Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 14 өдөр             Дугаар 128/ШШ2020/0324           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “МҮЭХ”

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.А, Б.С,

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Н.А, Б.С, хариуцагч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...МҮЭХны дэргэдэх Үйлдвэр үйлчилгээний Төвд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Н.А Б.С нар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 106******* регистрийн дугаартай МҮЭХны харьяа Үйлдвэр үйлчилгээний төв буюу “А” зочид буудал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарны зам”-*******-д байрлах Ү-22030******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн албан татварын ноогдуулалтанд шалгалт хийж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр 252018240 дугаартай шийтгэлийн хуудсаар 3.300.000 төгрөгийн торгууль 1.772.100 алданги оногдуулсан болно. Үүнийг үл зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс хүлээн зөвшөөрсөн тул Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гомдол гаргасан ба 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/56 тоот тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн. Бид тухайн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С нарын 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 252018240 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна.

Үүнд: МҮЭХны харьяа байгууллага болох Тээвэр үйлчилгээний төв нь 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ү-25000******* дугаартай 110.766.101 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байсан ба уг барилга нь 2012 оны 04 дүгээр сард бүрэн нураасан байдаг. Гэтэл уг Ү-25000******* үл хөдлөх хөрөнгийн ногдол татварын сайт хасагдаагүй ба 2013-2017 он хүртэл 5.538.305 төгрөгийн татварын ногдол орсон байдаг. Энэ нураасан газар дээр 106******* регистрийн МҮЭХны харьяа байгууллага болох Үйлдвэр үйлчилгээний төв нь Ү- 22030******* дугаартай 11,000,000.00 үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө болох Зочид буудлыг барьсан. МҮЭХны харьяа Үйлдвэр үйлчилгээний төв нь 1993 оноос хойш Чингэлтэй дүүрэгт зочид буудлын үйл ажиллагаа явуулж байсан ба 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарны зам”-*******-д байрлах А зочид буудлын үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд Үйлдвэр үйлчилгээний төв нь Чингэлтэй дүүргийн татварын албанд /91/ гэсэн татварын регистрээр үл хөдлөх хөрөнгийн татвар бусад татварын тайлангуудыг тайлагнаж байсан. 2016 онд 106******* регистрийн дугаартай Ү-22030******* үл хөдлөх хөрөнгийн тайлангаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тайлагнасан бөгөөд 9 сая төгрөгийг татварт төлсөн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс Ү-22030******* Үл хөдлөх хөрөнгөө, Чингэлтэй дүүрэг дээр биш Сүхбаатар дүүрэг дээр тайлангаа илгээнэ гэсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан хүсэлт өгч, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж, Ү-22030******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн 2015-2017 оны ногдол болох 22.301.370 төгрөгийг нөхөн тайлагнасан. Энэ тухайгаа тухайн хяналт шалгалтын байцаагч нарт тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөхгүй, тухайн хяналт шалгалтын байцаагч нар нь шийтгэлийн хуудас дээр 2016 онд хугацаандаа татвараа төлөөгүй гэсэн үндэслэлээр 5,072,100 төгрөгийн торгууль, алданги тавьсан. МҮЭХны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тайлагнасан байсан бөгөөд Нийслэлийн Татварын газрын тайланг илгээснээс хойш бүтэн 1 жил 8 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тайланг буцаасан байна. МҮЭХны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвөөс тайлагнасан 2016 оны үл хөдлөх хөрөнгийн тайлан жилийн хугацаанд шалгасан төлөвтэй байсаар байсан бөгөөд баталгаажихгүй байсан. Иймд МҮЭХны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9.1-д заасан харьяалал зөрчсөн байсан учир үүнийгээ залруулж 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгүүлэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн тайлан гаргасан. Гэвч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс хяналт шалгалт хийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэгт нэгэнт тайлагнасан, шалгаж байгаа төлөвтэй татвараа төлчихсөн байхад шийтгэлийн хуудас гаргасан. Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасан. Чингэлтэй дүүргийн татварын байцаагч нарын 1 жил 8 сарын хугацаанд баталгаажуулаагүй эсвэл буцаагүй мөн Татварын хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас бид хугацааны алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 29- ний өдөр МҮЭХны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол * /14230/ нарны зам гудамж, ******* тоот хаягт байрлах Ү-22030******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөнд ногдуулсан 5,072,100.00 /таван сая далан хоёр мянга нэг зуу/ төгрөг бүхий 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Монголын үйлдвэрчний холбоо” ҮЭБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төв хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй.  Сүхбаатар дүүрэгт А зочид буудал л байгаа. бусад үл хөдлөх хөрөнгө Чингэлтэй, Баянгол дүүрэгт байдаг.

Тээвэр үйлчилгээний төв нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй, татвар төлөгчийн гэрчилгээтэй байсан болохоор өмнөх буулгасан барилга дээр үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулаад явсан байсан. Нягтлан бодох бүртгэлээр хуучин хуулиар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан ч тухайн объектоо үнэлээд татвараа төлж болно гэсэн хууль нь хэрэгжээд татвараа төлөөд явж байсан. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй болохоор улсын бүртгэл дээр нураасан хаах бүртгэл баримт байхгүй. Бланс дээрх үнэлгээгээр татварын ногдол үүсээд явж байсан.  Татвар төлөгчөөс хасуулах хүсэлтээ удаа дараа өгсөн байдаг ч 2019 онд хассан. Тэр болтол ногдол үүсээд явсан.

Тухайн үед үйл ажиллагаа нь эхлээгүй байсан. Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаас асуухад “та манайд тайлагначих” гэсэн болохоор Сүхбаатар дүүрэгт байдаг барилгын татвараа Чингэлтэй дүүрэгт тайлагнасан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тайлан илгээгээд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр н.Анударь гэх байцаагч тайланг буцаасан.

Чингэлтэй дүүрэгт тайлангаа илгээсэн, тайлангаа илгээсэн учраас 9 сая төгрөгийн татвараа төлсөн. Гэтэл татварынхан танай төлсөн татварыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс татварыг өрөнд авсан гэдэг. Энэ акт, шалгалт нь 2 газраас орж байгаа ч акт нь тооцооллын хувьд давхардсан. Чингэлтэй дүүрэг манайд акт тавьж байхдаа “давхардаагүй, нотлогдоно” гэдэг. Хэрэв тийм бол Чингэлтэй дүүргийн акт буруу тавигдсан.

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тайлангаа илгээнгүүт ногдол нь үүсээд 4 хувааж татвараа төлнө. Татварын тайлан илгээгдээд газрын байршил өөрчлөгдсөн бол Сүхбаатар дүүрэгтээ тайлагна гээд 30 хоногийн дотор надад мэдэгдэх байсан. Гэтэл мэдэгдээгүй.

Чингэлтэй дүүргийн акт нь тавигдаад манайх хүлээн зөвшөөрсөн. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст төлсөн 9 сая төгрөгийн татвар төлөлтөө Сүхбаатар дүүрэгт Татварын хэлтэст харьяалалтай байгаа Ү-22030******* дугаартай барилгын үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн гэж тооцуулах ёстой гэж үзэж байгаа. Монголын татварын алба нэг. Байршлын хувьд Сүхбаатар дүүрэгт тайлагнаагүй гэвэл зөвшөөрч байна. Сүхбаатар дүүрэгт 9 сая төгрөг төлсөн гэж үзвэл хугацааны алданги тавихгүй байсан. Чингэлтэй дүүрэгт хугацааны алданги гээд биднийг торгосон. Актаа тааруулах гээд Чингэлтэй дүүргийнхэн гараараа 9 сая төгрөгийг зассан. 1 үл хөдлөх хөрөнгийг 2 газраас шалгасан.  

2016 онд төлөх байсан 11 сая төгрөг дээр торгууль, алданги тавьчихаад байгаа. Татварын тухай хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг үнэлж байгаад дараа оны бүтэн жилд 4 хувааж төлнө гэж заасан гэсний дагуу манайх үнэлээд татварт бүртгүүлээд 2017 онд тайлангаа илгээгээд шалгагдаж байна гэсэн төлөвтэй байхад Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс шалгалт орсон. Хаана төлөх нь сонин биш татварт 1 үл хөдлөх хөрөнгөд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс торгочихоод байхад Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс давхар торгоод байна. 1 асуудлаар 2 газар торгож байгаа. Татварын тайлан хүлээж авах, хянан, нэгтгэл хийх журмын 4.2, 4.4 дахь заалтад цахимаар тайлан илгээх, 15 дахь хэсэгт нягтлан бодогч нь залруулга хийж болно гэж заасан. Журмын 5.2 дахь хэсэгт дараа оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл харьяа татварын албанд залруулга хийж болно гэж заасан. Томилолт 2013-2016 оны татварын ногдлыг шалга гэхэд 2017 оны татварыг шалгасан. 2017 онд төлөөд залруулгаа хийгээд 2018 онд төлөх хууль эрх зүйн боломж байхад заавал 2018 онд байгаа боломжит хугацаан дээр актыг өмнө нь тавих шаардлага байхгүй. Шалгалт орж дууссаны дараа маргаад байхад танай тайланг буцаасан гэдэг. 2 дүүрэг учраа олохгүй байгаагаас болж татвар төлөгч хохироод нэг асуудал дээр 2 удаа шийтгүүлж байгаа нь хууль ёсны, шударга ёсны зарчмыг зөрчөөд байна. Татварын шалгалтыг өмнөх оны татварт хийдэг болохоос тухайн оныхд орж шалгалт хийдэггүй. Энэ актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Н.А, Б.С нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С бид Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07/3391, иргэн Б.Ггийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гомдол, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 106******* регистрийн дугаартай “МҮЭХ” ОНБ-ын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ нарны зам гудамж, ******* тоот хаягт байрлах Ү-22030******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 252018240 дугаартай шийтгэлийн хуудас бичсэн. Холбогдогч 106******* регистрийн дугаартай “МҮЭХ” ОНБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Баянзүрх дүүргийн дугаар хороо Их монгол, байр 0 тоот хаягт оршин суух, ХД регистрийн дугаартай, Н овогтой Э******* нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...” гэж заасныг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд:

2016 онд 11,000,000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны өдрийн дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.” гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журнал, анхан шатны баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. Иймд 106******* регистрийн дугаартай “МҮЭХ” ОНБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Н овогтой Э*******гийн гаргасан 11,000,000.00 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэсэн. Үүнд: 106******* регистрийн дугаартай "МҮЭХ” ОНБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Н овогтой Э*******гийн гаргасан нийт 11,000,000.00 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн/ 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхэ байна” гэж заасныг үндэслэн 3,300,000.00 төгрөгийн торгууль, 1,722,100.0 төгрөгийн алданги нийт 5,072,100.00 /Таван сая далан хоёр мянга нэг зуу/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан. Уг шийдвэрийг тус байгууллага хүлээн зөвшөөрөөгүй. МҮЭХны гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Татварын улсын байцаагчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна гэж үзэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоолыг хэвээр баталсан болно” гэв.

Хариуцагч Н.А шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “Татварын баазад “МҮЭХ” ҮЭБ бүртгэлтэй байдаг. Татварын шалгалт “Монголын үйлдвэрчний холбоо” ҮЭБ-д хийгдсэн, татварын ногдол нь “Монголын үйлдвэрчний холбоо” ҮЭБ дээр гарч байгаа.

Маргаан таслах зөвлөлийн актад дурдсанаар Чингэлтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгийн татварын өр 2017 оны эхэнд 13 117 480 төгрөгийн дутуу үлдэгдэлтэй байсан. Мөн 2 сая 850 мянган төгрөгийн тухайн оны ногдол нь орсон. Маргаад байгаа 9 сая төгрөг нь хасагдаад оны эцэст 6 сая 967 мянга 428 төгрөгийн дутуу үлдэгдэлтэй байсан гэсэн тооцоолол бичигдсэн байна. 9 сая төгрөг нь Сүхбаатар дүүрэг дээр хасагдсан бол Чингэлтэй дүүрэгт хасаж тооцогдохгүй байсан. Сүхбаатар дүүрэгт хасагдаагүй байгаа учраас Чингэлтэй дүүрэгт 9 сая төгрөгийг хасаад үлдсэнд нь хугацааны хүү бодогдсон асуудал яригдаад байгаа. Давхардсан асуудал байхгүй. Чингэлтэй дүүргийн татварт төлөх байсан татварын өрөнд 9 сая төгрөг суутгасан нь зүйн хэрэг. Татвар төлөгч хугацаандаа тайлагнаж ногдуулах, ногдуулсан татвараа хугацаандаа төлөх ёстой. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 13 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан учраас төлсөн 9 сая төгрөг нь суутгагдсан.

9 сая төгрөгийн төлөлт дээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хугацааны алдангиас чөлөөлөгдөөд тооцогдсон. 9 сая төгрөгийн төлсөн тооцоолол манайд орж ирэхгүй учраас манайх хугацааны алданги зайлшгүй тавих шаардлага үүссэн.

Бид хоёрын тавьсан акт 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөөгүй зөрчлийнх. Акт 2018 онд бичигдсэн. Гэхдээ 2018 оны тайлан төлөлтийг хөндөөгүй. Акт зөвхөн 2016 оны ногдол дээр хугацаандаа төлөөгүй гэж бичигдсэн. 2018 онд 2017 оныг засах, залруулах эрх байдаг. 2018 онд 2016 оны татварын тайлангийн залруулга яригдахгүй. Залруулга хийгдэх хугацаа өнгөрчихсөн байсан. Манай программд байгууллагынхаа өрийг харах эрх нь татвар төлөгчид байгаа.” гэв.

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гарагсан нэмэлт тайлбартаа: “Гомдол гаргагч татвар төлөгчийн үүрэгтэй. Татварын хяналт шалгалт ортол татварын албанд тайлан илгээсэн гэж заргалдаад байдаг. Нягтлан бодогч нь ирж уулзаж байгаагүй. Би мэдэхгүй, шинэ нягтлан гэдэг. Татварын алба хүндэтгэлтэй хандсан. 2 талд хөрөнгө нь байж байхад нягтлан бодогч нь анхаарлаа хандуулаагүй, үүргээ биелүүлээгүй. Татвар төлөгчид программд хандах эрх нь байдаг. Чингэлтэй дүүргийн Татварын албаруу өөрөө төлөлт хийж байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д: “...“Монголын үйлдвэрчний эвлэл холбоо” ҮЭБ-д, харьяа Үйлдвэр үйлчилгээний төвд 2013-2016 оныг хамарсан томилолтоор татварын хяналт шалгалтын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Сүхбаатар дүүрэгт байрлах “А” зочид буудал буюу 1 үл хөдлөх хөрөнгийг 2016 оны татварыг хугацаандаа төлөөгүй байна гэж хугацааны алданги тавьсан. Гомдол гаргагчид Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд байсан. Чингэлтэй дүүрэгт тайлагнасан гээд байгаа одоо хариуцлага ногдуулаад байгаа үл хөдлөх хөрөнгө нь өмнө нь тэр газарт үл хөдлөх хөрөнгө байсан. Тэр үл хөдлөх хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн Татварын албанд бүртгэлтэй тайлангаа өгөөд татвараа төлөөд явдаг үл хөдлөх хөрөнгө байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг нураагаад оронд нь барьсан “А” зочид буудлыг барьсан. Нураагдсан үл хөдлөх хөрөнгийн холбогдох тооцоог дуусгаад шийдвэрлэсэн. Маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн 2016 оны татварын 9 сая төгрөгийг төлсөнөө “А” зочид буудлын татварт төлсөн гэдэг. Гэтэл энэ нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах татварын ногдолд төлөгдсөн гэдэг нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Өмнөх үл хөдлөх хөрөнгө нь Сүхбаатар дүүргийн Татварын албанд бүртгэлтэй байсан. Энэ үл хөдлөх хөрөнгөө нураагаад татвараа мөн Сүхбаатар дүүргийн татварын албанд тайлагнаад төлөөд явсан бол ийм маргаан гарахгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт зааснаар байцаагч нар шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2017 оны татварын өр төлбөр байгаагүй 9 сая төгрөг илүү төлөлтөөр харагдаж байсан тохиолдолд хэзээ төлсөн нь хүндэтгэн үзэх шалтгаан болох байсан. Татварын алба өртэй л байвал төлөгдсөн мөнгө нь өрөө суутгагдаад явдаг. Татварын улсын байцаагч нар нь Татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн хуудас бичсэн. 1 зөрчил, үнийн дүн дээр давхар торгоогүй. Тиймээс гомдлын шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлстийн татварын улсын байцаагч нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу “МҮЭХ” Үйлдвэрчний эвлэлийн байгууллага /цаашид ҮЭБ/-д 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаар шийтгэлийн хуудсаар 11,000,000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 3,300,000.00 төгрөгийн торгууль, 1,772,100.00 төгрөгийн алданги, нийт 5,072,100.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

“МҮЭХ” ҮЭБ-ийн итгэмжлэлээр тус холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал “татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 056 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр баталжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна.

Татварын хяналт шалгалт хийх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100020 дугаартай томилолтоор 106******* дугаар регистертэй “МҮЭХ” ҮЭБ-д 2013-2016 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийгээд татварын улсын байцаагч нар тус байгууллагын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/, Нарны зам гудамж, ******* тоот хаяг байрлах зочид буудлын зориулалттай 2475.18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, дээрх шийтгэлийн хуудсаар торгууль, алданги ногдуулжээ.     

“МҮЭХ” ҮЭБ нь 1995 онд байгуулагдсан, ашгийн төлөө бус, олон нийтийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх бөгөөд түүний харьяа Үйлдвэр үйлчилгээний төв нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй, “МҮЭХ” ҮЭБ-ын дүрмээр холбоо нь өөрийн өмчийн хүрээнд аж ахуй, үйлчилгээний нэгж, байгууллагуудыг байгуулан ажиллуулж болохоор, тэдгээрийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг тогтоохоор тусгасан, тус холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн дүрмээр энэ төв нь холбооны гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахад санхүү, хөрөнгө, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх зорилготой, зочид буудал, цайны газар, караоке, саун зэрэг үйлчилгээ үзүүлэх, ашиглагдахгүй байгаа эд хөрөнгийг түрээслэх, газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, холбооноос томилогддог захирал нь тус төвийн гүйцэтгэх удирдлага бөгөөд төвөө төлөөлдөг, төв нь дүрмийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, татварын тайлан гаргаж татвараа төлөх үүрэгтэйн дээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй, татварын тайлан гаргадаг байна.

Маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн зочид буудлын зориулалттай 2475.18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “МҮЭХ” ҮЭБ эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн[1], холбоо нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст харьяалагдан татвараа тайлагнадаг ч “МҮЭХ” ҮЭБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төв Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ Нарны зам гудамж, ******* тоот хаяг байрлах уг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 2018 оны 1 дүгээр сарын 22-нд хүсэлт[2] гарган 91 дугаартай бүртгэгдсэн[3] байдаг.

Татварын хяналт шалгалт “МҮЭХ” ҮЭБ-ын татварын ногдуулалт, төлөлтөд орсон ч татварын хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “МҮЭХ” ҮЭБ-ыг төлөөлөн харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Н.Э*******г оролцуулсан[4] тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг буруу тодорхойлсон гэж үзэхгүй.

Мөн шүүхэд гомдлыг “МҮЭХ” ҮЭБ-ын эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлээр харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал Н.Э******* гаргаж, мөн холбооны итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг  томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбоог төлөөлүүлсэн, энэ захиргааны хэргийн гомдол гаргагч нь “МҮЭХ” ҮЭБ бөгөөд үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой маргах эрх холбооны харьяа Үйлдвэр үйлчилгээний төвд итгэмжлэлээр үүсчээ.

“МҮЭХ” ҮЭБ-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн зочид буудлын зориулалттай 2475.18 м.кв талбай бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ Нарны зам гудамж, ******* тоот хаяг байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс гадна эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014432 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэгт байршилтай үйлчилгээний барилга, Ү-220200******* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэгт байршилтай оффис үйлчилгээний барилга, Ү-22020******* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэгт байршилтай барилгын хэсэг, Ү-22050******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэгт байршилтай барилга бүртгэлтэй[5] байна. Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020******* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг 2017 оны 9 дүгээр сарын -ны өдөр хаасан байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14230/ Нарны зам гудамж, ******* тоот хаяг байрлах зочид буудлын зориулалттай барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 20-нд улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулснаар 2014 онд 95 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн байсан барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлтийг бүртгэн гэрчилгээ олгожээ.

Өөрөөр хэлбэл барилгыг улсын комисс хүлээн авснаар эрхийн улсын бүртгэлд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн, ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөгч байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тайлагнаж, төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Уг зочид буудлын зориулалттай барилга баригдсан газарт өмнө байсан барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан ч үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст харьяалагдан тайлагнаж, татварын ногдол үүсч байсан, ийнхүү уг газарт 2015 онд ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны татварыг “МҮЭХ” ҮЭБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төв 2017 оны 02 дугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан, улмаар татварын улсын байцаагчид хуваарилагдсан ч “шалгаж байна” төлөвтэйгээр программд байсныг 2018 оны 10 дугаар сарын 16-нд татвар төлөгчид буцаасан[6], гэхдээ үүнээс өмнө 2018 оны 01 дүгээр сарын 22-нд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны татварыг “МҮЭХ” ҮЭБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төв 2018 оны 02 дугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан[7] байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй.

Тухайн үед үйлчилж байсан хуулиар буюу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд алдангийн хэмжээ нь төлөх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхэ байна, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувиар торгохоор заасан.

Гомдол гаргагч нь “эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны татвар 11,000,000 төгрөгөөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2017 онд тайлагнан,  үүнээс 9,000,000 төгрөгийг төлсөн байхад энэ татварын төлбөрийг Чингэлтэй дүүрэг үл хөдлөх хөрөнгийн татварын ногдлын өрөнд тооцон авсан нь буруу, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс хийсэн татварын хяналт шалгалтаар татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчилд торгууль, алданги тавьсан байхад Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй 1 зөрчилд давхардуулан торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс “МҮЭХ” ҮЭБ-ын 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 351831002 тоот шийтгэлийн хуудсаар 2016 онд тайлагнасан 4,117,428.80 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд нь 1,173,467.20 төгрөгийн торгууль, 633,672.20 төгрөгийн алданги ногдуулсан, зөрчлийн тэмдэглэл, актын хавсралтаас үзэхэд 2017 онд 9,004,572.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлснийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдлын өрөнд тооцон, 9,004,572.00 төгрөгийн төлөлтийг хассан үлдэгдэлд хугацаандаа төлөөгүйн торгууль, алдангийг тогтоосон[8], татвар төлөгч “МҮЭХ” ҮЭБ-ын харьяа Үйлдвэр үйлчилгээний төвийн захирал “танилцаж зөвшөөрсөн” хэмээн гарын үсэг зурсан, уг акттай маргаагүй байна.

Эндээс үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2017 онд төлсөн 9,004,572.00 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны албан татварын ногдолд тооцон хурааж, энэ дүнгээр хугацаандаа төлөөгүйн торгууль, алдангийг бууруулсан, өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс хугацааны алданги, торгууль тооцсон дүнд 9 сая төгрөгийн татварын ногдол ороогүй, төлөгдсөнөөр хасагдсан дүн байна.  

Хэрвээ 9 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст Ү-22030******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөлтөд тооцлоо гэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн татвар хугацаанд нь төлөөгүй зөрчил энэ дүнгээр бас л үүснэ, өөрөөр хэлбэл аль дүүргийн татварын хэлтэст төлснөөс үл хамаараад үл хөдлөх эд хөрөнгийн татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчлийн дүнгээс 9 сая төгрөгийн төлөлт хасагдсан тул нэг зөрчилд давхардуулан хугацаандаа төлөөгүйн хариуцлагыг ногдуулаагүй байна.   

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22030******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны татварыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2017 онд тайлагнасныг тус хэлтэс буцаах эсэхийг хугацаанд нь шийдээгүй гэх байдал нь Сүхбаатар дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй, татвар төлөгч 2018 онд нөхөн тайлагнаснаар 2016 оны татварын ногдол орсон тул зөвхөн хугацаандаа төлөөгүй зөрчилд хариуцлага хүлээлгэсэн, ийнхүү 2018 онд нөхөж тайлагнасан нь  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэг”-ээ биелүүлээгүйн хариуцлагаас чөлөөлөхгүй.

Шийтгэлийн хуудсын огноог зөрчлийн тэмдэглэл болон бусад баримтын огнооноос зөрүүтэй бичигдсэнийг, энэ бичиглэлийн алдаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа дүгнэсэн, тиймдээ ч шүүх шийтгэлийн хуудсын огноог зөвтгөж шийдвэрт бичсэн болно.   

Түүнчлэн уг барилгын суурин дээр өмнө байсан үл хөдлөх эд хөрөнгийг татвар ногдох хөрөнгийн бүртгэлээс хасаж, 2012 оны 2 дугаар улирлаас 2019 он хүртэлх татварын ногдлыг устгахаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/48 дугаартай тушаалаар шийдвэрлэсэн, нөгөө талаас энэ татварын ногдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан хугацааны алданги, торгууль хамаарахгүй, зөвхөн 2015 онд ашиглалтад орсон 11 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Ү-22030******* дугаартай 4275.18 м.кв талбайтай  А зочид буудлын барилгын үл хөдлөх хөрөнгийн 2016 оны 11 сая төгрөгийн татварт хамаарах тул “өмнөх татварын ногдол нь үндэслэлгүй” гэх гомдол энэ маргаанд хамаарахгүй.

Иймд татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай шийтгэлийн хуудсаар 2016 онд 11,000,000.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд хугацааны алданги болон хариуцлага болгон торгууль хүлээлгэсэн нь үндэслэлтэй, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1,  Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “МҮЭХ” ҮЭБ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХАЛИУНА

                     ШҮҮГЧ                                                 У.БАДАМСҮРЭН

                                                                                  Ц.МӨНХЗУЛ                        

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 217 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 72 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 143 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 70, 52-54, 59-60 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 198 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 148-149 дүгээр хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 21, 22 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 107-110, 113 дугаар хуудас