Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1270

 

 

 

 

 

 

      2018          04           04                                         291

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Алтгангэрэл овогт Ц-н Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0263 70301 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4  дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.э нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы САА-н Шандын гудамжны  тоотын хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Дг архи уусан байна гэж хэллээ гэх шалтгаанаар уурлаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун талын завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо Шандын 7 дугаар гудамжны  тоотод ...эгч Наранцэцэгийн гэрт байхад Ц.Э...ирээд утсаар намайг дуудсан. Би Э-ийн нүд улайчихсан байдалтай харагдахаар нь түүнд “чи согтуу байгаа юм биш үү, машин суухгүй” гэхэд...Э машинаасаа бууж ирээд эгчийн хашаанд орж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод, дараа нь хөлөөрөө нуруу руу 2 удаа өшиглөөд, өмсөж явсан куртикны маань баруун сугны доод хэсэг оёдлоороо урагдсан. Тэгсэнээ эгчийн хашаанаас гараад явсан...намайг цохиж байхад ...Н нь салгах гэж оролдоод хүч хүрээгүй бөгөөд эгч уурлаад “чи айлын хашаанд ирж хүн зодоод байхдаа яадаг юм бэ” гэж уурлаж байсан. Э намайг хашаан дотор хөөж цохиж зодож байгаад гараад явсан. Э бид хоёр 30 гаран жил хамт амьдарч байгаа дундаасаа нэг охинтой, гэрлэлтийн баталгаа байхгүй, түр хугацаагаар тусдаа амьдарч байгаад одоо бол охинтойгоо гурвуулаа хамт амьдарч байгаа...Манай нөхөр Э нь өмнө нь намайг зодож цохиж байсан удаа байхгүй. ...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

2. Гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 7 дугаар гудамжны 42 тоотод гэртээ төрсөн дүү Ц.Дагийсүрэнгийн хамт байхад Энхтөр...утсаар залгаад гараад ир гэхэд дүү Ц.Д-н гэрээс гараад...удалгүй буцаад ороод ирэхээр нь “юу болсон талаар” асуухад р согтуу байгаа юм шиг байна нүд нь улайсан юм шиг байна гэсэн...тэгээд дахин Ц.Д-гийн утас дуугарсан. ...Тэгээд Ц.Д-г дагаад гарахад Э, Ц.Д хоёр муудалцаад зогсож байсан. Харин Э нь юм уусан шинжгүй...байсан. ...Э Д-г авч явах гэсэн боловч Д явахгүй ярих юм аа энд ярь гээд хэлээд зогсож байхад Э Д-гийн хацар руу гараараа цохиод авсан, түүний дараа тэр хоёр хэрэлдээд Э эхнэрээ цохиж байгаа харагдсан би боль гэж Э-д хэлсэн бөгөөд тэр болиогүй...эхнэрээ дахин цохиод авахаар нь гартаа байсан шанагаа шидэхэд Э манай хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14289 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун талын завьжинд 1х0.2см зах ирмэг тэгш бус шархтай, уг шархнаас цус шүүрнэ, баруун хацар овойж хавдсан...ДҮГНЭЛТ

1.2. Ц.Д-гийн биед баруун талын завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),

5. Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хашаандаа гагнуур хийж байхад манай охин А хашаанд орж ирээд... “түүхий эд их ирж байна, явж ажил төрлөө хийгээч” гэж надад хэлэхээр нь би охиноос “мөнгө төгрөг чинь хаана байгаа юм” гэж асуухад “ээжид байгаа” гэхээр нь...эхнэр рүүгээ залгаад “хаана байна” гэхэд Н эгчийн гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь...Н эгчийн хашааны гадаа очоод машины дуут дохио өгөхөд эхнэр Ц.Д гараад ирэхээр нь чамд мөнгө байгаа гэж охин хэллээ... гэхэд Д яах гээд байгаа юм бэ гээд уурласан. Тэгэхээр нь би эхнэр Д-д охин...ажлаа хий гээд уурлаад байна би ажил руу явлаа чи араас хүрээд ир, нэг бол хамт явъя гэхэд Д...чи архи уусан байна, архичин... гээд над руу дайраад элдэв янзаар хэлж байгаад эргээд эгчийнхээ хашаа руу яваад орсон. Намайг хашаа руу ороход Н эгч гарч ирээд...юу болоод байгаа юм гэж асуухаар нь би Н эгчид манай охин мөнгө Д-д байгаа гэсэн гэж хэлж хэлэхэд...Д бид хоёрын дундуур орж ирээд “чамд юу гэж мөнгө төгрөг өгдөг юм бэ, муу архичин” гэхээр нь би эхнэртээ чамд мөнгө төгрөг байгаа гэсэн мөнгөө өгчих би явлаа гээд хувцаснаас нь татаад авахад миний өөдөөс нүүр самардаад авахаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Мөн газар унахаар нь дээрээс нь очоод гараараа мөн нэг удаа цохиод авсан дараа нь хөлөөрөө овоолсон цас руу өшиглөж цас цацаж орхиод зогсож байсан...Би архи уухаа болиод 2 жил болж байгаа бөгөөд тэр өдөр хашаандаа гагнуур хийж байхад охин орж ирээд очиж ажлаа хий гээд явуулсан. Тэгээд эхнэр дээр очиход намайг архи уусан байна гээд архичингаар нь дуудаад байсан. Тэгээд уур хүрээд эхнэртэй гар хүрээд авсан юм. Манай эхнэр намайг архи уухгүй байгааг өөрөө мэдэж байсан...албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй нэг гэрт амьдраад 30 жил болж байна дундаасаа нэг хүүхэдтэй нийт хоёр хүүхэдтэй гэр бүл байгаа юм...би анх удаа эхнэрээ зодож цохисон талаар шалгагдаж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт  (хавтаст хэргийн 48, 40), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43), хохирогч гомдол саналгүй тухай хүсэлт (хавтаст хэргийн 50) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын гудамжны 7-42 тоотын хашаанд, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Дагийсүрэнг зодож эрүүл мэндэд нь баруун талын завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь.

- Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтөр машинаасаа бууж ...ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод, дараа нь хөлөөрөө нуруу руу 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э д-н хацар руу гараараа цохиод авсан, түүний дараа тэр хоёр хэрэлдээд Энхтөр эхнэрээ цохиж байгаа харагдсан...Энхтөр нь эхнэртэйгээ хэрэлдээд зогсож байгаад эхнэр Дагийсүрэнгийн хацар, нүүр, толгой руу гараараа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14289 дугаар дүгнэлт “...1.2.Ц.Д-ийн биед баруун талын завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20),

- Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...Д-н...чи архи уусан байна, архичин... гэхээр нь би эхнэртэй чамд мөнгө төгрөг байгаа гэсэн мөнгөө өгчих би явлаа гээд хувцаснаас нь татаад авахад миний өөдөөс нүүр самардаад авахаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Мөн газар унахаар нь дээрээс нь очоод гараараа мөн нэг удаа цохиод авсан дараа нь хөлөөрөө овоолсон цас руу өшиглөж цас цацаж орхиод зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ц.Д-г зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт  гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагдагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0263 70301 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. А овогт Ц-гийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй,  шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ