Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ц.А-,

шүүгдэгч М.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А-,  У- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905010990309 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,1985 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн,34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  А-.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц бизнесийн удирдлага мэргэжилтэй, фитнесийн багш цагийн ажилтай, ам бүл 2, 5 настай охины хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  У-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.А-, М.У- нар нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 06 тоотод хувийн таарамжгүй харьцаанаас  үүдэн хоорондоо маргалдан харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.А-  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Ц.А- мэдүүлэхдээ: “Бид урьд нь хоёр удаа маргалдаж байсан ба тэр талаараа яриад тухайн үед маргалдсан. Тэгээд бие биенийгээ маажсан. Миний хөх, цээж, хоёр гар, нуруу сорвитой үлдсэн. Бид хоёр харилцан зодолдсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор М.У- мэдүүлэхдээ: “Бид нар хоорондоо маргалдсаны улмаас хоорондоо зодолдсон. Миний баруун хацар болон нүүрний зүүн талд сорвитой үлдсэн. Би эмнэлэгт үзүүлсэн ба мөнгөгүй учраас эмчилгээ хийлгэж чадаагүй. Би цаашид сорвигүй болох хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-, М.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.У-ийн “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз А-гийнд 10 цагийн үед очсон. Тэгээд бид нар гэрт нь орохдоо 10 лааз пиво аваад орсон. Гэрт нь ороод хоол халааж идээд тэгээд авсан пиво ууж эхэлсэн. Бид нар юм ярьж байгаад А-тай маргалдаж байгаад А- над руу аяга авч шидсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн тэр үед миний нүүрийг хумсаараа маажаад байсан. Тэгэхээр нь зөрүүлээд маажсан бас үсдэлцсэн тэгэж байгаад салцгаагаад тэгээд би охиноо аваад тэдний гэрээс  гараад явсан.

” ... Намайг хумсаараа маажсан бас үснээс зулгаасан гараараа цохисон. Би А-г гараараа цохиж, бас маажсан байж магадгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.А-гийн “2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө би найз У-, охиных нь хамт гэртээ буюу Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 23 дугаар байрны 06 тоотод очсон. Манайх руу явах замдаа бид нар дэлгүүрээс 10 лааз пиво аваад гэртээ орсон. Тэгээд бид нар гэрт ороод хоол халааж идээд дараа нь авсан пиво хувааж юм ярьж байгаад урьдны маргаанаа ярьж байгаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд У- намайг хэл амаар доромжлоод намайг хүүхэд гаргадаггүй гэж маргалдаж эхлээд тэгээд намайг маажиж эхэлсэн. Тэгэхээр нь би бас маажиж эхэлсэн. Тэгээд би доошоо харж нүүрээ хамгаалж байх үед миний гар биеийн ихэнх хэсгээр маажсан. ... Бид хоёр өмнө нь хоёр удаа маргалдаж зодолдож байсан болохоор тэрийгээ ярьж байгаад муудалцсан тэр асуудлаас болж дахиж хэрэлдээд тэгээд зодоон болсон” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2998 дугаартай:

“1. М.У--н биед баруун доод зовхи, хоёр хацар, зүүн шанаа, дух, эрүү, баруун шанаа, хүзүү, зүүн шуу, баруун өвдөгт зулгаралт, зүүн зовхи, хоёр шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн мөр, баруун дал, баруун өгзөг, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх  ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3550 дугаартай:

“1. Ц.А-гийн хоёр хөх, цээж, хоёр гарын бугалга, баруун суганы хонхрын доод хэсэг, зүүн шуунд зулгарал, гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь хуучивтар гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2019.02.28- ны өдөр үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23 дугаар хуудас/

 

М.У-ийн яллагдагчаар өгсөн “... Би үсдсэн маажсан, гэмтэл учруулсан. ... Өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дугаар хуудас/

 

Ц.А-гийн яллагдагчаар өгсөн “ ... Би үсдсэн, маажсан цохьсон. ... Өөрийн гаргасан үйлдэлд харамсаж байна. Хохирол мөнгөө бүрэн барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.А-, М.У- нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож Ц.А- нь М.У-ийн биед баруун доод зовхи, хоёр хацар, зүүн шанаа, дух, эрүү, баруун шанаа, хүзүү, зүүн шуу, баруун өвдөгт зулгаралт, зүүн зовхи, хоёр шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн мөр, баруун дал, баруун өгзөг, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл,

М.У- нь Ц.А-гийн биед хоёр хөх, цээж, 2 гарын бугалга, баруун суганы хонхрын доод хэсэг, зүүн шуунд зулгарал бүхий гэмтэл тус тус учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  шүүгдэгч нар уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

Хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар ямар ч нотлох баримт цуглуулаагүй тул шүүхээс шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

Харин Ц.А-, М.У- нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.У- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, Ц.А-гийн цагдан хоригдсон хоёр хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулах тооцох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Ц.А-, М.У- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

М.У-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас хасч Ц.А-гийн эдлэх торгох ялыг 420.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ц.А-, М.У- нар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ц.А-, М.У- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.А-, М.У- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Ц.А-, М.У- нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-, М.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ