн дуугарахгүй байсан болохоор би өөрийгөө ганцаараа байна гэж бодсон юм. Би ууж байсан архиа таглаад буцаагаад орон доороо хийгээд өөрөө орон дээр хэвтсэн. Би уг архийг уугаад согтож байсан. Би зурагт харж хэвтэж байгаад хэсэг унтсан байсан. Тэгээд сэрэхэд ам цангаж байхаар нь коридорийн өрөөний ширээн дээр хүйтэн хар цайтай шилэн савнууд байдаг учир тэр цайг уух гээд коридор руу явсан. Тэгээд цайгаа авах гээд цааш хартал манай ээж Б- плетка, ширээ хоёрын хооронд шалан дээр доош хараад толгой нь ширээ рүү харсан хэвтэж байсан. Тэгэхээр нь ээжээ гэж дуудаад би баруун мөр, гарнаас дээш татаж эргүүлсэн чинь хоолойны төвөнхнөөс доогуур зүсэгдсэн цус гарч байсан. Хажууд нь хар өнгийн хуванцар иштэй хоол хийдэг 20 орчим см урттай хутга байсан” гэх шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх 110-118/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.Б- үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд өөр хэн нэгэн этгээд үйлдсэн байж болох сэжиг, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдлийг прокуророос “онц харгис хэрцгийгээр”, “өөртөө эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гурван хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх “эдийн бус ашигтай байдал бий болгох” зорилгоор үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй, гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар тухайн хэргийг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэлүүдийг тайлбарлаж, нэг гэр бүлд хамт амьдарч байсан төрсөн эхийгээ алсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж, мөн гэмт хэрэг үйлдэгдэх явцад талийгаачийн бие махбодь, сэтгэл санааны ноцтой шаналал, зовиур үүсгэсэн, түүний зүүн гүрээний вен, хүзүүний мөгөөрсөн хоолой, улаан хоолойн зүсэгдэж бүрэн тасарсан шархны улмаас амьсгалын зам руу цус алдаж, амьсгал бүтэж нас барсан болох нь тогтоогдсон тул онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ын “...Миний эдлэх ялыг минь бууруулж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ