Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1021

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

           Шүүгдэгч: Б.У- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000412 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны 14 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн уулзварын замд “Тоёота приус” маркийн 48-50 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчиж, урьдчилан байр эзлэлгүйгээр хоёрдугаар эгнээнээс зүүн эргэх хөдөлгөөн хийж, гуравдугаар эгнээгээр чигээрээ явж байсан “Ямаха Т-Мах” маркийн УРА 91-29 улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас мотоцикль унаж, мотоциклийн зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохирлыг өгсөн. Мотоциклийн хохирлыг харилцан тохиролцож төлөхөөр болсон байгаа” гэв.

Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...ногоон гэрэл асах үед чигээрээ хөдөлгөөн эхлэн чигээрээ уулзвар нэвтрэх үед хар өнгөтэй Тоёота приус 20 маркийн автомашин чигээрээ явах эгнээнд буюу хоёрдугаар эгнээнд зүүн эргэх гээд зогсож байгаад автомашинууд сигнал дарах үед зүүн дарж, хөндлөн орж ирээд миний сууж явсан мотоциклийг мөргөсөн. Тэгээд мөргүүлээд зүүн тал руугаа газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Э-ын хамт ...чигээрээ явах сумтай ногоон гэрэл асах үед хөдөлгөөн эхлэн чигээрээ явж байтал явган хүний гарц орчим баруун талаас буюу хоёрдугаар эгнээнээс Тоёота приус 20 маркийн автомашин мөргөж, тэнцвэрээ алдан унасан. Тэгээд ард сууж явсан Э.Э- хөл өвдөөд байна гээд явж чадахгүй байсан. ...Тэгээд нөгөө автомашины жолооч, эхнэр болон нялх хүүхэдтэйгээ бууж ирээд миний буруу хоорондоо тохиролцъё гээд Эрхэмбаярыг автомашиндаа суулган Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Гэрч С.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Саппорогийн уулзварын баруунаас ирээд 10 дугаар хороолол орох гэж яваад болиод шууд эмнэлэг рүүгээ явъя гээд эргэх гэтэл чигээрээ явж байсан автомашинууд сигнал дараад байсан тэгтэл нөхөр явган хүний гарцны орчим зүүн эргэх хөдөлгөөн хийсэн чинь миний талаар нэг мотоцикл явж ирээд манай автомашиныг шүргээд 3-4 метр орчим яваад унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Шинжээчийн 11823 тоот дүгнэлтэд: “...Э.Э-ын биед зүүн хөлний 2, 3 дугаар хурууны тавхайн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 61-62/,

Мөрдөгчийн 178 дугаар магадлагаанд: “...Тоёота приус” маркийн 48-50 ДАХ улсын дугаартай автомашины жолооч Батбаяр овогтой Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-т заасан “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...Батбаяр овогтой Ууганбаяр нь уг заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үүдсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-н 94-95/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18-23/, хохирогчийн өвчний түүх /хх-н 30/, хохирлын баримтууд /хх-н 56-59/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 79/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 87-90/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 99-110, 137-139/, хохирогчийн хүсэлт /хх-н 128, 131/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны 14 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн уулзварын замд “Тоёота приус” маркийн 48-50 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчиж, урьдчилан байр эзлэлгүйгээр хоёрдугаар эгнээнээс зүүн эргэх хөдөлгөөн хийж, гуравдугаар эгнээгээр чигээрээ явж байсан “Ямаха Т-Мах” маркийн УРА 91-29 улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас мотоцикль унаж, мотоциклийн зорчигч Э.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Э-ын: “...ногоон гэрэл асах үед чигээрээ хөдөлгөөн эхлэн чигээрээ уулзвар нэвтрэх үед хар өнгөтэй Тоёота приус 20 маркийн автомашин чигээрээ явах эгнээнд буюу хоёрдугаар эгнээнд зүүн эргэх гээд зогсож байгаад автомашинууд сигнал дарах үед зүүн дарж, хөндлөн орж ирээд миний сууж явсан мотоциклийг мөргөсөн. Тэгээд мөргүүлээд зүүн тал руугаа газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Б.О-ын: “...Э.Э-ын хамт ...чигээрээ явах сумтай ногоон гэрэл асах үед хөдөлгөөн эхлэн чигээрээ явж байтал явган хүний гарц орчим баруун талаас буюу хоёрдугаар эгнээнээс Тоёота приус 20 маркийн автомашин мөргөж, тэнцвэрээ алдан унасан. Тэгээд ард сууж явсан Э.Э- хөл өвдөөд байна гээд явж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36/, гэрч С.У-ийн: “...Саппорогийн уулзварын баруунаас ирээд 10 дугаар хороолол орох гэж яваад болиод шууд эмнэлэг рүүгээ явъя гээд эргэх гэтэл чигээрээ явж байсан автомашинууд сигнэл дараад байсан тэгтэл нөхөр явган хүний гарцны орчим зүүн эргэх хөдөлгөөн хийсэн чинь миний талаар нэг мотоцикль явж ирээд манай автомашиныг шүргээд 3-4 метр орчим яваад унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 45/, шинжээчийн 11823 тоот дүгнэлт мөрдөгчийн 178 дугаар магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Э-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Э.Э- нь хавтаст хэрэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр гаргасан /хх-н 128, 131/ тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин эд зүйлийн үнэлгээгээр иргэний нэхэмжлэгч Х.Жавхлантуяагийн мотоцикльд учирсан 357.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.У-ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба улсын яллагч дүгнэлт гаргахдаа эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх талаар санал гаргаагүй тул эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.У-ыгавтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР