| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0348/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/325 |
| Огноо | 2017-08-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овгийн Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 201725031167 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овгийн Б.Э , 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаватрын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а-14з тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны орой Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н тэй хамт архи ууж байгаад маргалдаж улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн, прокурорын санал болгосон ялыг биелүүлнэ …” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тарчхаад хамт ажилладаг Гансүхийн гэрийн гадаа машин дотор Эрдэнэбаяр, Гансүх бид гурав 0.75 л нэг шил Соёрхол, 0.5 л нэг шил Соёрхол нийт хоёр шил архи хувааж уусан юм. Тэгээд би тасарчихсан байсан болохоор юу болсныг мэдэхгүй, Гансүх, Эрдэнэбаяр хоёр гэрт хүргэж өгсөн гэсэн. Гансүхийн хэлж байгаагаар би Эрдэнэбаяртай маргалдаад Эрдэнэбаяр миний эрүү рүү цохисон гэж хэлсэн юм. Өөр зүйл санахгүй байна. Гарсан эмчилгээний зардлаа төлүүлж авмаар байна. Өөр санал гомдол байхгүй ээ...” гэжээ /хх-20-21/.
Гэрч Б.Гансүх мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нэргүй, Эрдэнэбаяр бид гурав ажлаа тараад 18.00-19.00 цагийн үед Бүрд худалдааны төвөөс 0.5 литрийн 2 ширхэг Соёрхол нэртэй архи аваад Хайлаастад манай гэрт очиж хувааж уусан. Тэгээд Нэргүй Эрдэнэбаярыг чи бол Хайлаастад сураггүй энэ тэр гээд маргалдаад байхаар нь би гэр гэрт нь хүргэж өгөх гээд зам руу яваад такси бариад Хайлаастын хуучин эцэст байдаг Нэргүйн гэрийн гадаа очсон. Нэргүй машинаас буугаад хойгуур нь явж очоод Эрдэнэбаярыг машинаас татаж буулгаад Нэргүй Эрдэнэбаярын элэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл Эрдэнэбаяр зөрүүлээд Нэргүйн нүүр орчимд нь гараараа нэг удаа цохитол газар унаад, би очоод хартал Нэргүйн хамраас цус гарчихсан байхаар нь түүнийг нь цэвэрлэж өгөөд Нэргүйг гэрт нь оруулж өгөөд Эрдэнэбаяр бид хоёр явсан. Ийм л асуудал болсон...” гэжээ /хх 24-26/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6952 дугаар дүгнэлтэд:
“1, 2. С.Н н биед эрүүний ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3, 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4,6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-28/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30-31/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44/, прокурорын эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан санал зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны орой Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н тэй хамт архи ууж байгаад маргалдаж улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч С.Н нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН