Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/445

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Г.Э , Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Г ын Э ,  овогт Б ийн А   нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А  , Г.Э  нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааран дотор М.М ыг зодож, түүний биед зүүн нүдний алим, зүүн зовхи, дагз, баруун чамархай, дух, хамрын нуруу, хүзүү, баруун мөр, цээж, зүүн бугалга, хоёр даланд цус хуралт бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А  , Г.Э  нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааран дотор М.М ыг зодож, түүний биед зүүн нүдний алим, зүүн зовхи, дагз, баруун чамархай, дух, хамрын нуруу, хүзүү, баруун мөр, цээж, зүүн бугалга, хоёр даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... бааранд ...23 цагийн үед би ганцаараа үлдсэн байсан. ...Гарах гэтэл ...шатан дээр хэсэг залуус зогсож байсан. Хажуугаар нь гарч явах гэж байгаад мөр хэсгээрээ А  гэх залууг шүргэсэн. ...маргалдаад зогсож байхад нэг зулуу нь намайг гараараа зүүн шанаа хэсэгт цохисон. ...00 өрөө орж учраа олоё гээд ...намайг дагуулаад явсан. Тэнд байхад А   дахиад намайг цохисон. Тэгээд хажуу талаас Э  хөлөөрөө өшиглөж зодсон. ...төлбөр төлж эмчилгээ хийлгэсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-21 дүгээр хуудас/,

Гэрч А.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө найз Т , М , А  , Э  нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  бааранд үйлчлүүлж байхад уг газар нь хаах болсон ба зарим хүмүүс нь муудсан байсан болохоор заримыг нь гаргачихаад эргээд ороод ирсэн чинь найзууд нэг хүнтэй маргаад байж байсан. ....зодоон болсныг хараагүй, сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Ч.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын16-17-нд шилжих шөнө найз Т , М , А  , Э  нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  бааранд үйлчлүүлсэн. ...уг залууг хаана, хэрхэн зодсон талаар мэдэхгүй. Би зодоон болсныг хараагүй. Сүүлд зодсон гээд уучлалт гуйж байхад нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...уг бэртэл гэмтлийг А   бид хоёр учруулсан. А   заамдаж авсан байсан ба баруун гараараа М ын нүүрний хэсэгт 1-2 удаа цохисон. Тэгээд хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас хуудас/,

Шүүгдэгч Б.А  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. М.М ын эрүүл мэндэд учирсан уг гэмтлийг Э  бид хоёр учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10706 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. “....М.М ын биед зүүн нүдний алим, зүүн зовхи, дагз, баруун чамархай, дух, хамрын нуруу, хүзүү, баруун мөр, цээж, зүүн бугалга, хоёр даланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.А ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Э ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 90 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/,

Хохирогч М.М ын Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...миний хохирлыг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ...дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А  , Г.Э  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Шүүгдэгч Б.А  , Г.Э  нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааран дотор М.М ыг зодож, түүний биед зүүн нүдний алим, зүүн зовхи, дагз, баруун чамархай, дух, хамрын нуруу, хүзүү, баруун мөр, цээж, зүүн бугалга, хоёр даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ...маргалдаад зогсож байхад нэг зулуу нь намайг гараараа зүүн шанаа хэсэгт цохисон. ...00 өрөө орж учраа олоё гээд ...намайг дагуулаад явсан. Тэнд байхад А   дахиад намайг цохисон. Тэгээд хажуу талаас Э  хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-21 дүгээр хуудас/,

- Гэрч А.А , Ч.М  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №10706 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

- Шүүгдэгч Б.А  , Г.Э  нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А  , Г.Э  нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь бүлэглэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч М.М  нь эмчилгээний зардлыг шүүгдэгч нар бүрэн төлсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А  , Г.Э  нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч нарт таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч Б ийн А  , Г ын Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  овогт Г ын Э ,  овогт Б ийн А   нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г ын Э , Б ийн А   нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.