Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/211

 

2018.02.09

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Х.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х.Нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706031520074 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Х.Н, 1967 оны 7 сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зурхайч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлтэй, 2011 оны 8 сарын 11-ний өдөр Завхан аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэн, 2012  оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 21 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 11 хоногийг хугацааны өмнө тэнсэж шийдвэрлэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр 5 дугаар баг Уртбулаг, 11 хороолол, ********** тоотод  оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, РД:/**************/,

Шүүгдэгч Х.Н нь 2017  оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “күйн” караокены урд иргэн Т.Нийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дугаар сарын 5-6 шилжих шөнө Энхгэрэлийн цайллаганд уригдаад Гантөмөр, Наран-Эрдэнэ нартай нэг ширээнд суугаад шөнийн 00 цаг болж байхад цайллага дуусаад байж байтал Наран-Эрдэнэ хэдүүлээ үргэлжүүлээд өөр газар очъё гэхээр нь би зөвшөөрсөн. Бид нар нэг бааранд ороод нийт 9 хүн байсан. Шөнө 3 цаг өнгөрч байхад би нилээн муудаад баарнаас гараад такси барих гээд зогсож байтал Наран-Эрдэнэ намайг цохисон. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр орох гэснээ болиод Эрдэнэбат гэдэг айлд ороод унтсан. Тэгээд өглөө босоод хартал нүд цээж хөхөрсөн байсан. Тэгтэл Завханд миний ээж маань бие муудаад байна гэхээр нь Завхан явсан. Наран-Эрдэнэ залгаад байсан ба 1 сарын дараа цагдаагаас дуудаад хотод ирсэн. Улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 5 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч Т.Нэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би харахад цуг караокед сууж байсан лам хувцастай Насанжаргал гэх хүн буланд харанхуй газар зогсож байсан.Насанжаргал бид нараас түрүүлээд явсан байсан.Би “яасан бэ” гээд яваад очиход гартаа юм бариад далайхаар нь гараараа хаасан боловч духанд цохигдсон.Би хойшоо болоод гэрэлд гараад тэрхэн зуур ухаан алдсан…Насанжаргал хажуу талын зогсоол дээр байсан наад талаасаа 3 дахь машины цаагуур ороод хэвтэж байхыг хараад би татаж босгоод нүүрэнд гараараа цохисон.Насанжаргал зөрүүлж намайг цохиод хоорондоо зодолдоход цуг яьсан хүмүүс салгасан.Намайг анх цохих үед би алхаар цохьсон гэж харсан ба тэр хавиар хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг. /хх-9/,

Гэрч Ш.Дэлгэржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Баяржаргал бид 2 10 метр орчмын зайтай урд алхаж явсан.Наран-Эрдэнэ хойноос алхаж явсан ба эргээд харахад караокены үүднээс 5 метр орчмын зайтай буланд доошоо хараад газар хэвтэж байсан.Баяржаргал бид 2 буцаж очоод Наран-Эрдэнийг босгоход “намайг сая нөгөө лам цохиод зугтчихлаа” гэж хэлсэн.Бид 2 хараагүй болохоор гайхаж байхад Наран-Эрдэнэ “энэ мөр нь байна” гээд араас нь явсан.1 хүний мөр зүүн тийшээ машины зогсоолын зүг явсан байсан ба тэр мөрийг бид 3 дагаж очиход Насанжаргал баруун талаасаа 3 дахь машины хажууд хэвтэж байсан.Наран-Эрдэнэ “чи намайг яагаад цохьчихов, юугаар цохьсон бэ” гэж хэлээд Насанжаргалтай зууралдсан.Бие биенээ чанга цохиж чадаагүй.Зууралдаж ноцолдож байхад Насанжаргал “намайг аллаа” гэж орилоод салж зугтааж байгаад замаас таксинд суугаад явсан.” гэх мэдүүлэг./хх11-12/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13913 тоот дүгнэлтэд: 

  1. Т.Нийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”
  5. Дээрх гэмтэл нь 2017.11.05-06-ны өдөр үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт. /хх-17/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Н нь 2017  оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “күйн” караокены урд иргэн Т.Нийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Нэ нь эмчилгээний зардлын талаар 128.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн ба гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаатарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Наас нийт 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Наран-Эрдэнэд олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР