| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03118/И |
| Дугаар | 2697 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2697
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У ХК,
Хариуцагч: П.Б
Цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 2.549.299.82 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБ ХКХК-ийн Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрчим хүч хэрэглэгч П.Бнь 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны эрчим хүчний төлбөр 2.549.299.82 төгрөгийг төлөөгүй. Манай төвөөс цахилгааны бичилт хийхээр П.Бынд очиход голдуу эзэнгүй байдаг. Хүнтэй байхад нь таарч 3 удаа бичилт хийсэн. П.Бынх хувийн 2 давхар орон сууц бөгөөд шалны халаалттай айл. Ер нь цахилгаан хэрэглээний төлбөр энэ үнийн дүнтэй ойролцоо гардаг боловч цахилгааны төлбөрөө цагт нь төлдөггүй. Хариуцагч шөнийн хэрэглээг хасч тооцсоноор 50% хямдарч төлбөрийг төлнө гэдэг боловч Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааныг шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон 2 тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах цахилгааны орой шөнийн хэрэглээний тарифт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 50 хувиар хөнгөлөлт тооцохыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгосон. Тиймд зөвхөн өвлийн улиралын шөнийн тарифыг хөнгөлдөг. Хариуцагч нийт гарсан төлбөрийн 50% гэж буруу ойлгоод байх шиг байна. Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас харахад П.Бын цахилгаан хэрэглээний тарифын хөнгөлөлт гэж 133.733 төгрөг хасагдсан байна. Иймд хариуцагч П.Баас 2.549.299.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: УБЦТС ХК-ийн Зуслах хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлд 2.549.299.82 төгрөг бүхий эрчим хүч хэрэглэсэн гэсэн боловч шөнийн тарифт хэрэглэгч хэрэв өвлийн улиралд нүүрс түлээгүй, цахилгаан халаагуур хэрэглэсэн тохиолдолд шөнийн эрчим хүчний хэрэглээг хасна гэсэн Засгийн газрын тогтоолыг тооцоогүй байна. Миний тооцоогоор уг шөнийн хэрэглээг хасч тооцсоноор 50% хямдарч төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Холбогдох тогтоолыг шүүх хурлын үед танилцуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УБ ХКХК Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч П.Бт холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт 2.549.299.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч П.Бнь 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 07 сарыг дуустал хугацааны эрчим хүчний төлбөр 2.549.299.82 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй бөгөөд харин хэрэглэгч өвлийн улиралд нүүрс төлөөгүй цахилгаан халаагуур хэрэглэсэн тохиолдолд шөнийн эрчим хүчний хэрэглээг хасна гэсэн Засгийн газрын тогтоолын дагуу цахилгааны төлбөр 50% хямдарч төлөгдөнө гэсэн тайлбарыг гаргажээ.
Хэрэглэгчийн 9500127 кодтой П.Бын цахилгааны тоолуурын заалтын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн бичилтээр шөнийн хэрэглээний тарифт 133.733 төгрөгийн хөнгөлөлт бичигдсэн, энэ нь зөвхөн өвлийн улиралд хасагдаж бичигдэх тул нийт төлбөрийн 50%-иар хөнгөлөгдөх үндэслэлгүй тул хэрэглэгч нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх нь зүйтэй байна.
Тэрээр Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2. эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Иймд хариуцагч П.Баас цахилгаан эрчим хүчний төлбөр 2.549.299.82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБ ХКХК-ийн Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч П.Бт энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар хариуцагч П.Баас 2.549.299.82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБ ХКХК-ийн Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Баас 55.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБ ХКХК-ийн Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА