Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 155

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00121/И

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 932  дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-д холбогдох,

          “Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 21.000.000 төгрөг, алданги 10.500.000 төгрөг, нийт  31.500.000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,

          хариуцагчийн “гэрээнээс учирсан хохирол 42.500.000 төгрөг, хорны үнэ 2.430.000 төгрөг, нийт 44.930.000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бээжин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Шим ХХК-аас:

“Шим” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нийт 30.115.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан борлуулсан бөгөөд худалдан борлуулсан барааны үнийн 30 хувь буюу 9.115.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 70 хувь буюу 21.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцож 17 тоот гэрээг байгуулсан. Худалдан авагч тал нь гэрээнд заасан 30 хувьтай тэнцэх төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн ба үлдэгдэл төлбөрөөс төлбөр хийгээгүй байна. Манай байгууллагын зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч 2016 оны тариалалтаас төлнө гэх тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүргээд байна.

Иймд “Урсгал хүдэр” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10.500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-ийн захирал Б.Бээжингээс:

“Шим” ХХК нь манай компанитай 2015 онд хоёр компаний хийсэн гэрээний дагуу хорны үнийн үлдэгдэл төлбөр 21.000.000, алданги 10.500.000 нийт 31.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Спрут Экстра 1350 л, Форвард 45 л, Лорнет 40 литрийг авсан. Форвард 45 литрийг 50 га газартаа цацсан боловч мөлхөө хиаг устаагүй. Би “Шим” ХХК-ийн Ургамал хамгааллын шинэ бодисын жагсаалт, Арвин ургацын төлөө хамтдаа зэрэг гарын авлагад хорны талаар тодорхой тусгасан байсан тул харж байгаад авсан. Мөлхөө хиаг ургаж байгаа тохиолдолд тарьмал ургамал ургадаггүй. Ургац 100 хувь алдсан. Бусад хор буюу Спрут Экстра 1350 л, Лорнет 40 литрийн үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Спрут Экстраг цацсан боловч огт үйлчлэл үзүүлээгүй талаар утсаар хэлсэн. Буцаах боломжгүй гэсэн тул найз нөхөддөө өгөөд дуусгасан. Спрут Экстра 1350 л, Лорнет 40 литрийн үнэ 27.585.000 төгрөгнөөс урьдчилгаанд 9.115.000 төгрөгийг хасч үлдэх 18.470.000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-ийн захирал Б.Бээжин сөрөг нэхэмжлэлдээ:

Форвард хорыг 50 га талбайд цацсан боловч мөлхөө хиаг устгаагүй ургац алдсан. Олон жилийн дунджаас үзэхэд 1 га-гаас 10 цн ургац авч байсан тул тухайн үеийн дундаж үнэ 850.000 төгрөгөөр үржүүлэхэд 42.500.000  төгрөг болж байсан. Үүн дээр хорны үнэ 2.430.000 төгрөг нийт 44.930.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтанд тухайн үеийн дундаж хэмжээ 1 га-д 9 цн гэдэг нь тогтоогдож байгаа тул хорны үнэ ороод нийт 38.250.000 төгрөг болгож нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар доголдлын талаар шаардлага гаргаагүй, 254.6-д заасан шаардлага гаргах хугацаа хэтэрсэн, 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ шалган авах үүргээ биелүүлээгүй бөгөөд Форвард хорноос болж ургац алдсан нь тогтоогдохгүй, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 31.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, 38.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 315.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлийн Форвард МКЭ ургамал хамгааллын бодисын 45 литр буюу 2.430.000 төгрөгийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул төлбөрөөс хасагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэж байгаа боловч гэрээ байгуулах журам нөхцөл зөрчигдөж, үнийг бэлэн мөнгөөр болон бэлэн бусаар төлөх журмыг тусгаагүй, хүүгийн хэмжээ тусгагдаагүй байхад алданги тооцож байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.6 дахь заалтуудыг зөрчсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Шим” ХХК, хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10.500.000 төгрөг, нийт 31.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 31.500.000 төгрөгнөөс Лорнет, ВР хорны үнэ 3.420.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба сөрөг нэхэмжлэл гаргаж “Шим” ХХК-аас гэм хорын хохирол 42.500.000 төгрөг, форвард МКЭ-ийн үнэ 2.430.000 төгрөг нийт 44.930.000 төгрөг нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 38.250.000 төгрөг болгожээ. 

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Шим” ХХК-аас хариуцагч “Урсгал хүдэр” ХХК спрут экстра, форвард, лорнет ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

 Гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт хариуцагч тал 9.115.000 төгрөг төлсөн болон спрут экстра, лорнет ургамал хамгааллын бодисын чанарын талаар талууд маргаагүй болно.

Анхан шатны шүүх хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 27.705.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, 3.795.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 42.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо форвардын үнэ 2.340.000 төгрөг, алдангийг хасч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн байна.

Бодис анхлан шалган авах боломжгүй талбайд цацсны дараа үр дүн гардаг гэсэн хариуцагчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Зэлтэр” хоршооны тодорхойлолт /хх-40/, ажлын хэсгийн “Урсгал хүдэр” ХХК нь 2015 онд өөрийн эзэмшлийн 50 га талбайд тосны ургамал болох рапс тарьсан. Уг талбайд мөлхөө хиаг устгах зорилгоор форвард МКЭ хорыг холбогдох зааврын дагуу цацсан боловч мөлхөө хиаг нь үхээгүй...” гэсэн дүгнэлт /хх-39/  зэрэг баримтуудаар ургамал хамгааллын бодис форвард нь шаардлага хангасан бодис байсан гэж үзэх боломжгүй тул форвард бодисны үнэ 2.430.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэл болох хэргийн нөхцөл байдлаас үзэхэд форвард МКЭ хорны үйлчлэх байдлаас тариа ургаагүй гэсэн дээрх дүгнэлтээр 18.570.000 төгрөгийн алданги болох 9.285.000 төгрөгийн зарим хэсэг буюу 6.499.500 төгрөгийг хасч алданги 2.785.500 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.570.000 төгрөг, алданги 2.785.500 төгрөг, нийт 21.355.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 21.355.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, 10.144.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 35.820.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315.450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Урсгал хүдэр” ХХК-аас 264.727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Шим” ХХК-аас 53.830  төгрөг гаргуулж хариуцагчид олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, хариуцагчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                       ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                              С.ОЮУНЦЭЦЭГ